CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Күнзийн нутаг Шаньдүн муж

12-28-2015 14:30

Шаньдүн муж Хятадын Дорнод тэнгисийн эрэг, Хатан голын доод урсгалд байдаг. Мужийн зүүн талд Шар тэнгис, хойд талд Бөхай тэнгис бий. Тус муж урдуураа Бөхай тэнгисийн булангаар Ляонин мужтай хиллэж, хуурай газраар Хэбэй, Хэнань, Аньхүй, Жянсү мужтай зах нийлнэ. 2013 оны бүртгэлд Шаньдүн 156 мянга 790 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр, 95.8 сая хүн амтай, хятад үндэстнээс гадна хотон, манж, монгол, жуан зэрэг цөөн тоот үндэстэнтэй хэмээн тэмдэглэжээ. Энэ мужид Юань улсын үед суурьшсан хэдэн мянган монгол хүн, хэд хэдэн монгол тосгон бий бөгөөд тэд цадиг түүх, ургийн бичгээ өнөөг хүртэл хадгалж байна.
Шаньдүн мужийн газар нутаг уулархаг, дов толгод ихтэй, төв хэсэгтээ өндөрлөг, дөрвөн талдаа нам дор. Мужийн нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь уулархаг, Тайшань, Мэншань, Лаошань, Чишань зэрэг томоохон уулстай. Далайн төвшнөөс 1545 метр өргөгдсөн Тайшань уулын Юйхуандин оргил мужийн хамгийн өндөр цэг юм. Тайшань уулыг Хятадын таван их тахилгат уулын тэргүүн хайрхан хэмээдэг. 100 километрээс урт гол мөрөн 18 буй нь Хатан гол, Хайхэ, Хуайхэ гурван том голын ай савд хуваагдана.

 

Шаньдүн сэрүүн бүсийн чийглэг уур амьсгалтай. Хавар, намар богино, зун, өвөл урт. Зун бөгчим халуун, чийглэг, өвөл нь хүйтэн, хуурай, хавар салхи ихтэй, намар сэрүүн байдаг. Агаарын дундаж жилд +11+14 хэм, 1 дүгээр сард +1+5 хэм, 7 дугаар сард +24+28 хэм болдог. Жилд дунджаар 550-950 мм хур тунадас унана.

Байгалийн баялаг ихтэй, ашигт малтмалын төрөл зүйл олон, нөөц ихтэй. 100 гаруй ашигт малтмал илрүүлснээс алт, хүхэр, жоншны нөөцөөр Хятадад тэргүүлдэг. Алмаз газрын тос, бал чулуу, магни, хөнгөн цагаан, кобальтаар хоёрт ордог. Тус мужид Хятадын жамц давсны дөрвөн том ордын нэг бий. Шаньдүн муж 3400 гаруй төрлийн ургамал, 400 гаруй төрөл зүйлийн ан амьтантай. Сарт цагаан тогоруу, цагаан тогоруу, хун зэрэг нэн ховор жигүүртэн, 800 гаруй төрлийн эмийн ургамалтай.

Шаньдүн муж бол Хятадын хүчирхэг эдийн засаг бүхий хөгжингүй мужийн нэг юм. Өдгөө тус муж эдийн засгийн ерөнхий хэмжээгээрээ бүх Хятадад гуравт орж байна. Мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 5.4 триллион юань, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 56 мянган юань хүрч, 2012 оны үзүүлэлттэй харьцуулбал тус бүр 9 гаруй хувиар өсжээ. Газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн салбар ДНБ дэх эзлэх хувь хэмжээ 8.7 хувь, аж үйлдвэрийн салбар 50.1 хувь, үйлчилгээ, мэдээллийн салбар 41.2 хувийг эзэлж байна. 

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуй жигд хөгжсөн. Усалгаат газар тариалангаас жилд хоёр удаа ургац авна. Улаан буудайн тариалалт, гахай үржүүлгээр улсдаа тэргүүлдэг. Эрдэнэ шиш, ноён шиш, нарим, чихрийн манжин, шош, хөвөн, газрын самар, тамхи, олсны ургамал ихээр тариалдаг. Эрт үеэс торгоны хүр хорхой үржүүлсэн уламжлалтай. Цэнгэг усны 95 төрлийн загас байдгаас эдийн засгийн үр ашиг ихтэй 20 гаруй төрлийн загас бий. Алим, чавга, лийр, тоор жимс элбэг. Хятадын сэрүүн бүсийн мужууд дотроо жимс жимсгэнэ үйлдвэрлэгч гол нутаг юм.

Шаньдүн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт хэмжээ, өсөлтөөрөө бүх Хятадад гуравт орж байна. Үр тариа, хөвөн, тосны ургамал, мах, өндөг, сүү үйлдвэрлэгч тул хөнгөн аж үйлдвэр, нэн ялангуяа нэхмэл, хүнсний аж үйлдвэр сайн хөгжсөн. Хүнд аж үйлдвэрийн салбар ч маш өндөр өсөлттэй байгаа. 2013 онд тус мужийн хэмжээнд 20 сая юаниас дээш жилийн орлоготой аж ахуйн нэгж 38.6 мянга бүртгэгдсэн бөгөөд 2012 оноос 1796 аж ахуйн нэгж шинээр нэмэгджээ. 2013 онд тус мужийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2.4 триллион юань хүрч, 41 салбарын 39 нь өссөн үзүүлэлттэй байв.

Шаньдүн зам харилцааны боловсронгуй системтэй. 2013 онд мужийн хурдны авто замын хучилт 4994 км хүрсэн ба 2020 он гэхэд 6200 км хүргэхээр ажиллаж байна. Бээжин-Шанхайн хурдны төмөр зам зэрэг 18 чиглэлийн төмөр замын гол шугамд холбогдсон. Тус мужийн Жинань, Чиндао, Хантай зэрэг хотын 12 нисэх онгоцны буудлаас Япон, Солонгос, Сингапур, Хонконг руу шууд нислэг хийдэг.

Жинань бол Шаньдүн мужийн төв, эртний түүхт хот юм. Жинань хотын "Мянган бурхант уул", "Дамин нуур", "Баотү булаг" ихэд алдартай. Чиндао бол Шаньдүн мужийн аж үйлдвэр, аялал жуулчлал, амралт сувиллын хот юм. Зибө эртний түүх дурсгал ихтэй аж үйлдвэрийн хот юм. Яньтай Шаньдүний тэнгис далайн загас агнуурын хамгийн том бааз, Шаньдүний хойгийн эдийн засгийн төв, нэрд гарсан боомт, аялал жуулчлалын хот юм.

Эртний түүхт Шаньдүн нутаг Хятадын үндэстнүүдийн соёлын бас нэгэн голомт юм. Тус нутагт 4000-7000 жилийн тэртээ хүн амьдарч байжээ. Шаньдүний Чюйфү хэмээх газар Хятадын эртний их сэтгэгч, соён гэгээрүүлэгч Күнз төрсөн гэдэг бөгөөд өдгөө тэнд түүний тахилгын сүм, гэр музей байдаг. Күнзийн сүмийг Сүн улсын үед 1038 оноос эхлэн байгуулж Мин, Чин улсын үед өргөтгөн зассан байна. Күнзийн ордон, сүмд эртний бичиг дурсгалын зүйл олноор хадгалагдаж байна.
 
Шаньдүн мужийн төв хэсэгт Тайшань уул байдаг. Эргэн тойрон 200 км энэ уулын, Тяньжү буюу Тэнгэрийн тулгуур хэмээх хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс 1545 метр өндөр. Хосгүй үзэсгэлэнт Тайшань ууланд түүх соёлын өв их бий. Хятадын түүхэнд энэ уултай холбоотой үлгэр домог олон. Хятадын таван их хайрхны нэг болох энэ уулыг 1987 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд оруулжээ.

                                                                                                  Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100