CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Билэгтэй үгс хэлэлцэж, мэнд амар эрэх хаврын тэргүүн сарын шинийн нэгэн

02-08-2016 11:02

 

Олон зууны тэртээгээс Монголчууд хаврын эхэн сарын шинийн нэгний баярыг шинэ бүхний эхлэл хэмээн бэлэгшээн тэмдэглэж иржээ. Зарим нутагт харыг цайлгах цагаан баяр хэмээн үздэг. Цагаан сарын нэр өдрийн бэлэгдлээс гадна идээ ундаа, золгох битүүлэх ёс нутаг нутагт өөр өөрийн гэсэн онцлог шинжээ хадгалан өнөөг хүрчээ. Сар шинийн баярыг айл хотлоороо цуглаж өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд гэр бүл хамаатан садны ахмад настнуудтайгаа хадаг барин золгож амар мэндийг нь эрдэг уламжлалтай. Тухайлбал залуу айл өрх тавгийн идээгээ гурваас таван үе өрдөг бол ахмад өндөр настай хүмүүс долоон үеэр засдаг. Золгох ёс ч гэсэн өөрийн дэг дүрэмтэй. Нэг гэрийн хоёр хоорондоо золгодоггүй бол ахмад өндөр настаныхаа гар дээр нь хадаг тавьж хариуд нь нас буяны ерөөл авдаг учиртай. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Хүүхдийн гар нүдтэй гэх учир ямар ч тарчиг цаг үе тохиосон сар шинээр үр хүүхдийнхээ гарыг цайлгаж бэлэг өгдөг уламжлалтай. Цагаан сарын үеэр билэгтэй үг хэлэлцэж, ирж буй оны өнгөө шинжин ярилцдаг. Энэ уламжлал ёсоор Төв телевизийн Монгол сүлжээний хамт олон бид газар газрын монгол түмэндээ сар шинийн баярын мэнд хүргэж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100