Дахиад л мухар сүсэг...
10-22-2015 14:55
Шотландад аялж явахад минь олон жилийн дараа нар хиртэхийг дахин нүдээр үзэх боломж тохиов. Нар хиртэлт гэснээс, ерэн хэдэн онд ч билээ дээ, намайг дунд сургуульд сурч байхад Монголд нар бүтэн хиртэнэ гэсэн сургаар хүмүүс дэлхий сүйрэх дайны юм болно гэж сүйд болцгоож байсан санагдана. Тэр үед айж сүрдэх нэг хэсэг хүн байхад, айлгаж сүрдүүлэх ч хүмүүс бас байжээ, одоо бодоход. Раху нарыг залгидаг тухай домог ёсоор олон “хачин” зан үйл хийх хэрэгтэй болоход мань мэтийн нусгайнуудын тэр хөөрснийг ээ, олдошгүй том зугаа. Хүүхэд хөгшидгүй хашгирч, нохой гахайгаа гаслуулан, элдэв төмөр харшуулан, их л хичээж байж нарыг Рахугийн амнаас гаргасан даг. Балар эрт цагт нар хиртэхийг байгалийн жив жирийн үзэгдэл гэж ойлгож тайлбарлах чаддаггүй байсан юм чинь аргагүй ээ. Харин техник өндөр хөгжсөн энэ цагт Рахугийн үлгэрт итгэсээр байвал хүн төрөлхтний хөгжил дэвшил, гайхамшигт суу билигтнүүдийг дэндүү гутаасан хэрэг болох биш үү?
Мухар сүсэг голдуу юм мэдэхгүйн зовлон, сэтгэлийн айдсаас үүсдэг байх. Хүн гэгч амьтан мэдэхгүй чадахгүйтэй алхам тутамдаа таарч явах заяатайн тул айх эмээх мэдрэмжээс ангид орших боломжгүй билээ. Тиймээс харанхуй бодол, мухар сүсэгт автахыг оргүй үгүйсгэх бас хэцүү.
18-р зууны үеийн нэрт сэтгэгч, гүн ухаантай Давид Юмийн ийм нэгэн хөшөө Эдинбург хотод бий. Тэрээр насан туршдаа мухар сүсгийг эсэргүүцэж, хүмүүсийн оюун сэтгэлгээ гэгээрэх ёстой гэж сургадаг байж. Гэтэл хэн тааж мэдэх билээ, мухар сүсэгтнүүд түүний хөшөөг аз авчирна гэж итгэж, өмнүүр нь өнгөрөх бүртээ илсээр баруун хөлийнх нь үзүүрийг бүр мөлийлгөж орхижээ. Гэм зэмгүй иймэрхүү мухар сүсэг дэлхийн хаана ч, аль ч үндэстэнд байдаг л байх. Харин хэт дэвэрсэн мухар сүсэг бүхэл бүтэн нийгэм, соёл иргэншлийг сүйрүүлж чадах хортой гэдгийг батлах гашуун түүх хүн төрөлхтөнд олон бий шүү. Тиймээс мухар сүсэг, тэр дундаа ид шид хөөцөлдсөн нийтийн мухар сүсэг хэт их дэлгэрэх нь сайны ёр гэж би л хувьдаа боддоггүй.
Аливаа улс орны нийгэм хэр зэрэг иргэншсэн, ямар хэмжээгээр хөгжсөн бэ гэдгийг ард иргэдийнх нь соёл боловсрол, оюун ухааны чадамжийн төвшнөөс харж болдог. Монголчууд бол дэлхийн түүхийн хуудаснаа агуу ялгуусан цаг үеийн ул мөрийг баатарлаг суу залиараа сийлж үлдээсэн ард түмэн. Гэтэл амнаасаа бурхан төрүүлдэг бүсгүй, нэг үлээгээд л ямар ч өвчнийг анагаадаг залуу ч гэх шиг ерөөс эрүүл ухаанд багтамгүй гажиг үзэгдэл Монголд газар авч, заримдаа ч бүр хэрээс хэтрэх боллоо. Бүдүүлэг харанхуй нийгэм бол мухар сүсэг ургаж нахиалах шимтэй хөрс шороо, дулаан хөнжил. Өдгөө шашин шүтэх утга чанар алдагдан, янз бүрийн шашны урсгалын араасаа ашиг хонжоо дагуулан хот хөдөөгүй цэцэглэж, амьтан түмнийг амар суулгахаа байжээ. Ямартаа л хамт ажилладаг нэг эгчийг маань хамаатны бөө нь “Та сүнсгүй яваад байна аа. Хурдхан заслаа хийлгэ. Танд өндөр үнэ хэлэхгүй ээ. Сая таван зууг л өгөхөд болно” гэж тун ч шавдуулан утасддаг байсныг санаж байна.
Үндэсний сэтгэлгээ яагаад энэ хэмжээнд хүртэл доройтов? Ард иргэд балар харанхуй байх нь хэнд ашигтай вэ? Хэлж мэдэхгүй юм. Тэнгэрийн цаг, газрын тохиол хэзээ ба хаа нэг бүрдэхэд монголчууд маань дахин оюуны манлайд хүрч, замбутивийн чимэг болон гийгүүлнэ гэсэн ачит багшийнхаа чин хүсэл, бат итгэлээр энэ тэмдэглэлээ дуусгасү.
Э.Эрдэнэсувд
Шотланд, Эдинбург
2015 оны 3-р сар
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn