Газрын диваажин Жэжян муж
12-08-2015 16:11
Жэжян муж Хятадын зүүн өмнөд хэсэг, Хөх мөрний сав газарт далайн эрэг дагуу оршино. Мужийн нутаг дэвсгэр хааш хаашаа 450 орчим км, хуурай газрын нийт талбай 105.5 мянган ам дөрвөлжин км, энэ нь Хятадын нийт нутаг дэвсгэрийн 1.1 хувь юм. Харин харьяа тэнгис, эдийн засгийн харьяаны усан хил 260 мянган ам дөрвөлжин км буюу хуурай газраасаа 2.6 дахин том. Жэжян мужийн нутаг дэвсгэр газар зүйн хувьд олон янзын тогтоцтой. Өндрөөс харвал уул нурууд, дов толгод, уулсын хоорондох хөндий, өргөн уудам тал, гол мөрөн, нуур тойром, тэнгис далай, том жижиг арлууд өнгө ялгаран үзэгдэнэ.
Жэжян бол хүн ам шигүү суурьшсан мужийн нэг юм. 2013 оны эцсээр гаргасан тоо бүртгэлд тус муж 54.9 сая хүн амтай, үүнээс 99.1 хувь нь хятад үндэстэн, 0.4 хувь нь шэ үндэстэн, үлдсэн нь бусад үндэстэн гэж тэмдэглэжээ. Жэжян Хятадын хамгийн усархаг дөрвөн мужийн нэг. Дулаан зөөлөн уур амьсгалтай, жилийн дундаж дулаан +15+18 хэм. Тав, зургадугаар сард борооны улирал болдог. Ой мод, нэн ялангуяа хулсан ой, ургамал, амьтны аймгаар баян. Хоёр мянга шахам төрлийн амьтнаас 120 гаруй нь улсын тусгай хамгаалалттай.
Жэжян найман их мөрөн, олон голтой усаар баян нутаг юм. Хамгийн том нь Чянтанжянь мөрөн. Энэ мөрнийг урьд Жэжян хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тус мужийн нэр үүнээс гаралтай. Жэжян мужийн дундуур тэдгээр найман мөрнөөс гадна Бээжин Ханьжөүгийн их суваг дайрдаг. Жэжян нуур ихтэй, 60 га-гаас том талбайтай нуур 70 гаруй, 300 га-гаас том нуур дөрөв бий. Ханжөүгийн Шихү, Шаошиний Дүнхү, Жяшиний Нанхү, Инсяны Дуншянхү тус мужийн алдартай дөрвөн нуур юм. Жэжян чулуун нүүрс, хайлуур жонш, газрын ховор элементээр баялаг, нефть, байгалийн хийн нөөцтэй. Далай руу түрж орсон тул загас, далайн амьтан, ургамлаар баян. Тус мужийн Жөүшань хэмээх бүлэг аралд Хятадын хамгийн том загасны аж ахуй байдаг.
Сүүлийн үед Жэжянд аж үйлдвэр, үйлчилгээний салбар хурдтай хөгжиж, тус муж эдийн засгийн үзүүлэлтээрээ бүх Хятадад дээгүүр орох болжээ. 2013 оны эцсээр тус мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 3.7 триллион ам доллар хүрч, 2012 оны мөн үеэс 8.2 хувиар өсжээ. Жэжяны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10340 ам долларт хүрсэн нь Хятад улсын дунджаас 4000 орчим ам доллароор илүү байв. Жэжяны хотуудын эдийн засгийн зөрүү бусад мужаас хамгийн бага. Ханжөү, Нинбө, Шаошин, Вэньжөү тус мужийн эдийн засгийн тулгуур дөрвөн хот бөгөөд эдийн засгийн чадамжаараа Хятадад эхний хорьд орно.
Жэжян мужаас үе үеийн гүн ухаантан, бичгийн мэргэд, яруу найрагч, соёл урлагийн зүтгэлтэн олноор төрж гарсан юм. Хятадын сонгодог бичгийн түүхэнд мөнхөрсөн мянга гаруй зохиолч, яруу найрагч энэ нутгаас төржээ. БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын ШУА, Хятадын Инженерийн Академийн жинхэнэ гишүүдийн тавны нэг нь Жэжян мужийн уугуул хүмүүс байсан гэдэг.
Жэжян мужийн төв Ханжөү Хятадын аялал жуулчлалын гол хот, Хятадын түүхэн дэх 6 их нийслэлийн нэг юм. Хятадын эртний яруу найрагчид "Тэнгэрт диваажин байна, газарт Сүжөү, Ханжөү байна" хэмээн шүлэглэж байжээ. Мөн XIII зуунд Ази тивээр аялсан Италийн нэрт жуулчин Марко Поло “Ханжөү бол миний үзсэн олон хотоос хамгийн баян тансаг, хамгийн алдартай нь билээ” хэмээсэн байдаг. Ханжөүд 4-5 мянган жилийн тэртээ хүн аж төрж байсан ул мөр олдсон юм. 1138 онд Сүн улс нийслэл хотоо болгосноор Ханжөү Хятадын эртний 6 их нийслэлийн нэг болсон түүхтэй. Ханжөүгийн торгоны аж үйлдвэр урт удаан жилийн түүхтэй, тэртээ Тан улсын үеэс Ханжөүгийн торго дурдан дэлхийд нэрд гарсан юм.
Ханжөүд байдаг Хятадын аялал жуулчлал, амралт зугаалгын хамгийн том, хамгийн үзэсгэлэнт газрын нэг Шихү буюу Баруун нуур, түүнийг тойрсон түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд гадаад дотоодын жуулчдаар ямагт дүүрэн байдаг. Тус хотын орчимд байдаг Фэйлай шань уулын аялал жуулчлалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнд Буддын шашны сүм хийд, бурхад, хүрэл, модон сийлбэр, цутгамал хөшөө дурсгал олон байдгийн дотор дэлхийд хамгийн томд тооцогддог “Нойрсож буй Будда” хэмээх асар том чулуун баримал, Майдар бурхан, Хубилай хааны үеийн монгол дөрвөлжин үсгээр хаданд сийлсэн бурхны судар, сургаал зэрэг нэн сонирхолтой үзмэр олон бий. Ханжөү Хятадын алдарт лунжин цайны унаган нутаг юм
Жэжян мужийн Нинбө Хятадын Зүүн Өмнөд тэнгисийн эргийн нэрд гарсан боомт, тус мужийн аж үйлдвэрийн 2 дахь том хот, мужийн зүүн бүсийн эдийн засгийн төв юм. Нинбөд XIX зуунаас эхэлж орчин үеийн аж үйлдвэрийн суурь тавигдаж XX зууны 80-аад оноос түргэн хөгжжээ. Мөн нэхмэл, нефть боловсруулах, хүнсний бүтээгдэхүүн, механик, металлурги, төмөрлөг бүтээгдэхүүн, цахим, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Жэжян мужийн зүүн өмнөд тэнгисийн эргийн эдийн засгийн төв Вэнжөү хэмээх боомт хот бий. Вэнжөүгийн савхин эдлэл алдартай. Мөн тус мужийн Шаошин бол Хятадын эртний түүхт хот юм. Хятадын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Люшүн энэ нутгийн хүн бөгөөд түүний олон зохиол Шоашин нутгаас сэдэвлэсэн байдаг.
Д.Гүнтөмөр