CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хүн орхоодойн нутаг Гирин

12-14-2015 17:07

 

   Гирин муж Зүүн Хойд Хятадын төв хэсэгт оршдог. Хар мөрөн, Ляонин муж, ӨМӨЗО, ОХУ, БНСАУ-тай хил залгадаг. 190 мянган ам дөрвөлжин км газар нутаг, 28 сая орчим хүн амтай. Хятад үндэстнээс гадна манж, монгол, солонгос, хотон, шивэй зэрэг цөөн тоот үндэстэн оршин суудаг. Газар зүйн байршлын хувьд Зүүн хойд Азийн бүс нутгийн гүнд оршдог эх газрын эрс тэс, сэрүүн уур амьсгалтай муж юм. Нутгийн тал хувь нь уул нуруу, бусад нь тал хээрийн бүс юм. Гирин мужид Хянганы нуруу, Сибирийн тайгын үргэлжлэл болох их хөвч ойн зүүн урд үзүүр, Манжуурын тал, Сунгари, Ялужян мөрөн, Мудань, Түмэн гол бий. Эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай учраас өвөл урт, хүйтэн, зун богино, дулаан байдаг. Жилийн агаарын дундаж хэм +7 хэм, 1 дүгээр сард +1+4 хэм, 7 дугаар сард +16+24 хэм буюу Монголын цаг агаартай ижил.

 
   Тус муж байгалийн нөөц, ашигт малтмалаар баян. Өнөөгийн байдлаар янз бүрийн ашигт малтмалын 70 гаруй ордыг нээн ашиглаж байгаагаас газрын тос, төмөр, алт, никель, зэс молибден, нүүрсний томоохон орд бий. Ой модоор баялаг, 700 сая шоо метр ой модны нөөцтэй тул Хятадын ойн аж ахуйн чухал төв юм. Ой 8,7 сая гаруй га талбайг эзэлж байгаа нь Хятадын нийт ойн 5 гаруй хувьтай тэнцэж байна. Ургамал, амьтны төрөл, зүйлээр баялаг, эмийн чухал түүхий эд болох хүн орхоодойгоор баян. Булга, уссурийн бар, буга зэрэг ховор ан амьтантай.

   Гирин муж бол Хятадын аж үйлдвэрийн чухал бааз юм. Боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн, эдийн засгийн тулгуур үйлдвэрлэл нь автомашин, газрын тос, газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл юм. Түүнээс гадна төмөр зам, барилгын материал, электрон мэдээлэл, хөнгөн үйлдвэр, нэхмэл сүлжмэл эдлэл, эмийн үйлдвэрлэл зэргийг эрчимтэй хөгжүүлж байна. 2013 оны эцсийн байдлаар, Гирин мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1.2 триллион юань хүрч, 2012 оны мөн үеэс 8.3 хувь өссөн байв. Байнгын оршин суугчдын тоогоор авч үзвэл, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 47.1 мянган юань хүрчээ. 2013 онд мужийн хот суурины хүн амын дундаж орлого 22 мянган юань, хөдөөгийн хүн амын дундаж орлого 9600 юань хүрсэн бөгөөд 2012 онтой харьцуулбал тус бүр 0 орчим хувиар өсжээ.

   Гирин мужийн зам тээврийн сүлжээ харьцангуй боловсронгуй системтэй. Баруун хойд ба зүүн өмнөд, баруун өмнөд ба зүүн хойдыг холбосон 2 чиглэлийн төмөр замтай. Бээжин-Харбины гол замын төмөр зам Гирин мужийн өмнөөс хойд чиглэлд нэвт дайран өнгөрдөг. Гиринээс төмөр замаар Харбин, Мүгдэн, Далянь, Бээжин, Тяньжин, Жанчхүү, Ү хань, Жинань, Наньжин, Гуандүн, Шанхай зэрэг Хятадын чухал хотуудад шууд хүрэх боломжтой. 2013 оны эцсээр Гирин мужийн төмөр замын урт 4222 км, авто замын урт 95 мянган км байв. Тус мужийн усан тээвэр 4-11 сард Сүнхуажян, Нэньжян, Түмэн, Ялюйжян зэрэг гол мөрнөөр дамжиж жилд 1.5 сая орчим тонн ачаа барааг усаар тээвэрлэдэг. Мужийн төв Чанчүнь хотоос Бээжин, Шанхай, Гуанжөү, Хайкөү, Ниньбө, Далянь, Күньмин, Хонконг, Шэньжэнь, Өмнөд Солонгосын Сөүл, Японы Сэндай зэрэг хот руу тогтмол шууд нислэгтэй.

 

 

Д.Гүнтөмөр








Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100