CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Цөөн тоот үндэстний өлгий Сычуань муж

02-23-2016 10:38

 

Сычуань муж Хятадын баруун өмнөд хэсэг, Хөх мөрний дээд урсгалд байдаг. Баруун талд нь Хөхнуур-Түвдийн өндөрлөг, зүүн талд нь Хөх мөрний гурван хавцал, хойд талд нь Чиньлин даваа, өмнө талд нь Юньнань Гүйжөүгийн өндөрлөг бий. Тус муж Хүбэй, Хунань, Гүйжөү, Юньнань, Түвд, Хөхнуур, Ганьсү, Шааньши мужтай зах нийлнэ. 486 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэр, 80 гаруй сая хүн амтай. Газар нутгийн хэмжээгээр улсдаа тавд, хүн амын тоогоор гуравт ордог. Хятадын 15 хүн тутмын нэг нь сычуань хүн юм.

Сычуань мужийг Хятадын цөөн тоот үндэстний өлгий хэмээдэг. Хятад, и, түвд, мяо, хотон, чян, манж, монгол, жуан, дай, лису, наши, бай, бү-и, түжя зэрэг Хятадын 56 үндэстний 53 нь Сычуаньд бий. Тус муж цөөн тоот үндэстний өөртөө засах гурван жөүтэй. Хятадын түвд үндэстэн төвлөрөн суух хоёр дахь том муж, и үндэстэн ихээр төвлөрсөн хамгийн том бүс, чянь үндэстэн байдаг цорын ганц муж юм.

Мужийн баруун хэсэг уулархаг, зүүн хэсэг нам дор газар юм. Мицаншань, Миньшань, Эмэйшань зэрэг томоохон уул нуруутай. Тэдгээрээс Эмэй уул эртний их тахилгат хайрхан юм. Далайн төвшнөөс дээш 7556 метр өндөр Их цаст уулын ноён оргил Гунгаа уул энэ мужийн хамгийн өндөр цэг юм. Мужийн зүүн хэсэг чийглэг халуун, баруун хэсэг нь хүйтэн цаг агаартай. Агаарын дундаж жилд +16+18 хэм, жилд дунджаар 800-1200 мм хур тунадас ордог.

 Сычуань мужаас 132 төрлийн ашигт малтмал илрүүлснээс 94-ийнх нь нөөцийг тогтоогоод байна. Байгалийн хий, төмөр, ванади, титан, никель, кобальт, стронций, цагаан алт, бериллий, литий, мөнгөн ус, кальц, шөрмөсөн чулуу, фосфор, кали зэрэг 32 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад эхний тавд ордог. Хөнгөн цагаан, цайр, цагаан тугалга, зэс, алт, уран, нүүрсний нөөц ихтэй.

Амьтан, ургамлын аймгаар Хятадад хоёрт ордог. Ойн бүрхэвч 7 сая 460 мянган га, ой модны нөөц 1,3 тэрбум шоо метр. 4000 гаруй зүйлийн өвс ургамлаас эмийн ургамал 3500 гаруй, тослог ургамал 300 гаруй, үнэртний төрлийн ургамал 150 гаруй бий. Хятадын нийт зэрлэг амьтны 40 хувь буюу 1100 гаруй төрөл зүйлийн ан амьтан тус мужид байдаг. Хулсны баавгай, алтан үст сармагчин, такин үхэр, цагаан хоншоорт буга, өмнөдийн бар, цасны ирвэс зэрэг дархан цаазат ховор ан амьтан 50 гаруй байна. Сычуань бол хулсны баавгайн өлгий нутаг, өдгөө дэлхийд байгаа 1000 гаруй хулсны баавгайн 85 хувь нь тус мужид бий.

 Сычуаньд жилд хоёроос гурван удаа ургац авдаг. Газар тариалан, ойн аж ахуй, мал аж ахуй, усны аж ахуй жигд хөгжсөн. Тутарга, буудай, арвай, хөвөнгийн тариалалтаар Хятадад тэргүүлнэ. 2014 оны эцсээр мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2.8 триллион юань хүрсэн нь 2013 оны мөн үеэс 8.5 хувиар өсжээ. Сычуань нүүрс, цахилгаан эрчим хүч, нефть, төмөрлөг зэрэг хүнд аж үйлдвэр, нэхмэл сүлжмэл, барилгын материал, модон эдлэл зэрэг хөнгөн аж үйлдвэртэй. 2013 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 1.1 триллион юань хүрч, 11 хувиар өсжээ.

Сычуань далайд гарцгүй боловч Хятадын баруун өмнөд, баруун хойд, төв нутгийг холбосон байгалийн холбоос юм. Тус муж Хятадын баруун хэсгийн үр тариа, хүнсний ногооны тогтвортой, найдвартай бааз, усан цахилгаан станц, баруун нутгийн цахилгааныг зүүн нутагт дамжуулах хамгийн том түшиц газар юм. Сычуань муж ажиллах хүч олонтой, шинжлэх ухаан техник хөгжсөн учраас Хятадын мэргэжлийн боловсон хүчин, шинжлэх ухаан техник, ажиллах хүчний эх баялгийн бааз гэгддэг.
 
Сычуань урьд цагт дөрвөн талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн, зам харилцааны нөхцөл маш муу байв. Хятадын их яруу найрагч Либай “Шүгийн зам” буюу “Сычуаний зам” шүлэгтээ “Шүгийн замын бэрх ану тэнгэрт гарахаас ч хэцүү” хэмээсэн байдаг. БНХАУ байгуулагдсаны дараа Чэндүгээс Чүнчин, Чэндүгээс Күньмин хүрэх төмөр зам тавьснаар Сычуань хүрэх зам харилцаа сайжирч Сычуаны эдийн засгийн хөгжилд маш их түлхэц болжээ.

Дэлхийн цайны соёл Хятадаас үүсэлтэй, Хятадын цайны соёл Сычуань нутгаас гаралтай. Энэ нутгийн ард олон эрт цагаас эдүгээг хүртэл чанар чансаа сайтай бөс даавуу үйлдвэрлэдгээрээ алдартай. Ус гол арвин болохоор усан ашиглалтын систем илүүтэй сайн хөгжжээ. Байгалийн хийгээр баялаг, хамгийн олон төрлийн ургамал цэцэг ургана. Либай, Дүфү, Бай Жү И тэргүүтэй үе үеийн нэртэй шүлэгч найрагчид энэ нутагт аж төрж байсан тул яруу найрагчдын өлгий нутаг хэмээнэ. Ер нь энэ нутгаас нэр алдартай олон уран бүтээлч, эрдэмтэн, улс төрч төрж гарсан гэдэг. Бас түүхийн явцад цөөнгүй удаагийн бослого хөдөлгөөн, хувьсгалын голомт болсон түүхт нутаг ажээ. 

Чүнчин хот хуучин Сычуань мужид харьяалагдаж байсан юм. 1997 онд Чүнчинийг улсын шууд харьяа хот болгосны үр дүнд Сычуань мужийн нутаг дэвсгэр 80 мянган ам дөрвөлжин км-ээр багасаж, хүн ам 30 саяар цөөрсөн боловч Сычуаний том мужийн байр суурь өөрчлөгдөөгүй, харин хөгжлийн шинэ нөхцөл боломж нээгдсэн гэдэг.

Чэндү бол Сычуань мужийн төв, Хятадын түүх соёлын нэрт хот, Хятадын баруун өмнөд нутгийн худалдаа, банк санхүү, шинжлэх ухаан техникийн төв, зам харилцааны зангилаа, гадаадад нээлттэй том хот юм. Чэндү хот Хятадын дөрвөн их хотгорын нэг болох Сычуаний хотгорт оршино. Хотын төв далайн төвшнөөс дээш 508 метрт өндөр. Чэндү орчмын нутаг 2500 жилийн тэртээ Жөү улсын үеэс хот суурин байжээ.

Сычуань мужийн Паньжихуа хотыг эрдэнэсийн хотгор хэмээдэг. Энэ хот Өмнөд Азийн халуун дулаан завсрын бүсийн хөдөө аж ахуй хөгжүүлэх давуу талтай, ашигт малтмалын нөөц ихтэй. Паньжихуа хот 1965 онд байгуулагдсанаас хойш 40 шахам жилийн бүтээн байгуулалтаар Хятадын баруун өмнөдийн металлургийн аж үйлдвэрийн хамгийн том бааз болжээ. Сычуань мужийн Шичан хот Хятадын хиймэл дагуул хөөргөх хамгийн том төв юм.

                                                                                           Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100