CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Б.Түвшинтөгс: БНХАУ-ын Үндэстний их сургууль нь Монгол судлалын нэг төв юм.

10-29-2015 20:51

 

   БНХАУ-д ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэдийн амьдрал ахуй, ажил төрлийн талаархи нийтлэлийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Редакцийн хоёрдахь зочин БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын зочин багш Б.Түвшинтөгс байлаа.

   Бидний уулзалт Төвийн Үндэстний их сургуулийн хажууд байх түүний гэрт боллоо. Тун удахгүй Монгол улсдаа буцах гэж байгаа тул урилгыг маань уриалгахан хүлээн авсан тэрээр хоёр сарын хугацаанд багшилсан сургуулийнхаа талаар ихэвчлэн ярилаа. Б. Түвшинтөгс багш судалгааны ажлынхаа зэрэгцээ МУИС-д хичээл заадаг. Мөн ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг давхар хашдаг аж. МУИС төгсөж улмаар 2001 оноос 2005 оны хооронд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд манж судлалаар  суралцаж докторын зэрэг хамгаалжээ. Ерөнхийдөө түүний намтар энэ. Номын хүн. Сургуулиа төгссөнөөс хойш 18 жил эрдэм шинжилгээний судалгаан дээр ажиллаж байгаа Монголын шинэ залуу судлаачдын нэг томоохон төлөөлөл гэж хэлж бас болох байх. МУИС Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тэр Бээжинд иржээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд  Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол судлалын салбарын гуравдугаар дамжаанд хичээл заасан байна. Мэдээж бидний бараг эхний асуулт шавь нарынх нь тухай байлаа. Маш их хичээнгүй гэж тэр Өвөр Монгол оюутнуудыг тодорхойлсон. Монгол улсын шавь нартайгаа ч хэдийн харьцуулжээ. Хичээлээ маш их эмоцитой байнгын хөдөлгөөн дунд заадаг тэрээр оюутнуудаа ч ийм байхыг хүсдэг. Харин Өвөр Монгол оюутнууд биеэ барьдаг. Хөдөлгөөнтэй биш байдаг нь анзаарагдсан гэнэ. Монгол улсын оюутнууд хөдөөнөөс хотод ирээд сургууулиасаа хол дотуур байр эсхүл хамаатныхаа айл, хөлсний орон сууцанд сууж суралцдаг бол Өвөр Монгол оюутнууд суралцаж буй сургуулийнхаа хүрээнд амьдардаг нь маш их давуу тал гэдгийг хэлж байсан. Ер нь Хятадын их дээд сургуулиуд оюутнуудыг сурах бүхий л нөхцөл бололцоог хангаж чадсан байдаг нь түүнд маш их таалагджээ. Бээжингийн Төвийн Үндэстний их сургууль  Монгол улсын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, мөн МУИС тай хамтын ажиллагаатай өргөн хүрээнд хамтран ажиллаад цөөнгүй жил болжээ. Энэ үүднээс багш, оюутнаа солилцон харилцан туршлага солилцдог.  Тус сургуулийн Монгол хэл утга зохиолын салбар байгуулагдснаас хойшхи хугацаанд маш олон багш эрдэмтэнг Монгол улсаас урьжээ. Одоогоос нэг жилийн өмнөөс тус салбарт кирилл бичгийн хичээл нэмсэн аж. Тиймээс ихэвчлэн энэ чиглэлээр Монгол улсаас багш нар урьдаг байна.

   Төвийн Үндэстний Их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарт 200 гаруй баклавар, 80 гаруй мастер доктрант, 20 гаруй судлаач багш ажилладаг бөгөөд 60 гаруй жилийн түүхтэй. Энэ салбараас Монголын ирээдүйн судлаачид төрөн гарна. Тэдэнд хичээл зааж байгаа эрдэмтэн  багш нар ихэвчлэн ямар нэг байдлаар судалгааны ажил хийдэг. Энэ утгаараа тус сургуулийг Монгол судлалын нэг том төв гэж хэлж болно хэмээн Б. Түвшинтөгс багш онцлож байсан. Ер нь тус сургуулийн багш нар Монголын эртний уран зохиолын талаар түлхүү судалгаа хийдэг аж. Саяхан Бээжингийн ардын их сургуульд олон улсын хэмжээний “Хуурын үлгэр”-ийн анхны эрдэм шинжилгээний хурал болсон нь үүнийг нэг илэрхийлэл. Монгол улсад  эртний уран зохиолын судалгаа хийгээд монгол ном, хэвлэлийн талаархи судалгаа бага хийгддэг.  Харин энд эсрэгээрээ аж. Ялангуяа Шиньжааны ойрдуудын дунд хадгалдагдаж үлдсэн тод бичгийн судруудыг  Төвийн Үндэстний Их Сургуулийн Ойрад судлалын төвийн эрхлэгч Эрдэмт багш судалж, олон тооны бүтээл туурвисаныг тэрээр судлаач хүнийхээ хувьд их л олзуурхан ярьж байсан. Монгол хэлэнд харчин, үзэмчин, цахар, барга гэх мэтчилэн маш олон аялга бий. Тэгвэл энэ талаархи судалгааны бүтээл ч цөөнгүй байдаг байна. Тус сургуулийн  Манлай багш нутгын аялгуу судлах чиглэлээр хичээл заадаг аж. Энэ хичээл түүнд маш сонирхолтой санагджээ. Түвшинтөгс багш манж хэлийг монгол хэлтэй харьцуулан судалдаг. Тус сургуульд зочин багшаар ажилласан нь  мэргэжлийнхээ дагуу судалгаа хийх маш том боломж өгсөн гэлээ. Хичээлээ заахын зэрэгцээ тус сургуулийн манж хэлний салбарын багш нартай дотносож судалгааны бүтээлдээ хэрэгтэй санаа оноог олж авчээ. Ер нь ганц Төвийн үндэстний их сургууль гэлтгүй  Бээжин хотод манжийн түүхийг өгүүлсэн орд харш, сүм хийд зэрэг дурсгалт газар ихтэй. Энэ ч үүднээс манжийн түүхийг өгүүлэх маш олон газруудаар очиж үзжээ. Ном судраас харж байснаа нүдээр үзэж, гараар тэмтэрч чадсан нь Бээжинд ажилласан хугацааны хамгийн том олз гэдгийг Б.Түвшинтөгс багш олзуурхан ярьж байсан.

   Бээжин хотод монгол судлалтай холбоотой түүхэн дурсгалт газрууд ч цөөнгүй байгааг тэрээр хэлсэн. Судалгааны томоохон хурлууд ч их болдог аж. Энд байх хугацаандаа хэд хэдэн эрдэм шинжилгээний бага хуралд сууж сонирхсон гэнэ. Өвөр Монгол эрдэмтэн судлаачид Монгол судлалын чиглэлээр тун өргөн цар хүрээнд тун даацтай бүтээл бүтээж байгааг ч бахархан ярьсан. Бээжинд хэд хэдэн Монгол судлалын төв байдаг. Тэрнийг нэг нь Төвийн Үндэстний Их Сургууль гэдгийг Төвшинтөгс багш дахин дахин онцолж байлаа. Тус сургуулийн Монгол хэлний салбар сургууль, монгол судлалын уламжлалыг тээж олон оюутнуудыг боловсруулан монгол судлаач болгон хүмүүжүүлж байгааг тэрээр их л бахархангуйгээр бидэнд дуулгасан.

 
   Тэрээр тун удахгүй нутаг буцна. Энд үзсэн харсан бүхэн түүний судалгаа шинжилгээний ажилд их нэмэр болно гэдэгт бид итгэж байна. Б. Түвшинтөгс багш шавь нартаа Төвийн Үндэстний их сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээлийг өвөрлөн харих гэж байгаадаа маш их баяртай байгаагаа хэлж байсан. Ер нь Төвийн үндэстний их сургуулийн  багш судлаач нарын бүтээлийг үзэхгүйгээр цаашид энэ чиглэлээр судалгаа хийх боломжгүй гэдгийг Монгол улсын шавь нартай ойлгуулна. Харин Төвийн үндэстний их сургуулийн шавь нартаа монгол судлалын салбарт тууштай ажиллая гэвэл орос англи хэл сураарай гэж захиж үлдээнэ гэж байсан.

ОХУ  Санкт-Петербургийн улсын их сургуулийн Дорнодахины факултетад    \ 2014.10 \' isflag=

ОХУ Санкт-Петербургийн улсын их сургуулийн Дорнодахины факултетад \ 2014.10 \

ОХУ Санкт-Петербург хот. Эрмитажид хадгалагдаж буй “Чингисийн чулууны хөшөө”-ний дэргэд

ОХУ Санкт-Петербург хот. Эрмитажид хадгалагдаж буй “Чингисийн чулууны хөшөө”-ний дэргэд

“Аман зохиолыг дижитал болгох” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр.  \ Бээжин хот.2015.10-11 \' isflag=

“Аман зохиолыг дижитал болгох” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр.

\ Бээжин хот.2015.10-11 \

 ОХУ Санкт-Петербург хот. Эрмитажид хадгалагдаж буй “Алтан ордны үйсэн дээрх бичиг” Монголын эртний уран зохиолын дурсгалт бүтээлийн дэргэд. \2014.10.23-25\' isflag=

ОХУ Санкт-Петербург хот. Эрмитажид хадгалагдаж буй “Алтан ордны үйсэн дээрх бичиг” Монголын эртний уран зохиолын дурсгалт бүтээлийн дэргэд. \2014.10.23-25\

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100