CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Өнгөрч буй оны анагаах ухааны шинэчлэлүүд

02-07-2016 14:37

 

1. Дэлхийн мэс заслын “хориотой газар”-ыг давав

Нурууны мэс засал нь өндөр технологи шаардсан, маш эрсдэлтэй мэс засалд тооцогддог. Тэгвэл 2015 оны 8-р сард Бээжингийн Жи Шүй Тань эмнэлгийн дарга, профессор Тянь Вэй болон түүний багийнхан гурван хэмжээст дүрс бүхий роботыг судлан бүтээжээ. Тэд үүнийгээ ашиглан хүний “Амин гол” хэмээгдсэн умайн хүзүүний гажгийн мэс заслыг амжилттай хийсэн юм. Энэ нь дэлхийн мэс заслын “хориотой газар”-ыг  даван туулсан “хувьсгал” гэж хэлж болохуйц анагаах ухааны дэвшилт үзэгдэл юм. Уг роботыг клиникийн шаардлагад зохицуулан бүтээсэн тул уян хатан, тогтвортой бөгөөд аюулгүйн өндөр баталгаатай байдаг аж.

2. Эмийн ургамлыг гуравхан хоромд ялгаж чадна
Уламжлалт эмийн найрлагад ордог эмийн ургамлыг ялгах ухаалаг төхөөрөмж нь гуравхан секундэд тухайн бүтээгдэхүүнийг 100 хувь оновчтой яалгаж чаддаг байна. Үүнийг хүний гараар хийж гүйцэтгэхэд 20 минут зарцуулдаг аж. 2015 онд Сү Жөүгийн Шинь Хэн автомат технологийн ХХК Хятадын анхны автомат хятад эмийн санг байгуулжээ. Нэг автомат төхөөрөмж хэдэн арван хүнд зэрэг үйлчлэх чадамжтай бөгөөд энэ нь өвчтөнд эмийг нь гардуулж өгөхөөс бусад ажлыг саадгүй гүйцэтгэдэг байна.

 3. 3D хэвлэх технологиор ташаа үйлдвэрлэв
Сүүлийн жилүүдэд 3D хэвлэх технологи олон салбарт хурдтай хөгжиж хүмүүсийн амьдралын хэв маягыг өөрчилсөөр байна. Анагаахын салбарт ч 3D хэвлэх технологи хурдтай хөгжиж байна. Бээжин Их Сургуулийн Гуравдугаар эмнэлгийн ясны тасгийн ахлах эмч Лю Жүнжүнь болон түүний багийнхан 3D хэвлэх технологийг ашиглан хүний ташааг хэвлэн гаргасан бөгөөд үүнийг олон тоогоор үйлдвэрлэх болсон нь өнгөрсөн оны анагаах ухааны онцлох ололтын нэг байлаа.

4. Ухаалаг гар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг дахин шинэчиллээ
Дэлхийд өдгөө 1 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүн бий гэсэн тооцоо буй. Үе мөчөө алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чөлөөт амьдрал бэлэглэхийн тулд анагаахын эмч нар тархиа гашилган ажиллаж байна.  2015 онд Бээжинд болсон дэлхийн роботын яармагт “Хүрэлцэх мэдрэмжтэй” ухаалаг гар олны анхаарлыг ихэд татсан юм. Kinova Robotics-ийн зохион бүтээсэн ухаалаг гар хүрэлцэх зүйлээ мэдэрч ялган таньдаг байна. Хиймэл гарыг дугуйт сандал дээр холбоход эзэн нь түүнийг удирдан юм барьж чаддаг бөгөөд өөрийн биед нь бага хэмжээний мэдрэмж төрдөг байна. Энэхүү механик гарыг мөн олон төрлийн төхөөрөмжтэй холбон хэрэглэж болох юм байна.

5. Цусны чихрийн урвалын цаас өвчтөнийг “зүүгээр хатгуулах” зовлонгоос салгажээ
2015 онд Голландын Амстердамын эрдэмтэн нар чихрийн шижин өвчнийг шалгах урвалын цаасыг амжилттай бүтээжээ. Боломжийн үнэ өртөг бүхий энэхүү урвалын цаасыг хөгжиж байгаа орнуудад өргөнөөр хэрэглэхэд тохиромжтой юм байна. Энэ нь мөн зүүний шаналгааг хаширтал амссан чихрийн шижинтэй өвчтөнүүдэд гэрэл гэрээ авчирсан юм. Урвалын цаасыг хэрэглэснээр өвчтөнүүд хуруугаа хатгуулж баймааж цусны чихрийн хэмжээгээ шалгах шаардлагагүй болжээ.

 6. Нано робот биеийн дотор хорт хавдрын эмчилгээ үзүүлж байна

Хорт хавдраар өвчлөгчид эм хэрэглэхгүй, химийн эмчилгээ хийхгүйгээр бичил роботоор эмчлүүлэх боломжтой боллоо. 2015 онд БНСУ-ын Чоннам Их Сургуулийн Бактерийн роботын судалгааны хүрээлэн хорт хавдрыг эмчлэх дэлхийн анхны нано роботыг бүтээжээ. Энэхүү бичил робот нь бүдүүн гэдэсний, хөхний, ходоодны болон элэгний хорт хавдрын оношилгоо хийж эмчлэх чадамжтай. Нано робот хүний биед ажиллах явцдаа өвчний эх үүсвэрийг хайж илрүүлсний дараа тухайн газартаа өөрөө задарч хорт хавдар эсэргүүцэгч бий болгодог байна. Түүнчлэн энэ нь хүний бие дэх бусад эрхтэн болон эд эсүүдийг хохироохоос зайлсхийж чадах юм. 

 7. Нүдний даралтаа өөрөө хэмжих боломжтой боллоо
Хүмүүс нүдний даралтаа хэмжихийн тулд эмнэлэгт очиж эмчийн дугаар авах, төлбөр тооцоо, шинжилгээ хийх гэх зэрэг олон давхар шат дамжлага дамждаг. Тэгвэл үүнээс хойш эмнэлэгт очилгүйгээр нүдний даралтаа хэмжих боломжтой болжээ. 2015 онд Бээжингийн Түн Рэнь Тан эмнэлгийн орлогч дарга Ван Нинли болон түүний багийнхан нүдний даралтын хэмжүүрийг бүтээсэн байна. Тус төхөөрөмжийг ашигласнаар нүдний даралтаа хэмжигсэд хэмжилтийн мэдээллийг интернетээр шууд эмчийн гар утсанд дамжуулж өгч болох бөгөөд тухайн эмч ухаалаг удирдах системийн дагуу өвчтөнд эмчилгээний заавар өгч болох юм байна. 

8.Тогтворжуулагч халбага паркинсоны өвчтөнд хоол идэхийн баяр цэнгэлийг өгч байна
Сүүлийн жилүүдэд паркинсоны өвчин улам бүр нэмэгдэх хандлагатай болж байна. Салганах нь паркинсоны өвчний анхны шинж тэмдэг юм. Тус өвчинд нэрвэгдэгсдийн 70 хувь нь ийм байдал илэрдэг гэжээ. 2015 онд тогтворжуулагчтай ухаалаг халбага мэндэлснээр өвчтөнд хоол идэхийн баяр цэнгэлийг дахин мэдрүүлж чадсан байна.
   Энэхүү ухаалаг халбагыг GYENNO компани судлан бүтээсэн бөгөөд роботын болон үүлэн технологийг ашиглан 360 градусын дагуу тогтвортой байдлыг баталгаажуулдаг байна. Түүнчлэн тус халбага нь өвчтөний салганах мэдээллийг клоудад дамжуулж өгөхийн улмаар эмчилгээний үр дүнг сайжруулахад тусалдаг байна.

 

                                                                                  \Арлун\

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100