CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Күнфүгийн өлгий Хэнань муж

01-21-2016 14:37

 

   Хэнань муж Хатан голын дунд, доод урсгалд байдаг. Зүүн талаараа Шаньдүн, Аньхүй, баруун талаараа Шааньши, өмнө талаараа Хүбэй, хойд талаараа Хэбэй, Шаньши мужтай зах нийлнэ. 167 мянган ам дөрвөлжин км газар нутаг, 100 сая гаруй хүн амтай, хятад, хотон, манж, монгол, солонгос, түвд зэрэг 41 үндэстэнтэй. Хэнань баруун болон баруун хойд хэсгээрээ уулархаг, бусад нутаг нь тал хээр зонхилсон, эрт үеэс газар тариалан эрхэлж ирсэн нутаг юм. Хатан голын дунд урсгал дагуу үржил шимт хөндий, Хуайхэ, Вэйхэ, Ханьшүй зэрэг томоохон гол мөрөн, олон тооны том, жижиг нуур цөөрөмтэй.

 

   Эх газрын хуурай, зөөлөн уур амьсгалтай, өвөл урт удаан бөгөөд хүйтэн, зун аагим халуун бөгөөд хур бороо ихтэй. Хавар, намар сэрүүн, чийглэг. Жилийн дундаж дулаан +13+15 хэм, 7 дугаар сард +27+30 хэм болдог. Жилд дунджаар 600-1200 мм хур тунадас унана. 1000 орчим том, жижиг гол мөрөнтэй. Тайханшань уулын өмнө байдаг 30 гаруй халуун рашааныг түшиглэн орчин үеийн амралт сувилал, аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ.

   Хэнань байгалийн баялаг ихтэй. Хөнгөн цагаан, молибден, газрын тос, нүүрс, алт, лити, төмрийн хүдэр, фосфор, шохой, гантиг чулуу, гялтгануур, хайлуур жонш зэрэг 100 гаруй төрлийн ашигт малтмалын орд илрүүлсний зарим нь нөөцөөрөө улсдаа тэргүүлдэг. Тус муж алт олборлолтын хэмжээгээр Хятадад хоёрт орно. Хэнань бол Хятадын газар тариалангийн гол нутгийн нэг. Хоёр жилд гурван удаа ургац авна. Буудай, гүнжидийн цэцэг, хөвөнгийн тариалалтаараа улсдаа хоёр, гуравт ордог.

   Хэнань бол газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйдвэр сайн хөгжсөн газар. 2013 онд тус мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 3.2 триллион юань хүрч, урьд оноос 9 хувиар өсжээ. Хүнд, хөнгөн аж үйлдвэрийн ДНБ-д эзлэх жин 55 хувь хүртэл нэмэгджээ. Жүнжөүгийн хар тугалгын үйлдвэр, Чанчэний хөнгөн цагааны үйлдвэр улсдаа тэргүүлж байна.

   Хэнаньд олон улсын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байна. Гадаад, дотоодын жуулчдын очих дуртай олон газар байдгийн нэг нь 1500 жилийн өмнө Сүншань ууланд байгуулсан Шаолин сүм, бие хамгаалах урлагийг уламжилдаг тус сүмийн сургууль юм. Түүнчлэн Хятадын түүхэн дэх 25 төрт улсын 13-ынх нь нийслэл хот байсан, 5000 жилийн түүхтэй Лүө-Ян хотын түүх, соёлын арвин их дурсгал бол энэ мужийн бахархал юм. Хятадын орчин үеийн нэрт зохиолч Лижүнь Хэнань мужийн монгол хүн бөгөөд өөрийгөө Мухулайн үр сад хэмээн үздэг. Хэнань муж Хятадын эртний соёл иргэншлийн өлгий нутгийн нэг юм. 500 мянган жилийн тэртээ хүн аж төрж байсан бөгөөд 5000-6000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийн үеийн бууц суурин олон бий. Археологийн судалгаагаар газар дороос илрүүлсэн бичиг дурсгалын зүйлээр Хятадад тэргүүлэх бөгөөд газрын хөрсөн дээрээс олдсон бичиг дурсгалын зүйлээр хоёрт ордог. Бүх Хятадад хадгалагдаж буй эртний судар шастирын наймны нэг нь Хэнань мужид бий. Эрт үеэс “Жүн-Юань” буюу “Хятадын төв нутаг” хэмээгдэж ирсэн энэ нутаг Хятадын түүхэнд олонтаа мандан хөгжиж, нийт Хятадын улс төр, эдийн засаг, соёлын төв болж байлаа. Тус мужийн Лүө-Ян, Кайфэн хот Тан, Сүн улсын үед (НТ 618-1279 он) олон улсын хэмжээний их хот байв. Хэнань бол Хятадын бие хамгаалах урлаг күнфүгийн өлгий юм. Шаолинь сүмийн күнфү, Чэнь овогтын Тайжичуань күнфү тус мужаас үүсэлтэй.
Хэнань мужийн төв бол эртний түүхт Жэньжөү хот юм. 3500 жилийн өмнө Шан улсын үед тэнд хэдийн хот суурин бий болсон байжээ. Жэньжөү хот өдгөө Хятадын зам харилцааны гол зангилаа болсон юм. Хэнань мужийн Лүө-Ян хот Зүүн Жөү, Зүүн Хань, Вэй, Баруун Жинь, Умард Вэй, Сүй, Тан, Умард Тан зэрэг есөн төрийн нийслэл байжээ. Өдгөө Лүө-Ян шинэ хэлбэрийн аж үйлдвэрийн хот болон хөгжиж байна. Лүө-Ян хотод жил бүрийн 4-р сард газар сайгүй мандарваа дэлгэрч гадаад дотоодын зочид гийчдийн сонирхлыг татдаг. 

   Хэнань мужийн зүүн хэсэгт эртний түүхт Кайфэн хот бий. Кайфэн хот Байлдаант улсын үе буюу НТӨ 770-256 оны үеэс хойш Хятадын эртний долоон төрийн нийслэл байв. Умард Сүн улсын үе буюу НТ 960-1127 онд Кайфэн хот Хятадын улс төр, эдийн засгийн хамгийн том төв болж, нэг сая гаруй хүн амтай болжээ. Өдгөө тус хот эртний барилга байгууламж, бичиг дурсгал, нутгийн онцлог бүхий худалдаа наймаагаар жуулчдын анхаарлыг татдаг. Мөн Хэнань, Шааньши, Хэбэй гурван мужийн заагт 3000 жилийн өмнө байгуулагдсан Ань-Ян хэмээх хот бий. Түүнчлэн тус мужид Шанчю, Нань-Ян зэрэг эртний түүхт хот олон бий.

                                                                                                         Д.Гүнтөмөр

 

  

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100