Аж үйлдвэрийн бүс Жянши муж
02-14-2016 11:58
Жянши муж Хөх мөрний дунд, доод урсгалд байдаг. Тан улсын үед Хөх мөрнөөс өмнөх нутгийн баруун замын хяналтын бүс байсан тул Жянши буюу “Мөрний баруун” хэмээн нэрлэжээ. Тус муж Жэжян, Аньхүй, Хүбэй, Хүнань, Гуандүн мужтай зах нийлдэг. Мужийн дундуур Ганьжян мөрөн урсаж өнгөрдөг учраас "Гань" хэмээн хураангуйлан нэрлэнэ. Жянши 166 мянга 900 ам дөрвөлжин км нутаг дэвсгэр, 45 сая гаруй хүн амтай. Тус мужийн нутаг дэвсгэр Хятадын нийт газар нутгийн 1.7 хувь юм. Жянши газар нутаг, хүн амаар дунд зэргийн мужид тооцогдоно. Нэг ам дөрвөлжин километр газарт 250 хүн оногдоно. Хүн амын нягтаршил Хятадын дундаж төвшнөөс их. Мужийн хүн амын дийлэнх хятад үндэстэн бөгөөд хотон, шэ, манж, жуан, мяо, яо, монгол, дүн зэрэг цөөн тоот үндэстэнтэй.
Жянши нутаг уулархаг, өндөрлөг. Ү-и, Лүөшяо, Мүфү, Жюлиншань зэрэг томоохон уул нуруутай. Фүжянь, Жянши хоёр мужийг заагласан далайн төвшнөөс дээш 2157 метр өндөр Хуанган уул тус мужийн хамгийн өндөр цэг юм. Гол мөрөн, нуур цөөрөм их, усаар баялаг. 2400 гаруй том, жижиг гол мөрөнтэй. Тус мужийн өмнөд хэсэгт Хятадын хамгийн том цэнгэг нуур Пө-Янь бий. Ганьжян, Шиньжян, Пөжян мөрөн, Фүхэ, Сяошүй зэрэг голууд хил орчмын уулсаас эх авч Пө-Янь нууранд цутгана.
Жянши эх газрын чийглэг бүсийн зөөлөн дулаан, уур амьсгалтай. Бороо хур ихтэй. Агаарын дундаж жилд +16+20 хэм, 1 дүгээр сард +3+9 хэм, 7 дугаар сард +27+31 хэм болдог. Хавар, намар богино, зун, өвөл урт. Хавар хур тунадас их, зун аагим халуун, аадар бороотой, намар сэрүүн, бороо хур бага, өвөл хүйтэн, хуурай. Амьтан, ургамлаар баялаг. Ойн талбай 5.53 сая га, ой модны нөөц 250 сая шоо метр.
Жянши муж өнгөрсөн зууны 50-аад оноос эхлэн аж үйлдвэржиж эхэлжээ. Мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 1.4 триллион юань, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 31.7 мянган юань хүрсэн байна. Газар тариалан түлхүү хөгжсөн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ бүх Хятадад эхний аравт ордог. Тааламжтай уур амьсгалтай тул жилд хоёр удаа, нутгийн өмнөд хэсэгт гурван удаа ургац авдаг. Тутарга, хөвөн, олс, нишингэ зэрэг ургамлыг голлон тариална. Жянши муж 2013 онд 21 сая тонн үр тариа хураан авч, сүүлийн 10 жил дараалан өндөр ургац авсан шинэ амжилт тогтоожээ.
Жяншид хар төмөрлөг, өнгөт төмөрлөгийн үйлдвэр хөгжсөн. Авто машин, трактор, цахилгаан техникийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Мөн нэхмэл, сүлжмэл, цаас, цай, чихэр, каучук, хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрүүд төрөлжин хөгжсөн. 2013 онд мужийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 643 тэрбум юань хүрч, эдийн засгийн үр ашгийн индекс 328.3 хувь болжээ. Аж үйлдвэрийн паркт хөрөнгө оруулсан компани, аж ахуйн нэгжийн тоо 8217 болтол өссөн үзүүлэлттэй байна.
Дэд бүтэц, зам харилцаа харьцангуй сайн хөгжсөн. Авто зам, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн боловсронгуй сүлжээтэй. Хурдны авто замын урт 2013 онд 4335 км хүрчээ. Төмөр замын урт 2125 км, усан замын урт 4937 км. Жинань, Чиндао, Яньтай хотоос Бээжин, Наньжин, Шанхай, Мүгдэн зэрэг хот руу тогтмол нислэгтэй. Тус мужийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төв Наньчан хот юм. Жянши мужийн Жиндэжэнь хот Хятадын эртний 4 том суурины нэг бөгөөд дэлхий дахинд алдартай шаазангийн хот юм.
Д.Гүнтөмөр
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn