CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Бүтэн байхын билэгдэлтэй битүүлэх ёслол

02-07-2016 10:06

 

Өнөөдөр өвгөд азын дөрвөн бэрх буулган ирэх оны өнгийг шинжиж, үрс маань жаргалын дуу цангинасан гэрийн хоймортоо алаг мэлхий өрөн тоглодог битүүний өдөр билээ. Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон энэ шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байхын бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүнээс өмнө хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөнддөг заншилтай. Үргэлжлүүлэн та бүхэндээ БНХАУ-ын Төвийн радио хорооны ахмад сэтгүүлч Төмөрбаатарын битүүлэх  зан үйлийн талаархи  сонирхолтой яриаг хүргэж байна.


Ийнхүү шинэ оноо элбэг дэлбэг угтаж, бүх зүйл бүтэн байхын бэлгэ билэгдэлийг битүүний өдрийн үйл ёс өгүүлдэг. Битүүний үдэш үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бас байдаг.

  

  

  

  

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100