CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Тутаргын орон Хүнань муж

01-08-2016 16:41

 

   Хятадын төв нутгийн Хүнань муж Хөх мөрний дунд урсгал, Дүнтинхү нуурын өмнө этгээдэд байдаг болохоор Хүнань буюу “Нуурын өмнөд” хэмээн нэрийджээ. Сянжян мөрөн Хүнань мужийн дундуур урсан өнгөрдөг болохоор мужийн нэрийг Сян хэмээн хураангуйлна. Хүнань муж хойд талаараа Хүбэй, өмнө талаараа Гуандүн, Гуанши, зүүн талаараа Жянши, баруун талаараа Гүйжөү, баруун хойгуураа Сычуань мужтай зах нийлдэг. Тус муж 211 мянган ам дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, энэ нь Хятадын нийт нутаг дэвсгэрийн 2.2 хувь юм. 2011 оны байдлаар, Хүнань муж 41 үндэстний 71.1 сая хүн амтай байлаа. Хүн амын 90 хувь нь хятад, 10 хувь нь түжя, мяо, дүн, яо, хотон, уйгур, бай зэрэг цөөн тоот үндэстэн, түжя, мяо үндэстэн тус бүр нэг сая гаруй хүн амтай. Хятадын удирдагч асан Мао Зэдун, Лю Шаочи нар Хүнань нутгаас гаралтай.

   Хүнань мужийн нутаг дэвсгэр уулархаг бүс, гол мөрний дагуу уудам хөндий, нам дор газар, 3.2 сая га тариалангийн талбайтай. Зөөлөн дулаан уур амьсгалтай бүсэд оршдог, Номхон далайн агаарын урсгалын нөлөөнд байдаг тул хур тунадас ихтэй, чийглэг, халуун уур амьсгалтай. Мужийн нутаг дэвсгэрийн 35,7 хувь нь ойгоор бүрхэгдсэн, модны нөөцөөр Хятадад тэргүүлдэг. Мужийн газар нутгийн 57,4 хувийг ойн аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд хулсан ойн талбайгаар Хятадад гуравт орно. 265 төрлийн ан амьтантай, түүний 90 хувь нь дархан цаазтай.

   Хүнань мужаас 16 төрлийн ашигт малтмалын орд илрүүлсний 11-ийнх нь нөөцийг бүрэн тогтоожээ. Өнгөт төмөрлөг, тугалга, нүүрсний нөөц ихтэй, нүүрсний ордуудыг түшиглэн эрчим хүчний салбарыг хөгжүүлж байна. 2011 оны эцсээр, тус мужийн авто замын урт 232 мянган км, төмөр замын урт 3840 км байлаа. Мөн усан замын ачаа тээвэр сайн хөгжсөн.

   Хүнань мужийн санхүүгийн орлого 2013 онд 330 тэрбум юань хүрч, 2012 оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ. Хүнаньд загасны аж ахуй, газар тариалан сайн хөгжсөн. Ялангуяа тутаргын үйлвэрлэлээрээ бүх Хятадад тэргүүлж, үр тарианы үйлдвэрлэлээр 7 дугаарт ордог. Хүнаньд 160 гаруй төрлийн загас бий. Түүнээс гадна Хүнань бол цайны эх орон юм. Хүнаний Чю-Ян хотын “Жюнь уулын мөнгөн зүү” хэмээх цайны сорт Хятадын 10 брэнд цайны нэг юм.

   Чанша хот бол Хүнань мужийн төв, эртний түүхт хот юм. Тус хотын нэр 3000 гаруй жилийн өмнөх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Өнөөгийн Хүнаний их сургуулийг мянган жилийн түүхт Юэлү бичгийн хүрээлэнгийн үндсэн дээр хөгжсөн гэлцдэг. Чанша хотод Хүнаний их сургуулиаас гадна Батлан хамгаалахын их сургууль, Шинжлэх ухаан техникийн их сургууль, Хүнаний багшийн их сургууль, Жүннань уул уурхайн их сургууль, Хүнаний анагаах ухааны их сургууль, Хүнаний Хятад анагаах ухааны их сургууль, Чаншагийн төмөр замын дээд сургууль, Чаншагийн зам харилцааны дээд сургууль зэрэг их дээд сургууль бий. Чан ша бол хөнгөн нэхмэл, механик, хими, цахим, барилгын материал зэрэг аж үйлдвэрийн цогцолбор хот юм.

   Жүжөү бол Хүнань мужийн шинээр хөгжсөн аж үйлдвэрийн хот, Хятадын өмнөд нутгийн төмөр замын тээврийн чухал зангилаа юм. Жүжөүд өнгөт төмөрлөг, механик, химийн аж үйлдвэр, барилгын материал, цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл, чулуун нүүрс зэрэг аж үйлдвэр хөгжжээ. Хүнань мужийн эртний түүхт Хэн-Ян, Юэ-Ян зэрэг хотод гадаад дотоодын аялал жуулчлал хөгжиж байна.

Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100