Америкийн В-52 бөмбөгдөгч нисэх онгоц Өмнөд Хятадын тэнгист нэвтэрсэн талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа
12-21-2015 10:31
19-нд Хятадын Батлан хамгаалахын хэвлэлийн газар Америкийн В-52 бөмбөгдөгч нисэх онгоц Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын холбогдох шүрэн арлын ойролцоо нэвтэрсэн талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Сэтгүүлч энэ тухай асуухад Батлан хамгаалах яамны хэвлэлийн ажилтан хэлэхдээ, 12-р сарын 10-ны үүрээр Америкийн В-52 бөмбөгдөгч нисэх онгоц дур мэдэн Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын холбогдох шүрэн арлын агаарт нэвтэрсэн байна. Хятадын арми уг нисэх онгоцыг нягт хянаж байлаа. Шүрэн арал дээрх арми өндөржүүлсэн бэлэн байдалд байж, Америкийн цэргийн нисэх онгоцыг сэрэмжлүүлэн хөөж гаргасан гэжээ.
Нэг хэсэг хугацаанд Америкийн тал дараалан цэргийн хөлөг онгоц илгээж Өмнөд Хятадын тэнгист хүчээр далайлгаж, хурцадмал байдал бий болгосноор барахгүй стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц илгээж, холбогдох арлуудын ойролцоох агаарт нэвтэрч, Хятадын талын шүрэн арлыг хамгаалж буй хүмүүс, барилга байгууламжид ноцтой сүрдүүлэг учруулж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд заналхийллээ. Америкийн талын эдгээр үйл ажиллагаа цэрэг дайны ноцтой өдөөн хатгалга мөн. Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг ээдрээтэй болгож, цэрэгжүүлж байна. Америкийн тал шаардлагатай арга хэмжээ авч иймэрхүү аюултай үйл ажиллагаа дахин гарахыг хориглон, хоёр орны цэргийн харилцаанд нөлөөлөхгүй байхыг бид шаардаж байна гэжээ.
Америкийн өдөөн хатгасан үйл ажиллагаанд чиглүүлэн Хятадын арми шаардлагатай арга хэмжээ авч улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг эрс хамгаалах болно гэж тэр хэллээ. /Баатар орчуулав/
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn