Мөнхийн дулаан Юньнань муж
01-06-2016 15:33
Юньнань муж Хятад орны баруун өмнөд хязгаарын Юньнань, Гүйжөүгийн өндөрлөгт байдаг. Зүүн талаараа Гүйжөү, Гуанши, хойгуураа Сычуань мужтай, баруун хойд талаараа Түвдийн өөртөө засах оронтой зах нийлж, баруун болон өмнө талаараа Мьянмар, Лаос, Вьетнамтай хил залгадаг. Мужийн ихэнх нутаг Юньлин давааны өмнө байдаг тул “Юньлин давааны өмнөд нутаг” гэсэн утгаар Юньнань хэмээн нэрлэжээ.
Юньнань муж зүүнээс баруун тийш 865 км, өмнөөс хойш 990 км буюу 394 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэр, 45 сая хүн амтай. Газар нутгийн хэмжээгээр Шинжаан, Түвд, Хөхнуур, Хармөрөн, Сычуань, Ганьсү, Өвөр Монголын дараа наймд ордог. Мужийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь уулархаг өндөрлөг, бусад нь уулсын хоорондох хөндий, хотгор газар юм. Баруун хойгуураа өндөрлөг, зүүн өмнөө нам дор. Хамгийн өндөр цэг нь 6740 метр өндөр, хамгийн нам дор газар нь далайн төвшнөөс дээш 76 метр буюу үнэмлэхүй өндрийн зөрөө 6664 метр. Юньнань нутаг Хэндуан, Нүшань, Цаст, Үмэн, Айлуо зэрэг томоохон уулстай.
Юньнань 600 гаруй гол мөрөнтэй бөгөөд тэдгээр нь Ирравади, Нүжян, Лансань, Жинша, Юаньжян, Наньпань зэрэг зургаан том усны хагалбарт хуваагддаг. Эрхай, Лүгү зэрэг 40 гаруй нуур цөөрөм, 700 гаруй халуун рашаан бий. Халуун дулаан завсрын бүсийн чийглэг, урин зөөлөн уур амьсгалтай. Дөрвөн улирлын дулааны зөрүү бага, өвөл хуурай дулаан, зун чийглэг, бороо хур ихтэй. Юньнаний ихэнх нутгийн агаарын дундаж жилд +13+20 хэм, 1 дүгээр сард +8+17 хэм, 7 дугаар сард +11+29 хэм байдаг. Жилд дунджаар 1100 мм хур тунадас унана. 5-10 дугаар сар нь борооны улирал юм.
Юньнань олон үндэстний өлгий нутаг билээ. Хятад, и, бай, хани, жуан, дай, мяо, хотон, лагу, ва, наши, яо, түвд, жинпө, бүлан, пүми, нү, ачан, дэ-ан, жинө, шүй, монгол, бү-и, дүлүн зэрэг 51 үндэстнээс 14 нь зөвхөн Юньнань мужид аж төрдөг. Юньнань мужид үндэстний цөөнхийн өөртөө засах жөү буюу аймаг 8, өөртөө засах сянь буюу хошуу 29, өөртөө засах сян буюу сум 197 байна.
Юньнань ан амьтан, ургамлын төрөл зүйлээр хамгийн баян муж юм. Тус мужид халуун, дулаан, сэрүүн, хүйтэн бүх бүсийн ургамал ургадгаараа онцлог. Хятадын 30 мянга гаруй төрөл зүйлийн ургамлын талаас илүү нь Юньнань нутагт ургана. Эмийн ургамал 1000 гаруй, үнэрт ургамал 350 гаруй, гоёл чимэглэлийн ургамал 2100 гаруй нэр төрөл бий. Ойн бүрхэвч 93,3 сая га, 1,3 тэрбум шоо метр модны нөөцөөрөө Хятадад гуравт ордог. Ой модны төрөл зүйл олон, Юньнань нарс, тослог гацуур, каучук, кофе, тосон хялгаст мод, янз бүрийн халуун ногоо, жимс жимсгэнэ элбэг. Күньмин, Далигийн лийр, Мэнзигийн анар жимсээрээ алдартай.
Юньнань ан амьтны төрлөөрөө Хятадад тэргүүлнэ. 600 гаруй төрлийн сээр нуруутан, 250 гаруй төрлийн хөхтөн, 360 гаруй төрлийн загас, 140 гаруй төрлийн хэвлээр явагч, 90 гаруй төрлийн хоёр нутагтан, 780 гаруй төрлийн жигүүртэн шувуу буйгаас 70 нь дархан цаазтай. Юньнаний өнгөт төмөрлөгийн ордууд арвин их нөөцтэй. 150 гаруй ашигт малтмал илрүүлж, 92-ынх нь нөөцийг тогтоосон. Үүнээс 50 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад эхний аравт ордог. Цайр, хар тугалга, фосфор, цагаан тугалга, цагаан алт, зэс, никель, шөрмөсөн чулууны нөөц ихтэй.
Тутарга, буудай, буурцаг, төмс, тамхи, чихрийн нишингэ, цай, газрын самар, хөвөн, олсны ургамал тариална. Тамхины үйлдвэрлэлээр Хятадад гуравт ордог. Үхэр, усны үхэр, адуу, сарлаг олноор үржүүлдэг. 2013 онд мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 триллион ам доллар хүрсэн ба үүнд газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын эзлэх жин 16.2 хувь байв. Тамхи, цай, элсэн чихрийн үйлдвэрлэлд тулгуурласан хөнгөн аж үйлдвэр, нүүрс, цахилгаан, хими, болд төмөр, өнгөт төмөрлөгийн хүнд аж үйлдвэртэй. Куньминий чийдэн, цахилгаан бараа, угаалгын нунтаг, Дунчуань, Гэжэгийн өнгөт төмөрлөг, Юньнаний тамхи, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, гантиг чулуун бүтээгдэхүүн, хивс бүх улсад алдартай.
Төмөр зам, авто замын цогц сүлжээтэй. 2010 оны байдлаар, мужийн төмөр замын урт 2229 км байв. Авто замын урт 2012 онд 220 мянган км хүрснээс 3000 км орчим нь хурдны авто зам юм. 2012 онд усан тээврийн зам 3174 км хүрч, 871 сая тонн ачаа барааг тээвэрлэжээ. Юньнань муж нисэх онгоцны 12 буудалтай. Гадаад дотоодод чиглэсэн нислэгийн 319 шугамтай.
Юньнань мужийн улс төр, эдийн засаг, соёлын төв Күньмин хот юм. Эртний түүхт Күньмин хот Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийн олон улсын худалдаа, аялал жуулчлал хөгжсөн зам харилцааны зангилаа хот юм. Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг болохоор “Хаврын хот” хэмээн алдаршжээ. Тус хотын орчим 30 гаруй мянган жилийн тэртээ хуучин чулуун зэвсгийн үед хүн амьдарч байжээ. Мөн 2000 гаруй жилийн өмнө Хятадын өмнөд нутгийн эх газрын торгоны замын чухал өртөө байв. 1275 онд Юань улсын засгийн газар Юньнань мужийг байгуулснаас хойш Күньмин өнөөг хүртэл Юньань мужийн төв хэвээр байна.
Күньминд улсын хамгаалалттай түүх соёлын дурсгалт газар 4, мужийн хамгаалалттай газар 66 бий. Күньминий чулуун ой, Дяньчи нуур болон цөөнх үндэстний онцлог бүхий үзэсгэлэнт газар олон бий. Күньминд 400 гаруй нэр төрлийн цэцэг ургадаг бөгөөд цайны цэцэг бол тус хотын бэлэг тэмдэг юм.
Юньнаньд Дали, Лижян, Шишуанбаньна зэрэг нэрд гарсан аялал жуулчлалын цогцолбор газрууд бий. Бай үндэстний өөртөө засах жөүгийн төв Дали хот урт удаан түүх, үлэмж их бичиг дурсгал, байгалын өнгө үзэмж, тааламжтай сайхан цаг агаар, үндэстний өвөрмөц онцлогоороо жуулчдын сонирхлыг их татдаг. Мөн Лижяний эртний хот, Наши үндэстний хөгжим, Шишуанбаньнагийн халуун бүсийн ургамал, зүйл бүрийн амьтан шувуу, дай үндэстний үзэсгэлэнт охид, нуурын хөвөөний галын наадам жуулчдад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг.
Д.Гүнтөмөр