"Дарханы хөгжил олон улсын эдийн засгийн форум" болов
04-01-2016 10:22
"Дарханы хөгжил олон улсын эдийн засгийн форум-2016" 3-р сарын 28, 29-нд Дархан-Уул аймагт амжилттай болж өнгөрлөө. МУ, БНХАУ, ОХУ-ын төлөөлөл, зочид форумд оролцож, Дархан-Уул аймгийн хөгжлийн талаар санал бодлоо солилцож, хөрөнгө оруулж хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилгаар зохион байгуулсан энэ форумыг тус аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнбат нээж, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дамжуулсан юм. Форумд Дархан-Уул аймгийн засаг дарга А.Энхболд "Дархан хотын хөгжлийн ирээдүй", МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Хөрөнгө оруулалтын орчин түүнийг сайжруулах арга зам", МУ-ын гавьяат барилгачин Я.Шархүү Дархан хотыг "Жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө", Гудамж төслийн төлөвлөлт судалгааны албаны дарга Ө.Мөнгөнсарнай "Гудамж төсөл", Дарханы үйлдвэр технологийн паркийн захирал Ц.Давааням "Үйлдвэр технологийн паркийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил", Поликом компанийн захирал Ц.Ламжав "Монгол малын мах сүүний үр ашгийг дээшлүүлэх тухай", эдийн засагч Д.Жаргалсайхан " Сорилт ба сөрөлт" зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөл, МУ-дахь ӨМ-ын Хөрөнгө оруулагчдын холбооны дарга Л.Баатар, ОХУ-ын Буриад Улсын төлөөлөл тус тус мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, форумд амжилт хүссэн байна.
Талууд хоёр хоногийн яриа хэлэлцээгээр хамтран ажиллаж хөрөнгө оруулах тухай олон тохиролцоонд хүрч, санамж бичиг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Форумын төгсгөлд Дархан-Уул аймаг бэсрэг наадам зохион байгуулж, хоёр хөршийнхөө зочдыг үдэн мордуулсан байна.
Дархан-Уул аймаг МУ-ын хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327,5 мянган га газар нутагтай. Нийт 97,5 мянган хүн амтай. Аймгийн төв Дархан хот нь МУ-ын томоохон аж үйлдвэрийн төв бөгөөд дэд бүтэц хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог юм.
Дархан-Уул аймаг нь БНХАУ-ын Жилинь муж, ӨМӨЗО-ны Түнляо хот, ОХУ-ын Буриад Улсын Улан-Үд хот, БНУнгар Улсын Капошар хот, ХБНГУ-ын Цайц хот, Дани Улсын Хилерод хот, АНУ-ын Техас мужийн Өирвинг хот, Канад Улсын Режина хот, БНСУ-ын Пусан, Кёнги аймгуудтай ах дүүгийн болон шууд харилцаатай ажилладаг юм байна.
Хятадын Олон Улсын радиогийн сурвалжлагч М.Цэцэн