Бидний танил Хайнань
12-22-2015 16:55
Хайнань муж Хятадын хамгийн урд хэсэгт Өмнөд Хятадын тэнгист оршдог. Хайнань Гуандүн мужийн Лэйжөүгийн хойгтой Чюнжөүгийн хоолойгоор, баруун талаараа Умардын булангаар Вьетнамтай хиллэнэ. Хайнань газар нутгийн хэмжээгээрээ Хятадад хоёрт ордог арал юм. Тус арал эх газраас 20 км өргөн, 60 метр гүн Чюнжөүгийн хоолойгоор арал болж тусгаарлагджээ. Хайнань мужийн харьяанд Хайнань арлаас гадна Өмнөд тэнгисийн Шиша, Наньша, Жүнша зэрэг ольтригийн арлууд болон түүний харьяа тэнгисүүд багтана.
Хайнань арал, түүний харьяа олтригуудын хуурай газрын нутаг дэвсгэр 35,4 мянган ам дөрвөлжин км, далайн нутаг дэвсгэр 2 сая ам дөрвөлжин км. Харин Хайнань арлын нутаг дэвсгэр 33,9 мянган ам дөрвөлжин км, зүүн хойноос баруун урагш 290 км, баруун хойноос зүүн урагш 180 км, эргийн нийт урт 1528 км юм. Арлын нутаг дэвсгэрийн 38,7 хувь нь уулархаг, 49,5 хувь нь өндөрлөг, 11,2 хувийг далайн эрэг орчмын нам дор газар юм.
2012 оны эцсээр Хайнань мужид байнгын оршин суугч хүн ам 8.8 сая гаруй байв. Хайнань бол Хятадын өмнөд нутгийн хүн ам нэлээд сийрэг суурьшсан муж юм. Хүн амынх нь 83 хувь нь хятад, бусад нь цөөн тоот үндэстэн. Тус мужид 37 үндэстэн оршин суудгаас ли, мяо зэрэг арлын уугуул оршин суугчид, хожим нүүдэллэн очсон хотон үндэстэн олон. Ли үндэстэн 1.3 сая, мяо үндэстэн 60 мянга, хотон үндэстэн 10 мянга орчим бий. Мяо үндэстний дийлэнх нь христийн шашин шүтдэг бол хотончууд лалын шашинтай.
Хайнань арлын уулс далайн төвшнөөс дээш 500-800 метр өндөр бөгөөд тус арлын төвд орших хамгийн өндөр уул Үжишаний ноён оргил 1867 метр. Арлын хэмжээнд 154 голтой, бүгд далайд цутгана. Уур амьсгалын хувьд халуун бүсийн улирлын салхи, халуун бүсийн тэнгис далайн цаг агаарын онцлогтой. Зун их халахгүй, өвөл урин дулаан, бохирдолгүй цэвэр тунгалаг тэнгисийн ус, халуун бүсийн байгалийн өнгө үзэмжтэй, аялал жуулчлалын орон юм. Хайнань арлын жилийн дундаж дулаан +23,4+26,5 хэм, зуны улиралд +34+40 хэм байдаг. Жилд дунджаар 1437-3022 мм, хур бороо ихтэй Yжишань ууланд 5500 мм хур тунадас унадаг. Борооны улирал 4-10 дугаар сар хүртэл үргэлжилнэ.
Номхон далайн Зүүн Өмнөд Азийн бүс нутагт байнга тохиолддог далайн хар шуурга тус арлыг дайран өнгөрдөг бөгөөд 6-9 дүгээр сарын хооронд дунджаар 6-8 хар салхи тус арлыг дайрч, нэлээд хэмжээний хохирол учруулдаг байна. Хайнань аралд очиход цаг агаарын хамгийн тааламжтай үе 11-4 дүгээр сар, 12 дугаар сарын сүүлээр сэрүүвтэр байдгийг эс тооцвол ихэвчлэн 20 орчим хэмийн дулаан байдаг. Азийн Бө-Аогийн чуулга уулзалт зэрэг олон чухал арга хэмжээг Хайнань аралд зохион байгуулдаг. Хайнань арал Хятадын Зүүн Өмнөд Азид нэвтрэх хамгийн дөт үүд хаалга юм.
Хайнань арал ургамал, амьтны нөөцөөр баялаг. 4000 орчим төрлийн мод, ургамал тус аралд ургадаг нь Хятадын нийт мод, ургамлын төрөл зүйлийн долооны нэг болох бөгөөд үүнээс 630 гаруй төрөл нь зөвхөн тус арал дээр ургана. Нийт 567 төрөл зүйлийн ан амьтнаас 30 гаруй төрөл нь Хятадын хэмжээнд зөвхөн тус арал дээр байдаг ажээ. Ашигт малтмалын хувьд сайн чанарын давсны ихээхэн нөөцтэй. Нийт 88 төрлийн ашигт малтмал тус аралд бүртгэгдсэн нь хар болон өнгөт төмөрлөг, үнэт металл, газрын ховор элемент, барилгын материал, цэвэр ус зэрэг болно. Мөн сайн чанарын элс ихтэй, байгалийн хийн нөөцөөр Хятадад тэргүүлдэг.
Хайнань 1988 онд мужийн зэрэглэлтэй болсон, хятадын хамгийн залуу муж юм. Засаг захиргааны хувьд мужийн зэрэглэлийн 3 хот, сяний зэрэглэлийн 6 хот, 4 сян, үндэсний цөөнхийн өөртөө засах 6 сянь, 8 дүүрэг, эдийн засгийг хөгжүүлэх нээлттэй нэг бүстэй. Мужийн зэрэглэлийн гурван хот нь тус мужийн төв Хайкөү, аялал жуулчлалын төв Сань-Я болон Саньша хот юм.
Хайнань мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2013 оны дүнгээр 285.5 тэрбум юань хүрч, жилийн дундаж өсөлт 11.8 хувь байв. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ анх удаа 5000 ам доллар давжээ. 2013 онд тус мужийн аж үйлдвэрийн өсөлт 2007 оныхоос 1.6 дахин нэмэгджээ. Загас агнуур, аялал жуулчлал, далайн тээвэр зэргийг тулгуур үйлдвэрлэл болгон хөгжүүлж, далайн аж ахуйн өсөлтийг мөн 2007 оныхоос 2.2 дахин нэмэгдүүлж чаджээ.
Янпү эдийн засгийг хөгжүүлэх нээлттэй бүсийн бүтээн байгуулалтыг ахиулж, татварын хөнгөлөлттэй бодлогод 9.7 ам дөрвөлжин километр талбайг хамруулжээ. 2013 онд Хайнань муж 5-А зэрэглэлийн аялал жуулчлалын хоёр бүс, таван одтой 33 зочид буудал шинээр байгуулан, Фэнхуан буюу Гарьд нэртэй олон улсын аяллын хөлөг онгоц, Хайкөү булан, Сань-Я, Хүнжөү зэрэг олон улсын стандартад нийцсэн аяллын онгоцны зогсоол байгуулан ашиглалтад оруулжээ. Ингэснээр Хайнаньд аялагчдын тоо 33.2 саяд хүрч, аялал жуулчлалын салбарын орлого 37.9 тэрбум юань болж өсжээ.
Хайнань мужийн улс төр, эдийн засаг, соёлын төв Хайкөү хот Хайнань арлын хойд үзүүр, Чюнжөүгийн хоолойн өмнө эрэгт байдаг. Хайкөү бол Хятадын өмнөд нутгийн аялал жуулчлал, гадаад худалдааны чухал хот юм. Хайкөү халуун дулаан завсрын бүсийн уур амьсгалтай. Гэрэл, дулаан, илч, усаар баялаг. Цаг агаар урин дулаан, үргэлжийн зун хэвээрээ байдаг, өдөр халуун, өглөө орой сэрүүн. Үзэсгэлэнт байгаль, түүх соёлын арвин их дурсгалтай. Тэнгисийн хөвөө нь торгон цагаан элстэй, бохирдоогүй цэвэр тунгалаг устай болохоор гадаад дотоодын жуулчид их очно.
Хайкөү урт удаан түүхтэй, НТӨ 110 оны үеэс тэнд хот суурин байгуулжээ. 1988 онд Хайнань мужийг анх байгуулахдаа Хайкөү хотыг мужийн төв болгосон юм. Өдгөө Хайкөүд аж үйлдвэр, нэн ялангуяа ундаа, хүнсний бүтээгдэхүүн, каучук бүтээгдхүүн, химийн мяндсан нэхмэл, цахим, хуванцар, механик, химийн аж үйлдвэр, барилгын материал, эм бэлдмэл, савхин эдлэлийн үйлдвэрлэл түргэн хөгжиж байна.
Сань-Я бол Хайнань мужийн хоёр дахь том хот, Хятадын өмнөд нутгийн халуун бүсийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын үзэсгэлэнт хот юм. Сань-Я жилийн дөрвөн уларилд цэл ногооноороо байдаг, уул ус хосолсон үзэсгэлэн байгальтай. Тэнд улсын зэрэглэлийн аялал жуулчлал, амралт сувиллын газар олон бий. Тэнгэрийн хязгаар далайн хөвөө, Дорнод тэнгис, буга буцсан газар, Сань-Ягийн булан, Билөдүн агуй зэрэг дэлхийд алдартай үзэсгэлэнт газрууд байдаг.
Байгалийн үзэсгэлэнт газруудад нар, тэнгис, элс, цэвэр агаар, ой мод, ан амьтан, халуун рашаан, чулуун агуй, үндэстний цөөнхийн аж амьдрал, хөдөөгийн үзэмж зэрэг эх баялагтай, уул, хот, гол, тэнгис, боомт бүхий гайхамшигт нутаг юм. Сүүлийн жилүүдэд Сань-Я хот хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулж, аялал жуулчлалын хотын шинэ төрхийг бий болгожээ. Сань-Я зам харилцаа сайтай, Бээжингээс Сань-Я орох олон ээлжийн онгоц нисдэг. Сань-Я халуун бүсийн онцлогтой олон улсын тэнгисийн эргийн аялал жуулчлалын орчин үеийн хот болон хөгжиж байна.
Д.Гүнтөмөр