Түүхийн дурсгалт Шааньши муж
12-25-2015 18:25
Шааньши муж Хятад орны төв хэсэгт Хатан гол, Хөх мөрний хоорондох хөндийд оршдог. Зүүн талаараа Шаньши, Хэнань мужтай, өмнүүрээ Хүбэй, Сычуань мужтай, баруун талаараа Ганьсү мужтай, баруун хойд, хойд талаараа Нинся, Өвөр Монголтой зах нийлнэ. Хойноос урагш 870 км, зүүнээс баруун тийш 200-500 км буюу 205 мянган 800 ам дөрвөлжин км газар нутаг, 40 сая шахам хүн амтай. Хятадын хүн амын бараг 3 хувь нь тус мужид амьдарч байна. Мужийн хүн амын 99.5 хувь нь хятад, бусад нь хотон, монгол, манж, жуан, түвд үндэстэн юм.
Шааньши нутгийн уур амьсгал урин дулаан, хөрс шороо нь үржил шимтэй, эд агуурсаар баян тансаг. Тус муж Ши-Ань, Баожи, Сянь-Ян, Вэйнань, Тунчуань, Ханьжүн, Янь-Ань 7 хот, Юйлинь, Анькан, Шанлө 3 бүс, 107 сяньтай. Мужийн нутаг урд, хойд талаараа уулархаг, төв хэсгээрээ нам дор, умард хэсгийн өндөрлөг шар хөрстэй, хөрс шорооны идэгдэл ихтэй. Чиньлин, Хуашань зэрэг томоохон уул нуруутай, далайн төвшнөөс дээш 3769 метр өргөгдсөн Чиньлин нурууны Тайбайшань оргил тус мужийн хамгийн өндөр цэг юм.
Шааньши дөрвөн улирал, эх газрын сэрүүн бүсийн хуурай уур амьсгалтай. Зун аагим халуун, хур бороо бага, өвөл дулаан, агаарын дундаж дулаан жилд +9+12 хэм, 1-р сард -1-3 хэм, 7-р сард +21+28 хэм болдог. Жилийн хяруугүй хугацаа 150-170 хоног, дунджаар 680 мм хур тунадас унана.
Шааньши байгалийн баялаг ихтэй, ашигт малтмалын нөөцөөрөө Хятадад дээгүүр ордог. 92 төрлийн ашигт малтмал илрүүлснээс нүүрс, төмөр, мангани, зэс, хөнгөн цагаан, молибден, хар тугалга, цайр, алт, фосфор, нефть, шохойн чулуу, бал чулуу зэрэг 30 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад эхний аравт орно. Мөн усаар баялаг, 100 шоо км-ээс дээш урсгалтай гол 583, 1000-1500 шоо км-ээс дээш урсгалтай гол мөрөн 55 байна. Амьтан ургамлын төрөл зүйл олон. Ой модны бүрхэвч 4 сая 708 мянган га, ой модны нөөц 295 сая шоо метр. Чиньлин нуруу 2150 гаруй төрлийн ховор ургамал, 140 гаруй төрлийн ан амьтан 360 гаруй зүйлийн шувуутай.
Шааньши муж хөдөө аж ахуй, газар тариалангаас гадна сүүлийн жилүүдэд аж үйлдвэр, үйлчилгээний салбарыг идэвхтэй хөгжүүлж байна. 2013 онд мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 триллион юань, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 42692 юань хүрч, 2012 оны үзүүлэлттэй харьцуулбал тус бүр 10-аас дээш хувь өсжээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ ДНБ-д эзлэх жин 55.5 хувь хүртэл нэмэгдсэн байна.
Шааньшид голдуу буудай, эрдэнэ шиш, усан тутарга, хөвөн, шилэмдэг, олс, газрын самар, шар буурцаг, тамхи, маалинга тариалдаг. Умард хэсэгтээ жилд нэг удаа, төв нутгаар хоёр жилд гурван удаа ургац авна. 2013 онд 12 сая тонн үр тариа, 125 мянган тонн жимс ногоо хураан авчээ. Нүүрс, нефть, архи, хөвөн, гурил, цахилгаан эрчим хүч, нефть, болд, механик, цемент, химийн бордоо, цаас, хуванцар материал, шаазангийн аж үйлдвэртэй. 2013 оны эцсээр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 750 тэрбум юань, өсөлт нь 12.7 хувь байв. Шааньши төмөр замаар гол болгосон авто зам, агаарын зам, усан тээврийн нэгдсэн сүлжээтэй. 7 чиглэлийн хурдны төмөр зам, 6 чиглэлийн энгийн төмөр замын шугамтай. Ши-Ань төвтэй бусад сянийг холбосон авто замын боловсронгуй сүлжээтэй. Бээжин, Чүнчин, Чэндү, Шанхай, Жэньжөү, Күньмин, Гуанжөү, Ланьжөү зэрэг хот руу шууд нислэгтэй. Шааньши мужид Хуашань, Лишань зэрэг хосгүй үзэсгэлэнт уулс, Чинь Шихуань хааны бунхан, Си-Эн Си хийдийн Да Янта суварга, Цүнфү Си хийдийн Шяо Янта суварга зэрэг түүх соёлын хосгүй үнэт өв олон бий.
Мужийн төв Ши-Ань хот 2000 гаруй жилийн түүхтэй, Хятадын эртний 6 их нийслэлийн нэг, Торгоны замын зүүн үзүүрийн чухал өртөө байсан тул түүх соёлын дурсгалт зүйлээр баялаг. Ши-Ань хотын хуучин нэрийг Чан-Ань гэдэг бөгөөд Хятадын олон үндэстний соёлын өлгий нутаг юм. Ши-Ань Баруун Жөү, Чинь, Баруун Хань, Баруун Жинь, Өмнөд, Умард Чинь, Баруун Вэй, Умард Жөү, Сүй, Тан зэрэг 13 төрийн үед 1100 гаруй жил нийслэл хот байжээ.
Д.Гүнтөмөр