Олон үндэстний Хэбэй муж
12-31-2015 13:55
Хятадын төв хэсэгт Бээжин хотыг хүрээлэн оршдог Хэбэй муж 188 мянган ам дөрвөлжин км газар нутаг, 72.8 сая хүн амтай. Хойд талаараа Өвөр Монгол, зүүн хойгуураа Ляонин, баруун, баруун урд талаараа Шаньши, урдуураа Хэнань, зүүн болон зүүн урд талаараа Шаньдун мужтай зах нийлнэ. Хэбэйд 53 үндэстэн аж төрдөг. Тус мужийн Жанчхүү, Шижяжуан хотод 140 мянган монгол үндэстэн бий. Бээжин хотыг тойрсон давуу байрлалтай, нийслэлээс гадагш чиглэсэн гол гол авто зам, төмөр зам энэ мужийн нутгаар дайрч өнгөрдөг тул зам харилцааны асуудал бүрэн шийдэгдсэн, төмөр замын ачаа тээврийн гол зангилаа юм. 1981 оноос Хэбэй мужийн гадаад харилцаа идэвхжин хөгжиж 180 гаруй улс оронтой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай болжээ.
Хэбэй муж байгалийн баялаг ихтэй, төрөл бүрийн ашигт малтмалын 151 орд илэрснээс 120-ынх нь нөөцийг тогтоожээ. Хятадын хэмжээнд хамгийн томд орох төмрийн ордын нэг энэ мужид байдаг. Мөн чулуун болон хүрэн нүүрсний нөөцөөр улсдаа дээгүүр ордог, зэс молибден, цайр, титан зэрэг эрдэс баялгийн ордтой. Нүүрсний гол ордууд нь төмөр замаар холбогдсон тул Хятадын эрчим хүчний эх үүсвэр, гол ханган нийлүүлэгч юм.
Хэбэй газрын тосны нөөц ихтэй, 1 тэрбум тонн газрын тосны нөөцийг тогтоогоод байна. Байгалийн хийн нөөц 180 тэрбум шоо метр. 2010 оны эцсийн байдлаар, мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2 триллион гаруй юань буюу улсдаа зургаад оржээ. Хот суурины хүн амын дундаж орлого 16 мянган юань, хөдөөгийн хүн амын орлого 5510 юань. Ган, төмөрлөгийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ахуйн хэрэглээний машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр хөгжсөн. Синзи хот арьс шир боловсруулах үйлдвэр, Баодин хот ноос боловсруулах, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэр төрөлжүүлэн хөгжүүлжээ.
Жанбэй адуу, талын улаан үхэр, у-ань хонь, шэнжөү гахай зэрэг сайн үүлдрийн мал өсгөдөг. Далайн эргийн дагуу 110 гаруй томоохон загасны аж ахуйтай. Хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн нь газар тариалан, мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн байдаг. 2013 онд 33 сая тонн үр тариа, 79 сая тонн хүнсний ногоо хурааж, 4.5 сая мах махан бүтээгдэхүүн, 3,4 сая тонн өндөг, 4.5 сая тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Цагаан хэрмийн төгсгөл Шанаган боомт хэмээх 4 хаалгатай, 14 метр өндөр, 7 метр өргөн, 4 км урт дөрвөлжин цайз тус мужийн түүх соёлын чухал дурсгал юм. “Тэнгэрийн доорх анхны цайз” гэж өргөмжилдөг тус дурсгал Хэбэй мужийн Чиндао хотоос зүүн хойшоо 15 км зайтай. Цайзын нэг хэсэг далай руу түрж орсноороо онцлог бөгөөд усан дээрх эртний уран барилгын дурсгал юм. Хэбэй мужийн Чэндэ хотын Вайба сүм хятад, монгол, түвд үндэстний онцлогтой эртний түүхийн дурсгалт газар юм. 12 дуган тус бүр өөр өөр шашны урсгалыг төлөөлдөг. Вайба сүмд 22,28 метр өндөр, 15 м бүдүүн модоор сийлсэн бурхан багшийн хөрөг байдаг бөгөөд түүнийг дэлхийн хамгийн том модон сийлбэр гэж үздэг.
Д.Гүнтөмөр
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn