CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

ТӨЗО-ны эдийн засгийн төлөв байдал

03-30-2016 13:52

 

 

Аж үйлдвэр

Урьд цагт Түвдэд зөвхөн түвд хивс, цэмбэ, алаг хормойвч, түвд гутал, үндсэн аяга хийдэг уламжлалт гар үйлдвэрлэл байснаас биш орчин үеийн аж үйлдвэр ер байгаагүй юм. 1959 оны ардчилсан өөрчлөлтөөс хойш, Түвдэд аж үйлдвэр хөгжүүлж эхэлжээ. Одоо хөдөлгүүр, металлурги, нүүрс, механик, химийн аж үйлдвэр, барилгын материал, ойн аж үйлдвэр, түлш, хуванцар нэхмэл, хүнсний бүтээгдэхүүн, арьс шир, цаасны аж үйлдвэр хөгжиж байна. Тэдгээрийн дийлэнх нь жижиг аж ахуйн нэгж бөгөөд ихэвчлэн Лхас, Линьжи, Шигаз хотод үйл ажилгаа явуулна. Түвдэд орчин үеийн худалдаа, аялал жуулчлал, шуудан, хүнсний үйлчилгээ, IT зэрэг цоо шинэ аж үйлдвэрүүд маш түргэн хөгжиж байна.

Хөдөө аж ахуй

Түвдийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл мал аж ахуйг гол болгож, тариаланг мал аж ахуйтай хослуулан хөгжүүлдэг. Өндөрлөг нутгийн өвөрмөц онцлог бүхий аж ахуй бөгөөд орон нутгийн ялгаа ихтэй. Түвдийн газар тариалан байгалийн нөхцөл харьцангуй сайн Хэгү нутагт төвлөрнө. Хялбар аргаар тарьдаг бөгөөд голдуу хөх тариа, улаан буудай, тослог таримал, вандуй, буурцаг, бага хэмжээний тутарга, эрдэнэ шиш тарина. Эдгээрээс хөх тариаг хамгийн ихээр тариалдаг. Учир нь хөх тариа хүйтэнд тэсвэртэй, өндөр газар тарихад нэн тохиромжтой ургамал юм.

Мал аж ахуй

Мал аж ахуй бол Түвдийн хөдөө аж ахуйн эдийн засгийн гол цогц бөгөөд үйлдвэрлэлийн өнө удаан жилийн түүхтэй, хөгжлийн нөөц ихтэй аж ахуй юм. Түвдийн өөртөө засах орон 82 сая га бэлчээртэй, үүнээс 56 сая гаруй га газрыг ашиглаж болох бөгөөд бүх Хятадын бэлчээрийн бараг тавны нэг хувийг эзлэх Хятадын 5 том мал аж ахуйн бүсийн нэг юм. Мал аж ахуйн бүсийн өвс ургамлын төрөл зүйл олон, 90 хувиас дээших нь өндөрлөгийн өвс ургамал болохоор шимтэй. Түвдийн мал аж ахуйн бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 60 хувийг эзэлдэг. Түвдэд голлон сарлаг маллах бөгөөд хонь, ямаа бас бий. Сарлаг бол өндөрлөг нутгийн хүйтэнд өлчир, сэрүүн сийрэг амьсгалд зохицсон мал. Түвд хонь, ямаа маш өлчир, ган зудад тэсвэртэй, эдийн засгийн үр ашиг ихтэй өргөн уудам нутагт тархсан түргэн өсдөг мал юм.

 

 Ойн аж ахуй

Түвдийн ой модны бүрхэвч 6 сая 300 мянган га буюу өөртөө засах орны нутаг дэвсгэрийн 5 хувийг эзэлнэ. Энэ нь Хятад улсын дундаж хэмжээнээс хамаагүй бага үзүүлэлт юм. Гэвч Түвдийн модон материалын хадгаламж тэрбум 400 сая шоо метр буюу бүх Хятадад хоёрт ордог. Түвдийн ой модны эх баялаг Ялуусамбуу мөрний дунд, доод урсгал, Шаньнань болон зүүн хэсгийн хавцал хавиар төвлөрсөн эртний ой тайга юм. Голдуу гацуур, жодоо модтой бөгөөд маш хурдан ургана. Түвдэд экологийн байгуулалтыг ихэд чухалчилж, 18 газрыг улс, мужийн хэмжээний дархан цаазтай бүс болгосон нь Түвдийн нутаг дэвсгэрийн 33.9 хувийг эзэлж байна. Энэ нь Түвдийн экологийн эмзэг орчин, хот хөдөөгийн аж амьдралын орчин ахуйг сайтар хамгаалж чадсан байна. Одоо Түвдийн экологи үндсэндээ сэргэж Хятадын хүрээлэн буй орчны үлгэр жишээ бүс нутаг болсон байна.


Д.Гүнтөмөр

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100