Эх газрын цэцэрлэгт хүрээлэн Фүжянь муж
01-13-2016 19:17
Фүжянь муж Хятадын эх газрын зүүн өмнөд тэнгисийн эрэгт оршино. Зүүн, талаараа Жэжян, баруун хойгуураа Жянши, баруун өмнүүрээ Гуандүн муж, урдуураа Тайвань мужтай Тайваний хоолойгоор зах нийлнэ. Фүжянь мужийн хуурай газрын нутаг дэвсгэр 124 мянган ам дөрвөлжин км, тэнгисийн усан хил 136 мянган ам дөрвөлжин км. Фүжянь Хятадын эх газрын Зүүн Өмнөд Ази, Номхон далайгаас хамгийн ойр муж юм.
2013 оны тоо бүртгэлд тэмдэглэснээр, Фүжянь муж 37.4 сая гаруй хүн амтай, хүн амын 97.84 хувь нь хятад үндэстэн, нэг хувь нь шэ үндэстэн, бусад нь хотон, мяо, жуан, манж зэрэг үндэстэн байв. Ам дөрвөлжин км тутамд дунджаар 260 гаруй хүн амьдардаг нь Хятадын дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм. БНХАУ улс байгуулагдсаны дараа Фүжянь мужийн хүн ам маш түргэн өссөн юм. Хүн амын хэт түргэн өсөлт Фүжянь мужийн эдийн засаг нийгмийн хөгжилд асар их дарамт болжээ. Тус муж өнгөрсөн зууны 70-аад оноос төлөвлөгөөт төрөлтийн бодлого хэрэгжүүлж, хүн амын өсөлтийн хэмжээ 1973 онд мянганы 32 хувь байсан бол 1985 он гэхэд мянганы 17 хувьд хүрчээ. Гэвч хүн амын өсөлт одоо ч түргэн хэвээр байна. Гадаадад амьдарч буй Хятад иргэдийн ихэнх нь Фүжянь нутгийн уугуул. Фүжянь мужийн 7 сая гаруй хятад иргэн гадаадад амьдардаг бөгөөд энэ нь Хятад цагаачдын гурваны нэг юм. Тэд дэлхийн олон оронд тархан аж төрж байгаа боловч дийлэнх нь Зүүн Өмнөд Азийн орнуудад байдаг.
Фүжянь муж баруун хойгуураа уулархаг өндөрлөг, зүүн өмнүүрээ нам дор тал газартай. Мужийн газар нутгийн 80 хувь нь уулархаг бүс, дов толгод юм. Үи шань, Тайлао, Жифэн, Дайюн зэрэг томоохон уул нуруутай. Далайн төвшнөөс дээш 2157 метр өндөр Үи шань уулын ноён оргил Хуанган тус мужийн хамгийн өндөр цэг юм. Тус мужийн газар нутгийн 85 хувь нь далайн төвшнөөс 200 метрээс өндөр уул толгод байдаг. Фүжянь муж усны 29 систем, 600 гаруй гол мөрөнтэй, гол мөрний нягтралаараа Хятадад тэргүүлдэг.
Фүжөү, Үсян, Чуаньжөү, Жанжөү зэрэг уудам тал, Лунхү, Шихү зэрэг томоохон нууртай. Тус мужийн 663 голоос хамгийн том нь Минжян мөрөн. 1400 гаруй арал олтригтой. Фүжянь халуун дулаан завсрын бүсийн зөөлөн дулаан, чийглэг уур амьсгалтай. Фүжөүгээс өмнө зүгт өвөл болдоггүй. Агаарын дундаж жилд +17+22 хэм, 1 дүгээр сард +10+13 хэм, 7 дугаар сард +26+29 хэм, жилд дунджаар 1400-2000 мм хур тунадас унадаг. Зун намрын улирал солигдох үеэр далайн хар салхи салхилж, аадар бороо байнга орно.
Фүжянь нутаг байгалийн баялаг ихтэй, 60 гаруй ашигт малтмалын орд илэрснээс гянт болд, цайр, хайлуур жонш, болор, эрдэнийн чулуу, гантиг чулуу зэрэг 14 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад эхний тавд ордог. Амьтан, ургамлын төрөл зүйл олон, ой модны нөөц ихтэй. Ойн бүрхэвч 5.3 сая га, ой модны нөөц 200 гаруй сая шоо метр байна. Загас элбэг, 100 гаруй төрлийн агнуурын загастай, загасны аж ахуйн гол мужийн нэг юм. Далайн загас агнуурын талбай 130 мянган ам дөрвөлжин км. Тутарга, төмс, улаан буудай, чихрийн манжин, шилэмдэг, газрын самар, тамхи тариална. Хятадын цайны ургамлын гол нутгийн нэг юм. Ой модны төрөл олон, хуш, царс, заарт мод, зэлт мод, заан мод, хулс их ургана. Түүнчлэн жүрж, лууны нүд, гадил, нангиад арүр, тослог уянгат мод, багтар үржүүлдэг.
2011 оны статистикт, Фүжянь мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1.7 триллион юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.2 хувиар өссөн гэж тэмдэглэжээ. Мужийн газар тариалан, ойн аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн нийт үйлдвэрлэл 273.2 тэрбум юань хүрсэн байна. Фүжянь мужид металлурги, нүүрс, механик, цахилгаан, хими, нэхмэл сүлжмэл, чихэр, цаасны аж үйлдвэрлэл хөгжсөн. Төмөр зам, усан тээвэр, авто зам, агаарын зам хосолсон зам харилцааны сүлжээтэй. 2012 оны байдлаар мужийн авто замын урт 94.6 мянган км хүрчээ. Фүжянь мужийн усан тээвэр сайн хөгжсөн, Мавэй, Чуаньжөү, Шямэнь зэрэг эртний уламжлалтай олон улсын боомттой. Дотоодын гол мөрний тээврийн урт 3725 км. Фүжөү, Шямэний олон улсын нисэх онгоцны буудалтай. Бээжин, Шанхай, Гуанжөү, Ши-Ань, Хонконг, Манила, Сингапурын чиглэлд тогтмол нислэгтэй.
Фүжянь мужид Фүжөү, Шямэнь, Чуаньжөү, Пүтянь, Жанжөү зэрэг томоохон хот бий. Мужийн улс төр, эдийн засаг, соёл, зам харилцааны төв Фүжөү хот юм. Фүжөү хот 1 сая 140 мянган хүн амтай, түүнээс үндэстний цөөнх 5000 гаруй хүн байдаг бөгөөд цөөн тооны монголчууд бас бий. Фүжөү бол эртний түүхт хот юм. Энэ нутагт шинэ чулуун зэвсгийн үед хүн аж төрж байжээ. Тус хот Фүжянь мужид хамгийн эртний боомт байжээ. Өдгөө гар үйлдвэр, усан онгоцны үйлдвэрлэл хөгжиж, зүүн өмнөд нутгийн худалдааны төв болсон юм. Фүжөү хот Фүжянь мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний тавны нэгийг бүрдүүлдэг. Фүжөү хотод Фүжөүгийн их сургууль, Фүжяний багшийн их сургууль, Анагаах ухааны дээд сургууль, Хөдөө аж ахуйн сургууль зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний олон байгууллага бий.
Фүжянь мужийн Чуаньжөү дундад зууны үеийн дорнод дахины томоохон хот байжээ. Чуаньжөү хот Зүүн өмнөд тэнгисийн эрэгт байдаг. Тайвань аралтай Тайваний хоолойгоор тусгаарлагдана. Чуаньжөү Юань улсын үед дорно дахины хамгийн том боомт байсан юм. Фүжянь мужийн өмнөд хэсэгт байдаг Жанжөү бол цэцэг жимсний өлгий билээ. Уур амьсгал урин дулаан, хур тунадас элбэг, хөрс шороо шимтэй учраас жилийн дөрвөн улиралд цэцэг навч дэлгэрч, жимсний үнэр ханхалдаг. Шямэнь бол Фүжянь мужийн хоёр дахь том хот, дэлхийд алдартай тэнгисийн цэцэрлэгт хүрээлэн юм. Шямэнь хот завсрын халуун бүсэд оршдог, жилийн дөрвөн улирал нь дандаа хавар шиг, цэцэг өвс, мод ургамал ихтэй, байгалийн өнгө үзэмж төгөлдөр болохоор тэнгисийн цэцэрлэгт хүрээлэн гэж нэрд гарсан байна.
Д.Гүнтөмөр