“Төгрөг тавь”
03-30-2016 14:42
“Хөлгүй хүнийг харах хүртлээ би гуталгүйдээ гутардаг байлаа”... Энэ үгийг бодсоор “Төгрөг тавин мөнгө”-тэй уулзав. Бидний хэд нь өнөөдөр гуталгүй, мөнгөгүй, ажилгүй гэх мэт ямар нэгэн шалтгаан олж, түүндээ гутарч яваа бол... Хүсвэл, хичээвэл хүн оргүй хоосноос ч амьдрал босгож болохыг, амьд байна гэдэг өөрөө хамгийн том боломж гэдгийг “Төгрөг тавь”-ийн түүх өгүүлнэ.
Есөн настай жаахан охин кино театраас гарч явахдаа сониучхан зандаа хөтлөгдөн вагоноос зүүгдээд, даашинз нь дугуйнд орооцолдон, хөлөө тасрахыг харсан. Түүнээс хойшхийг тэр санадаггүй. Анхны бөгөөд сүүлчийн удаа вагонд зүүгдсэн нь энэ. Ийн хоёр хөлөө үүрд алдаж, дахин олж хараагүй. Уртаас урт тосны вагоны тэг голоос нь зүүгдсэн учраас юу үлдэнэ ч гэж найдах вэ дээ. Харин ч амьд үлдсэндээ тэр баярладаг. Гурван сар хэртэй эмнэлгээр гэр хийж, дөрвөн жилийн дараа л хөлөө орлох зүйлтэй болсон нь ОХУ-д үйлдвэрлэсэн хиймэл хөл. Энэ хөлтэйгээ найман жил амьдарсан. Түүнээс хойш тэрбээр нийт долоон удаа хөлөө сольжээ. Гэхдээ тэр хэзээ ч хөлгүйдээ гутарч байгаагүй. Үеийнхэн нь түүний хөлөө арайхийн зөрүүлэхийг хараад “Төгрөг тавь, төгрөг тавь” гээд хочилчихсон. Хожим л энэ нэрийнхээ учрыг ойлгосон юм гэнэ лээ. Уг нь түүнийг Б.Ариунтуяа гэдэг.
Нов ногоон зүлгэн дээр гишгэх, урсаж буй усанд хөлөө дүрээд суухын жаргалыг тэр тэвчээр, хатуужлаар сольчихсон юм шиг надад санагдсан. Амьдрал түүнээс үнэтэй зүйлийг нь авсныхаа төлөө хүн бүрт байдаггүй тэр чанарыг өгсөн ч юм шиг. Түүнд хийж үзээгүй ажил гэж бараг үгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийн цехэд ажиллан, дараа нь ОХУ, БНХАУ руу явж, наймаа хийн, авчирсан бараагаа Сэлэнгэ аймгийнхаа захад борлуулна. Хөлгүй байтугай хөлтэй хүнд ч ахадмаар энэ ажлыг хийхдээ тэр нэг ч удаа шантраагүй. Үгүй ээ, ерөөсөө л түүний үгийн санд ийм үг байхгүй. Харин бараагаа алдаад, юу ч үгүй болохдоо хотод шилжиж иржээ. Өөрөө ширхгийн тамхи, чихэр зарж, алгын чинээхэн хүү нь харин зар мэдээ сонин борлуулна. Ийн явахдаа хүү нь хаяг тогтооход очин, Дэлхийн зөнгийнхөнтэй танилцаж, ээжийгээ ажилтай болгосон нь Дэлхийн зөнгийн Эцэг, эхчүүдийн орлого нэмэгдүүлэх төвд эсгий урлал хийх. Ийн ажилласаар хоёр жилийн өмнөөс хувиараа ажиллах болжээ. Ээжийнх нь бие муудсанаар одоо ажлаа хийхгүй байгаа юм билээ.
-Хөлтэй байсан бол гэж бодох үе байдаг уу?
-Заримдаа л. 30-аад жил хиймэл хөлтэй явлаа. Гэхдээ хэзээ ч хөлөө алдсандаа харамсаж байгаагүй. Тэр тухай боддог ч үгүй. Миний л буруу юм чинь. Нэгэнт л хөлгүй болсноос хойш харамсаж суугаад юу хийх вэ. Тэгээд ч амьдралын төлөө яваад, тэр тухай бодох зав олдоогүй юм. Хөлтэй байсан бол гүйх юмсан л гэж боддог. Энэ муу таяг, хиймэл хөлтэйгөө болж л байна. Удаан явбал холгоно, чийг татна. Тэглээ гээд суултай нь биш, явна даа. Харин сүүлийн үед л дүү нартайгаа муудахаараа жаахан цухалдах гээд байгаа. “Та нар хөлгүй надаас дор явлаа” гэж загнана. Арга ядахаараа “Алийн болгон аниагаа гэх вэ. Аниа нь сөхрөх нь байна шүү” гэж хэлнэ. Мөнгө олдвол эгч нь ойрын хугацаанд гудамжинд чихэр, печень, кофе ширхгээр зарах санаатай. Гэхдээ газар олдохгүй байна. Хүмүүс чинь газар өмчилчихөөд, хөөнө. Ая талыг нь олохгүй бол болохгүй. Амьдрах гэж ядаж байгаа юм чинь аргагүй дээ.
Тэр хоёр дүү, нэг ахтай, хөлгүй биендээ ахадмаар хүнд ачаа үүрч яваа. Хоёр дүүгээ, тэдний хүүхдүүдийг, 70 нас гарсан ээжийгээ тэжээдэг. Багадаа өөрийгөө асруулах гээд дүү нараа сургуулиас нь гаргачихсан болохоор тэр тэдэнд өртэй мэт санаж, өмнөөс нь бүгдийг нь хийсээр муу зан сургасан нь энэ. Нэг дүү нь жилийн өмнө барилгын компанид ажилд орж, овоо дэмтэй байсан ч компани нь цалингаа тавихаа больжээ. Харин хүү нь микро автобусанд кондуктор хийдэг.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Байшинтай, хүүгээ машинтай болох. Эгчийнх нь мөрөөдөл удахгүй биелэнэ. Банк санхүүгийн байгууллагаас хашаагаа барьцаалан, зээл авч, хүүгээ микро автобустай болгох гэж байгаа. Банк санхүүгийн байгууллага олон газраар явуулахгүй, зээл авахад амар байдаг юм.
Хүүгийнх нь аав хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй, дүлий хүн байж. Сайхан сэтгэл гэдэг хэлгүй хүмүүс ярьж, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл юм гэнэ лээ. Тэдэнд ойлголцож чадахгүйн зовлон байгаагүй ч хамт амьдрах хувь дутсан. Олон жилийн дараа л бурхан болсныг нь мэджээ.
1993 онд хүүгээ хийсвэрээр гаргахад эмч нар асуулгүйгээр савыг нь хаачихсан юм билээ. “Тахир дутуу хүн эмнэлгийн орон дээр хэвтэхээс эхлээд хэцүү учраас аргагүй байсан биз дээ” гэж тэднийг зөвтгөсөн. “Охинтой байсан бол гээд хааяа боддог. Эрэгтэй хүүхэд ч бас хатуу байх юм” гээд тэр санаа алдав.
-Алхаж байна гэж хэр олон зүүдэлдэг вэ. Сэрээд нөгөө л хэвэндээ байгааг харахад хэцүү байдаг байх даа?
-Бага байхад олон зүүдэлсээн. Сэрээд уйлдаг байсан. Одоо бол “Би хөлтэй нэгнээс дутахгүй сайхан амьдрах нь ээ” гэж бэлгэшээдэг болсон. Сайхан ч амьдарч байна. Магадгүй би хөлөө алдсанаараа амьдралыг арай илүү мэдэрсэн байх.
-Ямар улиралд дуртай вэ?
-Зуны улиралд.
Учир нь хөлөө алдсанаас хойш түүнд цаснаар явах шиг хэцүү зүйл байхгүй болсон. Магадгүй тэр хар өдрөөс өмнө намрын анхны цасыг хүлээдэг байсан ч байж мэднэ.
-Эсгий урлалаараа сард хэдий орчим төгрөг олдог вэ. Амьдрал ахуйд тань хүрэлцэх юм уу?
-Сард халамжийн мөнгө гэж 270 мянган төгрөг авдаг. Өвөл бол түлээндээ л таарна. Хүрэхгүй ч гэсэн болгодог. Эсгий урлалын бүтэгдэхүүн хийж, сардаа 500-600 мянган төгрөг олно. Гэхдээ тогтмол биш. Заримдаа огт зарагдахгүй үе ч байна. Миний хийсэн улавч, цүнх, бэлэг дурсгалын зүйлсийг зарж өгдөг хүн бий. Ноосоо захаас авч, самнан, боловсруулахаас миний ажил эхэлдэг. Гар аргаар хийсэн эсгий дулаахан, чийг татдаггүй. Гучин хэдтэй байхдаа тоодоггүй байлаа. Одоо ч нуруу, хүзүү өвдөхөөс эхлээд хэцүү болж байна.
-Аз жаргалыг юугаар төсөөлдөг вэ?
-Гэр бүл. Хэчнээн зовж байсан ч хүүхдийнхээ хажууд байх л аз жаргал. Миний муу хүү ээжийгээ зовоогоогүй. Сургуулийг нь төгсгөж чадаагүйдээ өөртөө жаахан гомддог. Нийгэм улам бүр л хэцүү болж байна. Хүү минь ганцаараа яана даа л гэж бодох юм. Манай хүү эрх, дураараа. Гэхдээ зөв эрх шүү. Архи амсдаггүй. Би багаас нь архи ууж болохгүй гэж сургасан. Гадуур хөл, гар муутай хүмүүс архи уугаад явахыг хараад гайхдаг. Хөлгүй байж болно, амьдралгүй байж болохгүй.
Хүү нь долдугаар ангиасаа сургуулиасаа гарч, ажил хийх болж. Сургууль соёлтой болгоё гэж боддог ч эрт сургуулиасаа гарсан болохоор сурах хүсэлгүй байдаг бололтой.
-Та үргэлж инээх юм. Осолд орсныгоо хэлэхдээ ч тэр инээгээд л ярьсан. Ер нь гунигладаг уу?
-Дөч гараад л жаахан гунигладаг болж дээ. Би чинь ээжийгээ дуурайсан их хэнэггүй хүн байхгүй юу. Мөнгө өгдөггүй, дээрээс нь удаан ордог болохоор автобус хаяад явчихна. Үүнд л хааяа эмзэглэдэг.
Энэхэн амьдрал, орчин тойронд маань үүсэх сүүдэртэй талууд үнэн хэрэгтээ биднээс цацрах тэр л гэрэл гэгээний хэмжээнээс хамаардаг юм гэнэ лээ. Яаж түүн шиг бүх зүйлд сэтгэл хангалуун байж, гэрэлтэж сурах вэ...
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ