Путин Ван И сайдыг хүлээн авч уулзав
03-13-2016 15:38
2016 оны 3-р сарын 11-нд, Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус орнод айлчилж буй БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзсан байна.
Путин юуны өмнө Ши Жиньпин даргад дотно мэндчилгээ дамжуулахыг Ван И сайдад хүсээд, Орос Хятадын харилцаа урагштай хөгжиж байгааг өндрөөр үнэлжээ. Тэрээр: Хоёр орон улс төр, эдийн засаг, хүмүүнлэг болон олон улсын үйл хэргийг зохицуулах явцад нягт хамтран ажиллаж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлсээр ирлээ. Хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа нь нааштай үндэс суурь, өргөн уудам хэтийн төлөвтэй болохоор хоёр тал том чухал төслийн хамтын ажиллагаагаа түргэтгэж, эрчим хүч, машин механикийн үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хоёр орон хамтран "хэвлэл мэдээллийн солилцооны жил"-ийн арга хэмжээг зохион байгуулахыг Оросын тал ихэд чухалчилж байна. Түүнчлэн олон улсын үйл хэргийг зохицуулахад зөвшилцлөө нэмэгдүүлж, олон улс дахь үүрэг хариуцлагаа хамт хамгаалахад бэлэн гэжээ.
Ван И сайд Ши Жиньпин даргын халуун дотно мэндчилгээг ерөнхийлөгч Путинд дамжуулав. Тэрээр: Энэ жил "Хятад Оросын найрамдалт хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 15 жилийн ой тохиож байна. Энэхүү боломжийг ашиглан, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн. Орос бол Хятад улсын гадаад хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр орны эдийн засаг, худалдааны цар хэмжээ ирэх тусмаа өргөжиж байгаа нь хоёр талт ажил хэрэгч хамтын ажиллагаа ихээхэн хөгжлийн нөөцтэй гэдгийг харуулж байна. ОХУ-ын хэтийн хөгжилд Хятад улс итгэл төгс байгаа бөгөөд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад Орос бол дэлхийн энх тайван, тогтвортой байдал, голч шударга байдлыг хамгаалах чухал хүчин болохоор стратегийн зохицуулалтаа үргэлжлэн эрчимжүүлэх ёстой гэжээ.
\Д.Хүчитбаатар\