CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хязгаар нутаг Хармөрөн муж

12-23-2015 18:18

 

Хармөрөн БНХАУ-ын хамгийн зүүн хойд талын муж юм. Зүүн болон хойд талаараа Хар мөрөн, Уссури мөрнөөр ОХУ-тай 3045 км газраар хиллэнэ. Баруун талаараа ӨМӨЗО-той, өмнөд талаараа Гирин мужтай зах нийлнэ. Хармөрөн муж Хятадын нийт газар нутгийн 4.7 хувь буюу 473 мянган ам дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр Шинжаан, Түвд, Өвөр Монгол, Хөхнуур, Сычуаний дараа зургаад орно. Сэрүүн хүйтэн бүсийн эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөл урт хүйтэн, зун богино дулаан. Агаарын дундаж жилд +5 хэм, 1 дүгээр сард -1-5 хэм, 7 дугаар сард +18+23 хэм дулаан байдаг.

Хармөрөн мужийн газар нутгийн тавин хувь нь уул, арван хувь нь ус, арван хувь нь тал, гучин хувь нь тариалангийн талбай юм. Баруун хойд хэсгээрээ уулархаг, өндөрлөг, зүүн өмнөд хэсгээрээ намхан, баруун өмнө, зүүн хойд хэсгээрээ нам дор газартай. Их, Бага Хянганы нуруу, Жангуанцай, Вандашань зэрэг томоохон уул нуруутай. Хар мөрөн, Сунгар, Нуун мөрөн, Уссури, Сүйфэн зэрэг томоохон гол мөрөн, Хинкай, Жинбө зэрэг таван том нуур, 1900 гаруй гол горхи, тойром бүрдтэй.

2013 оны бүртгэлд, тус муж 38.3 сая хүн амтай, хятад, монгол, хотон, манж, солонгос, дагуур, эвенх, хэжэ зэрэг үндэстэнтэй гэж тэмдэглэжээ. Цөөн тоот үндэстнүүд дунд манж, солонгос, монгол, хотон үндэстэн 100 мянгаас их, дагуур үндэстэн 43 мянга, бусад нь 10 мянга хүрэхгүй хүн амтай. Хармөрөн мужийн монголчуудын ихэнх нь Дөрвөдийн Монгол үндэстний өөртөө засах хошуунд аж төрдөг юм.

Хармөрөн ашигт малтмалаар баялаг, нөөц ихтэй. Хятад улсын хэмжээнд олж илрүүлсэн 150 гаруй төрлийн ашигт малтмалын 119 нь тус мужид байдаг. Нөөцөөрөө Хятадад эхний аравт орох орд газар 20 гаруй бий. Газрын тос, чулуун нүүрс, алт, бал чулууны ихээхэн нөөцтэй. Алтны шороон орд, цахиур чулуу, ширмэн чулуу, болор, уран, молибден, цайр, мөнгө, зэс, гантиг, эрдэнийн чулууны уурхай, үйлдвэртэй.

Тус мужийн ойн бүрхэвч 13 сая га, модны нөөц 1,3 тэрбум шоо метр. Ойн бүрхэвч, модны нөөц, мод, модон материалын үйлдвэрлэлээрээ Хятадад тэргүүлдэг. 100 гаруй төрлийн мод бут ургадгаас улаан нарс, цагаан нарс, усан мөгт, умардын хушга зэрэг үнэт, ховор мод, бут бий. Хармөрөн ан амьтан ихтэй. Уссурийн бар, цагаан тогоруу, булга, халиу, цаа буга зэрэг ховордсон ан амьтадтай. 

Хармөрөн мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 оны дүнгээр 1.3 триллион юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10 хувь өссөн үзүүлэлттэй байв. Мужийн хөдөө аж ахуйд хүнсний ногооны тариалан голлодог бөгөөд Хятадын таваарын үр тарианы гол нутаг. Шар буурцаг, эрдэнэ шиш, улаан буудай, тутарга, нарим, ноён шиш ихээр тариалдаг. Чихрийн манжин, маалинга, наранцэцэгийн тариалалтаараа Хятадад тэргүүлдэг. Мал аж ахуй хөгжсөн. Адуу, үхрийн тоо толгой, сүү, сүүн бүтээгдэхүүнээр Хятадад дээгүүр ордог. 2013 оны эцсийн байдлаар, тус мужийн газар тариалан, ойн аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 211.3 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 6.5 хувь өсжээ. Нүүрс, газрын тос, хүнсний бүтээгдэхүүн, цаас, нэхмэл сүлжмэл, каучук, элсэн чихрийн үйлдвэр сайн хөгжсөн.

Зүүн хойд Азийн төвд байрладаг тус муж ОХУ зэрэг тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, бүс нутгийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломжтой. Хармөрөн мужийн төв Харбин хот мужийн төдийгүй Хятадын зүүн хойд нутгийн эдийн засаг, соёл, шинжлэх ухаан техник, зам харилцааны төв юм. Харбин Хармөрөн мужийн өмнөд хэсэгт байдаг, өнө эртний түүхтэй хот юм. Тэнд 200 мянган жилийн тэртээх хуучин чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсан бөгөөд 800 гаруй жилийн өмнө зүрчидүүд хот суурин байгуулжээ. XX зууны эхэн үед Харбин хот Хятадын зүүн хойд нутгийн худалдааны төв болж Токио, Лондон, Парис, Москва, Нью-Йорк хоттой шууд худалдаа хийж байжээ. 

Харбин өдгөө Хятадын аж үйлдвэрийн чухал бааз болсон юм. Том дунд оврын аж ахуйн нэгжээр гол болгож, механик цахилгаан хөдөлгүүр, нефть, химийн аж үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, нэхмэл, барилгын материалын аж үйлдвэрээр тулгуур болгосон олон төрлийн, хүнд хөнгөн аж үйлдвэр хослон хөгжсөн хот юм. Харбин хотын өнгө үзэмж төгөлдөр, үзэсгэлэнт сайхан Сунгари мөрөн, Наран арал, гоёмсог архитектуртай барилга байшин, оршин суугчдын амьдралын өвөрмөц хэв маягаараа нэрд гарч, аялал жуулчлалын томоохон хот болжээ. Зуны улиралд гадаад дотоодын жуулчид ирэхээс гадна жил бүрийн 1-р сарын 5-нд эхэлдэг Харбины цасны баярт зочин гийчин олноороо ирдэг.  

Чичхар хот Хармөрөн мужийн баруун хэсгийн улс төр, эдийн засаг, соёлын төв юм. Чичхар гэдэг “Хязгаарын хот” гэсэн утгатай дагуур үг. Чичхар урт удаан түүхтэй, аялал жуулчлалын нөөц ихтэй. Жалүний тогорууны дархан цаазат бүс энэ хотод бий. Харин Дачин хот муждаа төдийгүй бүх Хятадад нэртэй нефть химийн аж үйлдвэрийн хот юм. Өнгөрөгч зууны 50-аад онд Хятад улсад нефтийн орд, нефть, химийн аж үйлдвэр байгаагүй учраас нефтийн бүтээгдэхүүнээр ядууд тооцогддог байлаа. Тэр үед Дачингийн нефтийн ордыг илрүүлж тус хотыг байгуулсан юм. Дачинг 1955 оноос эхлэн байгуулж, 1959 оны 9-р сарын 26-нд, БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойн босгон дээр худгаас анхны нефть оргилсон болохоор их баяр гэсэн утгатай Дачин хэмээх нэр өгчээ.

                                                                                                    Д.Гүнтөмөр

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100