Эрт, эдүгээ цагийн хэлхээс үзэсгэлэнт Сычуань муж
11-27-2015 14:37
Манан савсаж, бороо шивэрсэн арван нэгдүгээр сарын өглөө Хятадын баруун өмнөд нутаг Үзэсгэлэнт Сычуань муж уул, усны сайхнаараа биднийг угтан авсансан. Бээжингээс аян замд дөрөөлөн, хорь гаруй цаг галт тэргээр зорчиж, зорьсон газраа ирэхэд, угтах өдрүүдийн адал явдал дотор гижигдэн байсныг нуух юун.
БНХАУ-ын Сычуань муж. Энэ нутгийн нэрийг сонссон хэн бүхэнд өхөөрдөм хулсны баавгай, “алдарт” халуун ногоо нь л бодогддог байх. Гэхдээ үзэж харах, нүд баясгах зүйл төсөөлсөнөөс ч их гэдгийг 5 өдрийн аялалын хугацаанд мэдэрч билээ. Хараад ч үл ханам үзэсгэлэнт байгаль, үзээд үл дуусам түүх, соёлын дурсгалууд энэ бүхэн Сычуань мужийн гол илэрхийлэл. Басхүү эрт, эдүгээ сүлэлдсэн өвөрмөц өнгө төрх, хотжилт, соёл уламжлалын гайхалтай зохицол нь аялал жуулчлалын томоохон бүс нутаг болоход нөлөөлсөн биз ээ.
Сычуань муж, Гуан-Ань
Буйдхан энэ нутаг амар амгалангийн эх ундарга мэт. Хүн зон нь хичнээн найрсаг, хичнээн хөдөлмөрч болох нь нүднээ илхэн харагдана. Хязгаар нь үл харагдах жимсний талбай, төрөл бүрийн мод, цэцэгс гээд хүний гараар тарьж ургуулсан гэхэд итгэмээргүй ногоон орчин нүд хужирлана.
Мөн эртний түүхт чулуун ордон, 20 дугаар зууны түүхэнд нэрээ үлдээсэн дэлхийн хүн Дэн Сяопиний өргөө гэр олон мянган жуулчдын хөлд дарагдана. 70 гаруй жил хувьсгалын үйл хэрэгт зүтгэсэн энэ эрхэм хүний гэр музей өнөө цагийн залууст мартах ёсгүй түүхийг хүүрнэн байх шиг.
Сычуань муж, Чэндү хот
Хятадын эдийн засгийн хөгжил, худалдаа, аж үйлдвэр хэр хэмжээнд байгааг илтгэх томоохон хотуудын нэг бол Чэндү хот юм. Нобелийн шагналт, эдийн засагч Роберт Манделл Чэндү хотыг “Хятадын баруун бүсийн эдийн засгийн гол хөдөлгүүр” гэж тодотгосон байдаг. Үнэхээр ч их хотын завгүй амьдрал энд буцалж байна.
Брэндийн дэлгүүрүүд, өндөр барилгууд, дэлхийд нэр хүндтэй компаниудын салбар, үзвэр үйлчилгээ гээд их хотын амьдралд өнгө нэмэх бүх зүйл энд бий. Үүний зэрэгцээ эх дэлхийгээ хамгаалах, ховордсон амьтадаа хайрлах, өсгөн үржүүлэх ажил ямар бахархам үр дүнтэй байгааг Сычуаниас, тэрдундаа Чэндүгээс харж болно.Учир нь тэд мөхлийн сүүдэр дайраад байсан хулсны баавгайг устаж үгүй болохоос найдвартай хамгаалж, маш том цогцолбор байгуулж чаджээ. Ингэснээрээ БНХАУ жуулчдыг татаж, улс орноо дэлхий нийтэд сурталчилж байна.
Сычуаний бас нэгэн үзүүштэй зүйл бол ший жүжиг юм. Эрт цагаас алдартай Сычуань ший үзэнгээ нутгийн зоог барьж суух нь бас л сонин содон мэдрэмж төрүүлнэ. Ший жүжигт хятадын ард түмний аж амьдрал бүхэлдээ шингэсэн байх төдийгүй ид шидийн, үлгэр домгийн гэмээр үзүүлбэр ч багтдаг. Тухайлбал, тайзнаа гарсан нэгэн ший жүжигчин нүүрэндээ зүүсэн багаа нүд ирмэхийн зуурт сольж, галаар тургиж, тэнд цугласан олон зуун жуулчдыг ёстой л нэг огшуулж чадсан. Хожим Бээжинд ирээд энэ ший жүжгийн үзүүлбэр Дундад улсдаа хэзээний цуутай байсныг олж мэдээд улам их сонирхол төрж билээ.
Сычуань хоолны тухайд “халуун, халуун бас дахин халуун” гэдэг үг л яг тохирно. Хятад хоолны халуун ногоо дэлхий дахинд алдартай бол, Сычуань хоолны халуун ногоо хятад даяар алдартай. Тэгвэл энэ нь тухайн орон нутгийн цаг агаар, уур амьсгалтай шууд холбоотой гэнэ. Маш чийглэг уур амьсгалтай энэ нутагт халуун ногоо идэж хөлсөө сайн гаргахгүй л бол үе мөчний өвчинд нэрвэгдэх магадлалтай гэж нутгийн хүмүүс тайлбарладаг юм билээ. Идэж уух, үзэж харах алив бүхэн нь содон соргог газар бол яахын аргагүй Сычуань муж мөн.
Өнө эртний түүхтэй усан цогцолбор Дү Жянянь, Буддын шашны нэрт Э Майшань-Лэ шань, Эх дэлхийн диваажин гэгддэг Жиү Жайгөү-Хуан лүн, Бумбын шашны онгод хэмээгдсэн Чин Чэншань зэрэг жилийн дөрвөн улирлын аль ч цагт жуулчын цуваа тасардаггүй түүх, соёлын дурсгалт газрууд ариусал, гэгээрэл, сайхан бүхнээр таны дурсамжийг хөглөнө гэдэгт итгэлтэй байна.
Т. Амаржаргал /Бээжингийн Багшийн их сургуулийн оюутан/
Гэрэл зургийг Б. Учрал /Бээжингийн Багшийн их сургуулийн оюутан/
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn