CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

“Тэнгисийн торгоны зам”-ын эхлэл цэг Нинбүө хот

04-07-2016 13:30

 

Нинбүө бол БНХАУ-ын Жэжян мужийн хамгийн том тэнгисийн боомт, Хөх мөрний гурвалжин хойгийн өмнөд жигүүрийн эдийн засгийн төв, химийн хүнд аж үйлдвэрийн бааз, далайг түшиглэж хөгжсөн, мужийн зэрэглэлийн томоохон хот юм. Хятадын Зүүн тэнгисийн хөвөөн дэх Юү-Яо, Фэнхуа хоёр мөрний бэлчирт байдаг тус хотын дундуур Юн мөрөн урсдаг тул Нинбүөг “Юн” хэмээн товчлон нэрлэдэг.

Нинбүө хот 9816 ам дөрвөлжин км талбайтай, 2015 оны бүртгэлээр 7 сая 825 мянган хүн амтай. Шяншань, Нинхай хэмээх хоёр шянь, Юү-Яо, Циши, Фэнхуа зэрэг шяний зэрэглэлийн дагуул хоттой. Хайшү, Жяндүн, Жянбэй, Жэньхай, Бэйлүнь, Иньжөү 6 дүүрэгтэй. Хотын далайн нийт талбай 8232.9 ам дөрвөлжин км, тэнгисийн эргийн урт 1594.4 км, 614 жижиг аралтай бөгөөд нийт талбай нь 262.9 ам дөрвөлжин км юм.

Нинбүө боомт байгалийн өвөрмөц нөхцөлтэй. Бэйлүнь боомтын бүсэд ус 30-100 метр гүн, 200-300 мянган тоннын даацтай том оврын усан онгоц зогсох шаардлага хангасан. Газрын байц их тохиромжтой. Тэнгисийн эрэг, Хөх мөрний урсгал дагуу “Т” хэлбэрийн бүсэд байрладаг. Хойд талаараа Жөүшань арлуудаар хүрээлэгдсэн тул салхи бороо багатай, бага хөрөнгө оруулалтаар өндөр үр ашигтай ажиллах боломжтой.


Тус боомтод усан онгоцны 309 зогсоол байдгаас 60 нь 10 мянгаас дээш тоннын даацтай. Хамгийн том нь 250 мянган тоннын даац бүхий газрын тос буулгах зогсоол, 200 мянган тоннын даацтай хүдэр буулгах зогсоол, төрөл бүрийн чингэлэг ачиж буулгаж зогсоол, 50 мянган тоннын даацтай шингэн бодис зөөвөрлөх зогсоол зэрэг бий. Тус боомт дэлхийн 100 гаруй орон, бүс нутгийн 600 гаруй боомттой хамтран ажилладаг.  
  
“Тэнгисийн торгоны зам”-ын эхлэлийн цэг Нинбүө хот урт удаан жилийн түүх соёлтой. Тэнд 7000 гаруй жилийн тэртээ хүн аж төрж, Хэмудугийн соёл иргэншлийг бий болгожээ. “Хятадын үндэстнүүдийн соёлын өлгий” гэгдсэн Хэмудугийн соёлын үеийн эртний хот Хөх мөрний доод урсгалаас олдсон. Тэнд шинэ чулуун зэвсгийн үеийн бууц суурин бий. Тэндээс олон янзын цагаан будааны үлдэгдэл, мянга мянгаар тоологдох нарийн хийц, хээтэй ваар шаазан эдлэл, ясан зэвсэг олджээ. Тэндээс олдсон таримал цагаан будаа одоо мэдэгдэж буй хүний хүчээр тарьж ургуулсан хамгийн эртний ургац юм. Хэмудугийн эртний балгасны туурийг 1973 оноос малтаж эхэлсэн бөгөөд энэ судалгаа хүмүүсийн түүхийн тухай ойлголтыг өөрчилж чадсан юм.

Нинбүө хот 1200 гаруй жилийн тэртээгээс усан боомтын үүрэг гүйцэтгэжээ. 752 онд Японоос Тан улсад айлчилсан гурван усан онгоц тус боомтод газардсанаар Нинбүөг худалдааны боомт болсон гэж албан ёсоор тооцдог. Нинбүө Тан улсын үед Япон, Өмнөд Азийн орнуудтай худалдаа эрхлэх гол боомт байсан. Сүн улсын үед тэр үеийн гадаад худалдааны гурван чухал боомтын нэг, усан онгоц үйлдвэрлэх бааз байжээ.

Хятадын худалдаачид тус боомтоос хөдөлж, Хятад Японы хооронд гурван жилд нэг удаа ирж очдог байв. Мөн дэлхийн олон оронтой худалдаа хийж, Хятадын торго дурдан, ваар шаазан, судар бичиг, бурхны хөрөг, ном зохиол, эм бэлдмэлийг гадаадад гаргаж, чацаргана, гууль, хүн орхоодой, эмийн ургамал, үнэт эдлэл, зааны яс, хирсийн эвэр зэрэг эд эрдэнээр сольж, орон нутагтаа борлуулдаг байлаа.

Нинбүө Тан, Сүн, Юань гүрний үед Хятадын гадаадад нээлттэй гурван том боомтын нэг, хар тамхины дайны дараа “худалдаа эрхлэх таван боомт”-ын нэг болсон. Нинбүө БНХАУ-ын хамгийн анх гадаадад нээлттэй болгосон худалдааны бүс бөгөөд Шанхайн боомтоос 20 жилийн өмнө нээлттэй болсон боомт юм. 

Нинбүө бол үе үеийн алдартнуудын өлгий нутаг юм. Нобелийн шагналт эм зүйч Тү Юү-Юү энэ нутгийн уугуул. Тэр хумхаа өвчний эм бүтээснээр олон сая хүний амь насыг аварсан юм. Түүхэнд алдартай хүмүүсээс дурдвал: Тан улсыг үүсгэн байгуулагч, Тангийн эхэн үеийн 4 том уран бичээчийн нэг Юү Шинань, гүн ухаантан Ван Шөүрэнь, “Мингийн Күнзийн сурталтнууд” номыг зохиосон Хуан Зүнши, “Мингийн түүх” номыг хянан тохиолдуулсан Вань Ситүн, Бээжин дуурийн мастер Жүө Шиньфан, Хятад зургийн мастер Пань Тяньшүө, Орчин үеийн уран бичлэгийг үндэслэгч Ша Мэнхай зэрэг олон хүн бий.

Түүхэнд Нинбүө хот худалдааны чухал боомтоос гадна Хятадын эрдэм шинжилгээ, соёлын төв, гадаадтай эдийн засаг, соёлын харилцаатай гол суурин байсан юм. Эртнээс өнөөг хүртэл олон салбарын боловсон хүчин Нинбүө нутгийн эдийн засаг, соёлын хөгжил, нийгмийн соёл иргэншлийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.
 
Нинбүө хотын иргэд хоолны өвөрмөц соёлтой. Тэнгисийн хөвөөнд оршдог болохоор оршин суугчид нь далайн хүнс их хэрэглэнэ. Энэ нутгийн далайн зууш амттай, тэжээл ихтэй. Загас, наймаалж, хавч, сам хорхой, хясаа, далайн байцай зэрэг далайн зууш төрөл төрлөөрөө байна. Хатаасан сам, шарсан загас, хатаасан замаг нь алдартай. Нинбүө нутгийн хүмүүс нутгийнхаа хүнс, далайн зуушаа анд найз, ах дүүдээ бэлэг болгон өгдөг заншилтай. Нинбүөгийн хоолыг “Юн нутгийн ногоо” гэж нэрлэдэг. Далайн зуушаа жигнэх, шарах, чанаж иддэг. Хятадын умард нутгийн хүмүүс голцуу банш иддэг бол Нинбүө нутгийнхан ихэвчлэн Тан-Юань буюу өлзий боов иддэг. Амтат зуушнаас гадна жимсээрээ алдартай. Нинбүөгийн Юү-Яо нутгийн гүзээлзэнэ, Фэнхуа нутгийн тоор маш амттай.

Тэнгисийн торгоны зам эртний Хятадын дэлхийн бусад оронтой харилцах зам шугам, өрнө дорнын эдийн засаг, харилцааны чухал гүүр болж ирсэн. 2013 онд Хятадын нам төрийн удирдагчид “Торгоны замын эдийн засгийн бүс”, “21-р зууны тэнгисийн торгоны зам” стратеги боловсруулж, эртний тэнгисийн торгоны замд шинэ утга агуулга нэмж, энх тайван, хамтын ажиллагаа, найрамдлын энэхүү замыг орчин үеийн эдийн засгийн чухал ач холбогдолтой зам болгосон.

Нинбүө хот тэнгисийн торгоны замаар дэлхийн олон орон, бүс нутагтай харилцаа холбоо тогтоож, гадны олон соёлыг өөртөө шингээж, эрчимтэй хөгжиж байна. Урт удаан түүхэнд тохиосон янз бүрийн дайны хөл, түүхийн элдэв нугачааг туулсан Нинбүө хот буурч доройтолгүй харин сэргэн хөгжиж, эртний боомт хотоос орчин үеийн шинэ боомт хот болон хөгжиж чадсан юм. Ийнхүү мянга гаруй жилийн түүхтэй Нинбүө боомт нээлттэй хаалганы бодлогын үр шимээр орчин үеийн, олон улсын тэнгисийн боомт болон хөгжиж байна. 

                                          До.Болдхуяг


 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100