БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2016 оны шинэ жилийн баярын мэндчилгээ
01-04-2016 09:58
Шинэ оны босгон дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Олон Улсын Радио, Хятадын Төв Радио, Хятадын Төв телевизээр дамжуулан Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс болон Тайваний эх орон нэгт ахан дүүс, гадаад дахь Хятадын иргэд, цагаачид, дэлхийн улс орнууд, бүс нутгийн ард түмэнд шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Одоо та бүхэнд энэ мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.
Анд нөхөд өө, хатагтай ноёд оо:
Хэдхэн цагийн дараа шинэ оны хонх дуугарч, та бид 2015 оноо үдэж, 2016 оноо угтан авах гэж байна. Улиран одож буй хуучин оноо үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж буй энэ дашрамд үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс болон Тайваний эх орон нэгт ахан дүүс, гадаад дахь Хятадын иргэн, цагаачид, дэлхийн улс орнууд, бүс нутгийн ард түмэнд шинэ оны цогтой халуун мэнд дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Хөдөлмөр зүтгэл хүнийг гомдоодоггүй. 2015 онд, Хятадын ард түмэн асар их хүчин зүтгэл гаргаснаар олон салбарт ихээхэн ололт амжилт гаргасан. Хятад улсын эдийн засаг дэлхийн тэргүүлэх эгнээнд орж, өөрчлөлт шинэчлэл бүх талаар ахиж, хууль зүйн тогтолцооны өөрчлөлт шинэчлэл улам гүнзгийрч, "биеэ засаж, эрх хэрэгжүүлэхээ чанд баримтлан, хууль дүрмийг хатуу мөрдөх" сэдэвт сургалт улс төрийн орчныг сайжруулж, авилгын эсрэг тэмцэл улам эрчимжив. Бүх улсын үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин чармайлтаар "12-р 5 жилийн төлөвлөгөө" амжилттай биелж, нийт ард иргэд маань сэтгэл хангалуун байна.
2015 онд, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, цэргийн парад зохион байгуулж, "шударга ёс заавал ялна, энх тайван заавал ялна, ард түмэн заавал ялна" гэсэн маргашгүй үнэнийг даян дэлхийд нотлон харуулав. Бид өөрчлөлт шинэчлэлээр цэрэг армиа хүчирхэгжүүлэх стратегийг бүх талаар хэрэгжүүлэн, цэргийн тоогоо 300 мянгаар цомтгохоо зарлалаа. Түүнчлэн миний бие Сингапурт ноён Ма Инжүтэй 66 жилийн дараа түүхэн уулзалт хийж, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайванч харилцааны хөгжил бол хоёр эргийн ахан дүүсийн хамтын хүсэл эрмэлзэл гэдгийг даян дэлхийд харуулсан юм.
Улиран одож буй 2015 онд Бээжин хот 24 дэх удаагийн өвлийн олимпын наадам зохион байгуулах эрхийг авч, Хятад улсын мөнгөн тэмдэгт юань Олон улсын валютын сангийн зээлжих тусгай эрх авч, Хятад улс бие дааж зохион бүтээсэн С919 том оврын зорчигч тээврийн нисэх онгоц үйлдвэрлэж, Хятад улсын супер компьютер зургаа дахь жилдээ дэлхийн аварга болж, бид өөрсдийн зохион бүтээсэн хар материйг судлах хиймэл дагуулаа амжилттай хөөргөж, хатагтай Тү Юү-Юү Нобелийн шагнал хүртсэн Хятадын анхны эрдэмтэн болсон гээд олон сайхан амжилт гаргалаа. Энэ бүхэн цуцалтгүй хүчин чармайлт гаргаж чадвал хүсэл мөрөөдлөө заавал биелүүлдгийн тод жишээ юм.
Өнгөрөн одож байгаа 2015 онд, бид баяр жаргал, гуниг зовлонгийн аль алийг амссан. "Дорнын од" хөлөг онгоц живж, Тяньжинь боомтод дэлбэрэлт болж, Шэньжэнь хотод хөрс нурсан зэрэг олон хүний аминд хүрсэн томоохон ослууд гарсан. Түүнчлэн террорист этгээдийн гарт Хятад иргэд амиа алдсан. Энэ бүхэн бидний сэтгэлийг маш их эмзэглүүлж байна. Бид харамсалтайгаар амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, ослоос эсэн мэнд үлдсэн хүмүүст эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна. Мөн иргэдийн амьжиргаанд багагүй хүндрэл учирсаар байна. Нам, засгийн газар иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг үнэнхүү хамгаалж, амьжиргааг нь тасралтгүй дээшлүүлж, эрүүл мэндэд нь улам илүү анхаарал хандуулах болно.
Анд найз нар аа, хатагтай ноёд оо:
2016 он бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрийг хэрэгжүүлэх анхны жил юм. ХКН-ын 18 дахь удаагаа сонгогдсон Төв хорооны 5-р бүгд хурлаар ирэх таван жилийн хөгжлийг чиг хандлагыг тодорхойлсон билээ. Алс ирээдүйн хөгжил дэвшил та биднийг даллан дуудаж байна. Гэвч аз жаргал гэдэг өөрөө хүрээд ирдэггүй. Тиймээс бид итгэл зоригоо хөвчлөн, шаргуу хөдөлмөрлөн, "инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах" гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, бүтцийн чанартай өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого, нийгмийн шударга байдлыг хамгаалж, хөгжүүлэхийн зэрэгцээ улс төрийн цэвэр орчин бүрдүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах эхний гарааг сайтар тавих хэрэгтэй болоод байна.
Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад 1 тэрбум 300 сая иргэний хамтын хүчин чармайлт шаардлагатай. Хөдөө орон нутгийн хэдэн арван сая иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь бидний анхаарлын төвд байгаа асуудал. Бид ядуурлыг бууруулах ажлыг бүх талаар эхлүүлсэн болохоор нийт намын гишүүд, улс орон даяараа сэтгэл санаагаа нэгтгэж, улс орныхоо хөгжлийн дутмаг талыг хүчин зүтгэл гарган нөхөж, хөдөө тосгоны бүх ядуу хүн амыг товлосон цагт нь ядуурлаас ангижруулах хэрэгтэй. Ядуу иргэдийг бид улам илүү халамжилж, тэдэнд байнга сэтгэл санааны эрч хүч, дэм өгөх ёстой.
Анд найз нар аа, хатагтай ноёд оо:
Бид ганц эх дэлхийтэй, тэр бол та бидний хамтын гэр орон. Өнгөрч буй 2015 онд манай улсын удирдагчид олон улсын олон хурал чуулганд оролцож, олон олон дипломат арга хэмжээ зохион, "нэг бүс нэг зам" стратегийн бүтээн байгуулалтад бодитой ахиц дэвшил гаргаж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах тухай олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Уудам их эх дэлхийд маань олон асуудал тулгарч, тэр бүхнийг шийдэхийн төлөө Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын дуу хоолой, хүчин чармайлтыг хүсэж байна. Тиймээс бид эдгээр арга хэмжээнд эрхбиш оролцох хэрэгтэй. Дайн дажны хөлд сүйдсэн улс орнуудын иргэдийг хараад бид сэтгэл эмзэглээд өнгөрч болохгүй. Түүнээс илүүтэйгээр олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлж, бодит арга хэмжээ авч ажиллах ёстой. Хятад улс дэлхийн улс орнуудтай цаг ямагт нээлттэй харьцаж, хүндрэл бэрхшээлтэй улс орнуудын иргэдэд бид бүх хүчээрээ туслан, анд нөхдөө улам нэмэгдүүлсээр байх болно.
Олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэж, эвийг эрхэмлэн харьцаж, улам илүү хамтран ажиллаж, санал зөрөлдөөн, сөргөлдөөнөө хойш тавьж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг бид хүсэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Эрхэм сонсогчид оо, сая та бүхэнд Хятадын Олон Улсын Радио, Хятадын Төв Радио, Хятадын Төв телевизээр дамжуулж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2016 оны шинэ оны баярын мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэлээ. Баяртай.
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn