Ши Жиньпин чухал заавар өгөв
12-21-2015 11:34
12-р сарын 20-ны 11 цаг 40 минутад Гуандүн мужийн Шэньжэнь хотын Гуанмин шинэ тойргийн Фэнхуан хорооллын Хэн Тайюй аж үйлдвэрийн паркт уул нурж, түүний ойролцоо оршиж буй баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагт дамжуулдаг хоолой дэлбэрчээ.
ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл уг ослыг дээд хэмжээнд анхааран үзэж, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар өгч, хүчээ төвлөрүүлэн авран туслах ажиллагаа явуулж, гамшигт өртсөн иргэдэд цаг хожин, амжиж туслах, хүний эндэгдэл бэртлийг хамгийн доор түвшинд тогтоон барьж, бэртсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, эндсэн хүмүүсийн ар гэрийнхнийг тохинуулах зэрэг ажлуудыг сайн хийж, шинжлэх ухаанчаар авран тусалж, уул нуралтаас улбаатай гамшиг дахиж гаргахаас сэргийлэхийг Гуандүн муж, Шэньжэнь хотын захиргаанд үүрэг болгожээ. Төв Засгийн газрын холбогдох салбар байгууллагууд ч орон нутгийнхны гамшиг, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын талаарх далдын эрсдэлийг шалган илрүүлэх, урьдчилсан төсөл боловсруулах ажлыг удирдан явуулж, урьдчилсан дохиолол, онц байдлыг аргацаах зэрэг арга хэмжээг эрчтэй авч, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ч чухал захирамж гаргасан бөгөөд Газар Баялгийн Яам, Орон Сууц, Хот Хөдөөгийн Байгуулалтын Яам зэрэг байгууллагууд ч албаны хүмүүсээ илгээн, авран туслах ажлыг удирдан хийж байна.
Одоогоор авран туслах ажил шуурхай, эрэмбэ дараатай явагдаж байна.
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn