"Мөрөөдлийн од", "Ирээдүйн од" тэтгэлэг олгох ёслол болов
04-05-2016 16:00
Монгол Хятадын Хэл соёл, боловсролын сангаас санаачилж, Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ын Күнзийн институтын хамтран зохион байгуулсан, МУ-ын хятад хэл сурдаг сурагчдад "Мөрөөдлийн од" , "Ирээдүйн од" тэтгэлэг олгох арга хэмжээ 4-р сарын 1-нд Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар болж өнгөрлөө.
Энэ тэтгэлгийн арга хэмжээг жил бүрийн хавар намрын улиралд хоёр удаа тогтмол зохион байгуулж байна. "Мөрөөдлийн од" тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр МУ-ын хятад хэлний хичээл ордог бүх сургуулийн онц сурлагатай, хятадын соёлд дуртай, хятад хэлний тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог сурагчдыг бага, дунд, ахлах анги гэж хуваан тодорхой хэмжээний тэтгэлэг олгож байгаа юм.
"Ирээдүйн од" тэтгэлэгт хөтөлбөр нь МУ-ын хятад хэлний хичээл ордог улсын сургуулиудаас ар гэрийн боломж тааруу, өрхийн жилийн орлого доогуур, онц сурлагатай, дүнгээрээ дээгүүр ордог сурагчдыг бага, дунд, ахлах гэсэн хэсэгт хувааж тодорхой хэмжээний тэтгэмж дэмжлэг үзүүлдэг юм.
Энэ жил 3-р сарын 13-ны өдөр нэгдсэн шалгалт авсан бөгөөд нийт 269 сурагч оролцож, "Мөрөөдлийн од" хөтөлбөрт 30 сурагч, "Ирээдүйн од" хөтөлбөрт 7 сурагч шалгарсан байна. Мөн Хүслийн өргөө сургууль болон тухайн дүүргийн Боловсролын хэлтсээс санал болгосны дагуу нэг сурагчид 2000 юаний тусгай тэтгэмж олгосон байна.
Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх явцад Хятад Монголын олон компани аж ахуйн нэгж, хувь хүмүүс туслалцаа үзүүлсэн байна. Мөн БНХАУ-ын хятад хэлний сайн дурын багш нар шалгалтын өмнөх сургалт зохион байгуулж, бүртгэл, шалгалт зэрэг олон ажлыг гүйцэтгэсэн юм байна.
Тэтгэлэг олгох арга хэмжээг Монгол Хятадын Хэл соёл, боловсролын сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, МУИС-ын Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жүньли даргалж, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй оролцож үг хэлэн шагнал гардуулсан байна. Мөн хандив туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тэтгэлэг хүртсэн сурагчдын төлөөлөл, аав ээжүүдийн төлөөлөл тус тус үг хэлсэн бөгөөд Монгол Хятадын Хэл соёл, боловсролын сангийн Удирдах зөвлөлийн дарга, Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч Дай Шинжүнь дүгнэн үг хэлсэн байна.
Арга хэмжээнд тэтгэлэг авсан сурагчид, тэдний аав ээж нар, сургуулийнх нь удирдлага багш нар, хандив туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн сэтгүүлчид нийт 100 гаруй хүн оролцлоо.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn