CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хаврын баяр

01-29-2016 10:17

 

“Хаврын баяр” буюу Цагаан сар бол Хятадын уламжлалт чухал баяр юм. Хаврын баярыг бас “жил өнгөрөөх” гэж нэрлэх нь бий. Хүмүүс жил бүр хаврын баяраа угтаж гэр орноо цэвэрлэн, амтат идээ ундаа бэлтгэж, шинэ хувцас худалдан авдаг. Хаврын баяр битүүнээс эхэлнэ. Битүүн бол билгийн тооллын жилийн сүүлчийн өдөр юм. Битүүнд хүмүүс гэр бүлээрээ цугларч, хос уянга нааж, цаасан пуужин хөөргөн, баярын зоог хүртдэг. Хоолны дараа хууч хөөрөхийн зэрэгцээ банш чимхдэг заншилтай. 

Орчин цагт садан төрлүүд нэг дор цугларч, зурагтаар сар шинийн баярын тусгай нэвтрүүлэг үзэж, бүтэн шөнө унталгүй он гаргана. Үүнийг бас “жил сахих” гэдэг. Шинийн нэгэн бол Хаврын баярын хоёр дахь өдөр юм. Энэ өдөр хүмүүс садан төрөл, найз нөхөдтэйгээ харилцан золгохдоо, “Сайхан шинэлэв үү?”, “Элбэг баян болтугай” гэж мэндчилнэ. Настан буурлууд багачуудыг ирэх жил эрүүл энх, баяр хөөртэй байхыг ерөөж улаан цаасан дугтуйд мөнгө хийж өгдөг. Үүнийгээ “нас дарах мөнгө” гэнэ. Хаврын баяр чухам яаж үүссэн юм бол ?

Эрт цагт “Жил” хэмээх хэрцгий догшин араатан жил бүрийн сүүлчийн өдөр гарч ирж, тариан талбай сүйтгэн, хүн малыг хороодог байж гэнэ. Нэгэн удаа “Жил” өнөө л янзаараа гарч ирээд түйвээж байснаа ямар нэг юмнаас учиргүй айж цочин гэнэт зугтан оджээ. Тэр үед нэгэн айлын үүдэнд улаан өнгийн хувцас өлгөөтэй, хүүхдүүд хулс дэлбэлэн наадаж байсан юмсанж.
Хүмүүс “Жил” улаан өнгө, галын гэрэл, дуу чимээнээс айдгийг мэдээд үүдэндээ улаан өнгийн хос уянга нааж, улаан дэнлүү өлгөж, цаасан буу буудуулдаг болов. Ийнхүү айл бүрээс цацрах улаан гэрэл, чих дөжрөм дуу чимээ “Жил”-ийг айлгаж дахиж гарч ирэх зүрхгүй болгосон домогтой. Энэ домгоос үүдэн хүмүүс “Жил”-ийн хорлолоос зайлж чадсаны бэлгэдэл болгож жил бүрийн энэ өдрийг “жил өнгөрөөх” гэдэг болсон юм.

                                                                                                        Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100