О.Номин-Эрдэнэ: Хятад оюутнууд суралцах чин эрмэлзэлтэй байдаг
10-21-2015 14:31
Аливаа улс орны хэл соёлыг сурахад амар биш. Насаараа үзээд арван үг цээжилсэн нэгэн байхад яах иихийн зуургүй ус цас болох нөгөө нь бий. Тэрдундаа дэлхийн таван хүний нэг нь ярьж буй Хятад хэлийг сурах хэцүү. Амаргүй гэсний учир олон зуун ханз, авиа эгшигээс бүтсэн энэ хэлний үгийн сангийн түлхүүрийг тэр бүр хүн олдоггүй гэдгийг Хятад хүмүүс өөрсдөөс ч хэлдэг. Тэгвэл насаараа сураад ч бүх ханз үсгийг нь цээжилж барахгүй хэмээн ярьдаг Хятад хэлийг Монголынхоо дээд сургуульд “сурсан” Отгонхүүгийн Номин-Эрдэнийг уншигч таньтай танилцуулж байна.
Сурсан хэмээн тодорхойлж хэлсний учир тэрээр Бээжингийн багшийн их сургуулийн магистрт хятад оюутнуудтай энэ зэрэгцэн суралцаж буй Монгол залуусын нэг төлөөлөл юм. Хэлний бэлтгэлд суулгүй шууд магистрт суралцах нь мэдээж хүнд гэдгийг тэрээр хэлж байсан. Орчинд нь сураагүй учраас багш нарынхаа лекцийг бичиж амжихгүй тохиолдол ч цөөнгүй. Анх ирээд хичээлээ хэрхэн сонгох хийгээд бусад асуудлаар “А” ч байхгүй. Ёстой л Улаанбаатарт байгаа миний аав киноны хүүхэд шиг л гүйсэн гэнэ. Анх лекц ороход эхний арван минут манарч, дунд хэсэгт нь тогхийж, харин хичээлийн төгсгөлд жигдэрч ухаанаа олдог байжээ. Толгойны манараа хэлний орчиндоо дасахад нь Хятад залуус их дэм болсон гэнэ. Яаж туслах уу. Яах уу. Энэ тэр гээд л цуг сурдаг Хятад оюутнууд эхний арав гаруй хоног бараг дэргэдээс нь холдоогүй аж. Анхны хичээлийн жил учраас тэрээр өөртөө бага ачаалал авч, цөөхөн хичээл сонгожээ. Энэ нь ч зөв сонголт болсон гэв. Харин түүнтэй нэг ангид суралцдаг Хятад оюутнууд номноос толгой өндийлгөх нь тун ховор. Хаана л бол хаана ном тэвэрч, хичээлээ давтах тэдний уйгагүй зүтгэл, тэвчээрийг тус сургуульд суралцаж буй олон монгол залуус гайхаж байсан. Гэхдээ ингэж хичээхгүй бол амьдралын төлөөх өрсөлдөөнд ялагдана гэдгээ тэд хамгийн их ойлгосон байдаг аж. Тэдний дэргэд Монгол оюутнуудаас арай л их эрх чөлөө үнэртэж байдаг. Ийм нэг эрх чөлөө үнэртүүлсэн охин анх ирээд гадаад оюутантай нэг өрөөнд орно гэж баахан манаргасан гэнэ. Хятад хэлнийхээ хажуугаар англи хэлээ чамбайруулах гэж ийн шийдсэн нь бусад монгол охидынхоо гайхлыг багагүй төрүүлээд авчээ. Гэхдээ л түүнийг Монгол охинтой нэг өрөөнд оруулж. Хэрвээ би гадаад оюутантай нэг өрөөнд орсон бол хоол унднаас эхлээд таарч тохирохгүй нэлээд үйл явдал өрнөх байсан байхдаа гэж тэрээр өөрийгөө шоолонгүй инээх. Түүний өөр орны оюутантай нэг өрөөнд байх гэсэн нэг шалтгаан нь Монголчуудын үзэл бодолтой холбоотой гэдгийг тэрээр нуулгүй хэлсэн. Учир нь түүний гэр бүл хамаатан садан найз нөхөд гаргаж өгөхдөө Монголчуудаасаа хол байгаарай гэж захижээ. Сонин телевиз радиогоор гадаадад сурч ажиллаж амьдарч байгаа монгол залуучуудтай холбоотой гардаг хар бараан голдуу мэдээлэл тэднийг ингэж захихад нөлөөлжээ. Магадгүй энэ нь ганц О.Номин-Эрдэнэд ч бус олон олон залуусыг гадаадад сурч хөдөлмөрлөхөд нь ар гэрийхэнээс нь захидаг гол үг ч байж мэдэх юм. Уг нь хүний газар буй бусад орны иргэд аль болох биендээ туслаж нэг нэгнээ нөхөн амьдарч байхад бид эсрэгээрээ элэг нэгтнээс нүүр буруулж, хар амиа хоохойлох нь хэвийн үзэгдэл болсныг дээрх захиасаас харж болохоор. Хаа очиж Бээжингийн багшийн их сургуульд суралцаж байгаа 50 гаруй Монгол оюутнууд элэг нэгтэй юм. О. Номин-Эрдэнэ зав чөлөөгөөрөө энд сурч буй бусад оюутныхаа хэлмэрч, бас анхан шатны хэлний багшийн үүрэг гүйцэтгэдэг гэж найзууд нь бахархангуй хэлж байсан. Түүний орчуулагчийн ажил Монголын хил даваад эхэлжээ. Монголоос 15 уулаа галт тэрэгээр Хятад орныг зорьж, анх Эрээн хотод буудалласан байна. О. Номин-Эрдэнэ хэлийг нь сурснаас биш хил давж үзээгүй байсан аж. Тиймээс Хятад улсын талаархи анхны төсөөллөө Эрээн хотоос авчээ. Зах зээлд шилжсэн он цагаас хойш Эрээний өдөр тутмын амьдрал өөрчлөлтийг хамгийн их мэддэг хүмүүс бол Монголчууд тэр дундаа хоёр улсын хооронд арилжаа наймаа хийж буй хүмүүс бүр ч илүүтэй мэдэрч байгаа. Бидний нүдэн дээр энэ хот хөгжсөн. Дөрөв тавхан жилийн өмнө Эрээн хотын өргөн засмал замын голоор Монгол жолооч нарын УАЗ 469 машин л давхидаг байсан гэдэг. Яах гэж ийм өргөн зам тавьдаг байнаа гэж шоолох хүмүүс ч байжээ. Гэтэл өнөөдөр өнөө өргөн зам түгжрэх шахаж байгаа нь тус улсын хөгжлийн нэг илэрхийлэл. Номин-Эрдэнэд ч бас ийм бодол төрсөн гэнэ. Өргөн цэлгэр гудамж талбай, зам дагуух мод сөөг, өндөр барилга гээд л... Бээжинд ирээд түүний бодол улам лавширчээ. Бээжингийн багшийн их сургуулийн номын санд хэдэн мянган Хятад оюутан ном үзэж, хичээлээ давтаж байхад ганц ч гадаад оюутан харагддаггүй нь түүнийг гайхшруулжээ. Улс орны ирээдүйг залуусынх үзэл бодол амьдралын хэв маягаас дүгнэж болдог . Тэгвэл Хятад улсын ирээдүй болсон залуус оюутнууд үнэхээр гайхалтай тэвчээртэй, мэриймтгий хичээнгүй гэдгийг энэ сургуулийн номын санд өдөр тутам өрнөдөг тэр дүр зурагнаас харж болно гэж тэрээр хэлж байсан. Хятад оюутнууд суралцахын зэрэгцээ ажил хийдэг нь олонхи гэнэ. Монгол оюутнуудын байр сав сургалтын төлбөр үнэгүй. Дээрээс нь сар тутам тэтгэмж авна. Хятад оюутнуудын ихэнх нь өөрийн зардлаар, тэтгэлэгт хамрагдсан нь гадаад оюутнуудтай харьцуулах аргагүй бага мөнгө авдаг байна. Гэтэл тэдний сурах гэсэн эрмэлзэл, ирээдүйдээ биеэ бэлтгэж буй байдал үнэхээр төгс гэж түүнтэй хамт суралцаж буй монгол залуус хэлж байсан. О.Номин-эрдэнэ их сургуулиа хятад хэлний орчуулагчаар төгссөн. Сургуулиа дүүргээд нэг жил Хятадын хөрөнгө оруулалтай компанид орчуулагчаар ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр Хятад хүнтэй ойр ажиллаж байсан учраас тэдний зан байдал хийгээд амьдралын хэв маягын зах зухаас багагүй мэддэг гэв. Монголчууд бид хэтэрхий туйлшрамгай зантай. Тэд бидэнтэй л адил. Ер нь ч уулын мод урттай богинотой гэдэг. Хаа газрын хүмүүс адилхан шүү дээ гэж шинэхэн оюутан маань ярьж байсан. Оюутны амьдрал энэ бол их давааны бэлээс гарах оргилоо дөнгөж харж амжих зурвас үе. Эндээс амьдрал хэмээх их далайд хөл алдалгүй урагшлах бат бөх сэлүүр, завиа залуу хүн зэхэж авдаг. Тэгвэл Бээжингийн багшийн их сургуульд энэ намар 50 гаруй оюутан залуус эрдэм мэдлэгээ зузаалхаар иржээ. Тэд хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Өглөө мандах нарыг өндөр байшингийн завсараар зурвас ч гэсэн харчихад эх орондоо очсон мэт болдог гэж тэд хэлж байсан. Хэдийгээр хүний нутгийн хөгжил дэвшил сайхан ч борцтой хоолоо идэн хөлс бурзайлган суух тэд эгэл амьдралтай эх орноо дэндүү их санаж байгаа нь үг яриа үйл хөдлөл бүрээс нь харагдаж байсан. Гэртээ бол эд ээж аавын эрххэн жаахан охид хөвгүүд, харин энд Монгол улсын оюутнууд. О. Номин-Эрдэнэ тэдний нэг төлөөлөл, нэг өнгө юм.
Д. Чинзориг
Гэрэл зургийг С. Бүрэнбаяр
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn