Мах, боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэх магадлалтай
12-01-2015 14:51
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэн “Мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалын тухай” тайланг саяхан гаргасан байна. Тус тайланд боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалыг 1-р зэрэглэлд, харин улаан махыг 2-р зэрэглэлд хамруулжээ. Үүнээс үүдэлтэйгээр мах, махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг тухай яриа дэлхий даяар шуугиан тариад байна.
Тус байгууллагаас өнгөрсөн 10-р сарын 26 нд гаргасан тайланд хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх зэрэглэлийг хамгийн өндөр буюу спирт, тамхи, шилэн хөвөн, хүнцэл зэрэгтэй адилтгажээ. Ийм төрлийн бүтээгдэхүүнээс өдөрт 50 граммыг хэрэглэвэл хорт хавдар үүсгэх эрсдэл 20 хувиар нэмэгддэг гэнэ. Харин үхэр, хонь, гахайн мах зэрэг улаан махны хорт хавдар үүсгэх магадлалыг 2-р зэрэглэлд хамруулсан байна.
Мах, боловсруулсан махан бүтээгдэхүүн болон хорт хавдрын харилцан нөлөөллийг арван улсын 22 судлаач 10 гаруй жилийн турш судалжээ. Тэд 800 гаруй төрлийн туршилт хийсний үндсэн дээр дээрх дүгнэлтэнд хүрсэн байна. Үнэлгээний төслийн судлаач Курт Страйф “Хүн өдөр бүр 50 грамм боловсруулсан махан бүтээгдэхүүн идвэл бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэл 17 хувиар нэмэгддэг. Үүнийг олон төрлийн туршилтын үр дүн харуулж байна. Харин өдөрт 100 грамм мах идвэл хорт хавдар үүсгэх эрсдэл 1.17 хувиар нэмэгдэнэ. Иймээс боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү их эрсдэлтэй юм” гэжээ.
Мах, боловсруулсан махан бүтээгдэхүүний аль алиныг хүмүүс байнга хэрэглэдэг. Тиймээс тус тайлан олны анхаарлыг татаж байгаа нь дамжиггүй юм. Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн тооцоогоор жилд 34 мянган хүн махан бүтээгдэхүүн байнга хэрэглэсний улмаас нас бардаг байна. Харин архины хэрэглээний улмаас 600 мянга, тамхидалтаас жил бүр 1 сая хүн амь насаа алддаг аж. Доктор Курт Страйф: “Хорт хавдар үүсгэх 1-р зэрэглэлийн бүтээгдэхүүнд архи тамхи зүй ёсоор багтдаг. Тамхидалт 20 гаруй төрлийн хорт хавдар үүсгэдэг бол архи түүнээс дутуугүй олон төрлийн хорт хавдрын эх үүсвэр болж, эрсдэлийг 1000 хувиар нэмэгдүүлдэг. Харин махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх эрсдэл 18 хувь орчим байдаг ” гэсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хорт хавдар судлалын олон улсын хүрээлэн боловсруулсан махан бүтээгдэхүүн болон цацраг идэвхт чанартай плутонийг мөн ижил зэрэглэлд хамруулсан. Гэвч энэ нь хорт хавдартай шууд холбоотой гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл боловсруулсан махан бүтээгдэхүүнийг идэж болохгүй бус гагцхүү их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийж, эрүүл хоолны дэглэм барихыг сануулж буй хэрэг юм.
\Арлун\
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn