CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Чингисийн чулууны бичгийн тухай өгүүлэхүй

10-27-2015 20:12

 

   “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөөг 1224 онд сийлжээ.
   Монголчууд Хорезм улсыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн аж. Хуралдайн үеэр Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ. Ингэж нэрлэх болсон учир гэвэл бичээсийн тэргүүнд Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байдагтай холбоотой.
   Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь 13-р зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилнэ. Бичээст Есүнгэ мэргэний гайхалтай хол харваж, мэргэн оносон тухай тухай өгүүлэх тул судалгааны бүтээлүүдэд “Есүнгэгийн чулууны бичиг” гэх болжээ.
    Гэрэлт хөшөөг 1224 он юмуу, эсхүл 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг.
   Энэ түүхийн дурсгалт бүтээлийг судлаач Г. И. Спасский / 1783-1864 / Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд олжээ. Улмаар  5 мөр, 21 үг бүхий уг гэрэлт хөшөөг Нэрчүүгийн чулууны үйлдвэрт хүргэж, 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд үзүүлжээ.
    Есүнгэ мэргэн /1190-1270/
   Есүнгэ мэргэний эцэг Хасар /1164-1213/ Их Монгол улсыг байгуулахад онцгой гавьяа бүтээсэн бөгөөд түүхэнд гарамгай жанжин, мэргэн харваач, эгнэшгүй хүчтэнээр тэмдэглэгдэн үлджээ.
   Тухайлбал Монголын нууц товчоонд “ Өүлэн эх... Хасар минь хав хүч эрдэмтэй тул
   Харавцаж гарсныг
   Харван оруулах бөлгөө
   Ойлон гарсныг
   Онтдож оруулах бөлгөө...” /244 зүйл/ хэмээсэн буй.
   Хасарын удмынхны дундаас хамгийн алдартай нь түүний орыг залган суусан хоёрдугаар хөвгүүн Есүнгэ билээ.
   Их хаан бие чилээрхэхэд Есүй хатны хамт сувилж асан, түүнчлэн Өгэдэйг хаан ширээн залах ёслолд байлцсан зэрэг нь Чингис хааны хайртай ач нарын нэг, нөлөө бүхий ноён байсныг гэрчилнэ. Монголын нууц товчоонд /269-р зүйл/ “Хулгана жил/1228 он/ Цагаадай, Бат тэргүүтэй баруун гарын хөвүүд, Отчигин ноён, Егү, Есүнгэ тэргүүтэй зүүн гарын хөвгүүд, Тулуй тэргүүтэн голын хөвгүүд, охид, хүргэд, түмэд, мянганы ноён бүгдээр цугларан ирж Хэрлэнгийн Хөдөө аралд хурж, Чингис хааны нэрийдсэн мөн зарлиг ёсоор Өгэдэй хааныг хан өргөө” хэмээн тэмдэглэжээ. Чингисийн чулууны бичиг” нь мянга гаруй жилийн түүхтэй монгол бичиг үсгийн олон дурсгалуудаас энэ үед ирсэн хамгийн “ууган” бүтээл гэж хэлэхэд болох соёлын их өв билээ.

 

 


                                                                                                                                 Д. Чинзориг

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100