CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

СОЛОНГОСЫГ БАЙЛДАН ДАГУУЛАГЧ СОД ЖАНЖИН ХОРЧИ САРИТАЙ

10-20-2015 11:54

 

   1229 онд Өгэдэй Монголын их хаанаар өргөмжлөгдөж, монгол цэргийг Ази, Европийг дамнуулан хэд хэдэн чиглэлээр довтолгосны нэг хэсэг болох Хорч Сэртэйгээр толгойлуулсан монголын цэрэг Солонгос ( тухайн үед гуулин улс гэж нэрийдэж байв )-г дайлахаар морджээ. Өгэдэй хааны илгээлт бичигт “Хааны зарлигийг сонс. Тэнгэрийн хүч энэ байна. Бид нарт бууж өг, эсхүл тэмцэлдэх үү гэдгийг асуулгахаар Хорчи Саритайн цэргийг явууллаа. Биднийг тойрсон бүх улсыг бид хурааж авна. Хэрвээ та нар мөчөөрхвөл, хэн үл дагасныг нь ташуураар жанчин дагуулах болно” хэмээн өгүүлжээ. 

                                                         Өгэдэй хааны хөрөг
   Чингис хааны үед Алтан улсын эсрэг хийсэн дайны үрээр монголын цэрэг Солонгосын хязгаарт анх хүрч, тэднээр алба бариулах амлалт авсан бөгөөд энэ үеэс тус улсад монголын элч нар очих нь олширч, хааныхаа нэрийн өмнөөс монгол язгууртнуудын эрх ашигт зориулан албан татвар, бэлэг сэлт шаардан авах болжээ. Гэтэл1225 онд Монголын элч албан ээлжит алба татвараа аваад Чингис хаанд өргөхөөр буцах замдаа алуулсан байна. Монгол хаант төрийн томилсон элчийг хорооно гэдэг уучилж тэвчиж болшгүй хэрэг юм. Гэвч яг энэ үед Монголчууд баруун тийшээ аян дайнд мордож, Тангадыг дайлах үеэр Чингис хаан тэнгэрт хальсан учир энэхүү өшөө хонзонгийн хариугаа авч амжаагүй байжээ.
   Ингээд 1231 онд зун Саритайн цэрэг Солонгос хүрэх замдаа Ляодуны хойгт цөмөрч Хайжоу, Сьюаньчин зэрэг арав гаруй хотыг цөөхөн хоногт эзэлж, Зүрчидийн жанжин Гэбуаны цэргийг хиар цохиод, Ялуголын сав газар дахь Шичэнхотыг эзэлж, Ляодуны хойгийг үндсэндээ зүрчидүүдээс цэвэрлэжээ. Саритайн их цэрэг Солонгост цөмрөн орсон эхний өдрөөсөө шуурхайлан давшиж, Амноккан мөрнийг гаталж, Хамчинсинд хүрч очиход орон нутгийн түшмэд Ким Ган, Чо Сун Чхан нар хотоо буулган, монголчуудад дагаар оров. Саритай солонгос хүмүүст хандан дагаар орохыг уриалж, тэдний өмч хөрөнгө, амь насыг хамгаалах амлалт өгч, тагнуулын мэдээ цуглуулж, нууц холбоо хэлхээ үүсгэх арга хэмжээг хэрэглэж байсан нь ихээхэн амжилтанд хүрч байв.   

   Солонгосын эзэн хаан Монголын цэрэг Хорчи Саритай жанжинаар удирдуулан халдан ирснийг сонсоод сайд жанжидаа цуглуулан дайралтыг хориглох арга хайн, их жанжин Чве Сониөнийг хойт хязгаарын мужуудаас нийслэлд цэрэг татаж ирүүлэхээр шийджээ. Энэ үед монголын цэрэг Хам чин шин хотыг эзлээд дотогш довтлоод цэрэг ардын хатуу эсэргүүцэлтэй тулгарчээ. Эсэргүүцэн тэмцсэн эгэл ардыг эхлээд аргаар дагуулхыг оролдоод эс бүтсэн тул бүслэн туйлдуулан буулгаж авав.

                 Солонгос тосон будгийн зураг Монгол хийгээд Гуулин улсын дайн


   1231 онд Кучжу цайзад тулж ирэхэд, энд ойр хавийн хотуудын хамгаалах цэргийн ангиуд цугларсан байна. Монголчууд цайзын өмнө хаалганаас довтолж, бүслэн дайрсан анхны өдрүүдэд солонгосын цэргийн толгойлогч Ким Кён Сон монгол цэргүүд цөөн байсныг далимдуулан цайзнаас гарч гадагшаа амжилттай тулаан хийв.Энэ үед Монголчуудын гол хүч хүрэлцэн очиж цайзын төлөө ширүүн тулаан өрнүүлсэн байна. Мөн Саритай жанжин цайзын хойт хаалга уруу гучин шилдэг цэрэг дайруулсан ч амжилт олсонгүй. Тэрээр өөр арга сувэгчлэн тус хотыг  түймэрдхээр шийджээ. Хуурай өвс шатаан цайзын төмөр шоруудыг улайсгахад тэдний зарим нь аргагүй ухран гарчээ. Энэ мэтээр Саритай жанжин хэд хэдэн дайралт хийсэн нь амжилтгүй болж, 30 хоногийн турш Кучжуг бүслэн байснаа түр орхихоос өөр аргагүй болсон нь Солонгосын удирдагчдад цэргээ татан бүрдүүлэх бололцоо олгожээ. Ингээд Саритай цайзыг дайрч байсан цэргээ авч тус орны төвд тулалдаж буй ангиудтайгаа нийлүүлжээ.
   Есдүгээр сарын эцэсээр Солонгосын цэрэг умар зүг явсаар Тонсоньёк хэмээх өртөөнд хүрч очив. “Зүүн чиглэлд дайсан байхгүй” хэмээн мэдээлсэн тагнуулынха үгэнд итгэн тэднийг эмээлээ авч морьдоо амрааж байх зуур Монголын найман мянган морьт цэрэг гэнэт  дайрлаа. Энэ дайралтанд Солонгосын цэрэгт үлэмж хохирч, хот цайздаа буцаж бүгэхээс аргагүйд хүрчээ.
   Хорчи Саритай 1231 оны 10 дугаар сарын эхээр шинэ сэлбэх хүч араас залгуулахыг хүсэхийн хамт Солонгосын эрх баригчдыг буулгах талаар ухуулга хийв. Солонгосын эрх баригчид монгол жанжны эдгээр илгээлт бичигт хариу өгсөнгүйгээр үл барам элчийг нь саатуулжээ. Иймд монголчууд хүчээ дахин сэлбэж, Кучжу цайз руу дахин  дайрахад тэд хүчтэй эсэргүүцэл үзүүлэн, монголчуудын ар талд аюул учруулж, цааш давшихад саад болж чадлаа. Иймд Саритай жанжин хүчтэй цэргийн анги явуулж уул хотыг 28 харвах оньсоор ханыг нь тал бүрд нураан эвдэж байтал тун ойрхон  Солонгосын нэмэлт хүч ирж буй гэсэн мэдээг авчээ. Иймд тэрээр цэргээ аван энэхүү нэмэлт хүчийг тосон байлджээ.
   Энэ тулалдаанд монголын дайчид Солонгос цэргийн эхний эгнээг түргэн хугацаанд зад цохижээ. Хэрэг явдал ингэж муугаар эргэсэнд Солонгос цэргийн жанжид цайзад  бүгэхээр шийдвэрлэв. Гэтэл монголын морьт цэрэг замыг нь хааж ирэн, дахин ширүүн тулаан өрнөжээ. Энэ тулаанд Солонгос цэргийн бараг тэн хагасаас илүү нь жагсаалаас гарч, ихэнх нь амь үрэгдэв. Үүний дараа Кучжу цайзыг дахин дайрч 11 дүгээр сард олон газраас олзлогдогсдыг энэхүү цайзруу туун аваачиж ханыг нэвтэлсэн ч гэнэт дайралтаа зогсоон солонгосын нийслэл Кэгены зүг зүтгэх болов.
   Энэ бол Саритай жанжин хүн хүчээ хямгадхын зэрэгцээ, бүр том нүүдэл хийж, Солонгосын гол хүчийг цаг алдалгүй буулгаж авах гэсэн зоримог шийдвэр байжээ. Аравдугаар сард Саритайн хоёр элчийг хорьж байсан Пхенчжүхотыг дайран эзэлж, ойр хавийн гацааны захирагч нарыг устгаж элч нарынхаа өшөөг авсан байна. Үүний дараа монгол цэргүүд Сонымун, Нэсонган зэрэг хот суурингуудыг булаан эзэлж нийслэлийн хажууд тулж иржээ. Энэ үед Солонгосын эзэн хаан айн балмагдаж тусгай төлөөлөгч Мин Чин-ийг илгээж Монголчуудыг найрамдая хэмээсэнд Саритай жанжин хариу өгсөнгүй. Арван хоёрдугаар сард Монголчуудын гол хүч нийслэлийн дөрвөн хаалганд тулж очин, Хийн Ван Саа сүмийг дайрахад Солонгосын эзэн хаан дахин элч илгээж найрамдлын хэлэлцээр хийе гэв. Саритай жанжин хэлэлцээ явуулахыг зөвшөөрсөн боловч байлдаанаа зогсоохыг бодсонгүй. Харин ч улам эрчимжүүлж Солонгосын талыг дуулгавартай болгохоор шийджээ. Тэр завсар Саритай нэмэгдэл хүч ирүүлэхийг гэдрэг гуйж улмаар 12 дугаар сарын зургаанд нийслэлийн өмнө зүг орших газарт цөмрөн Кванчжу, Чхончжу, Чхунчжу хотыг дайрч эсэргүүцэл үзүүлсний төлөө залхаан шийтгэв. Монгол цэргүүд энэ үед өөрөө өөрсдийгөө хүнсээр хангаж байсан тул тусгай ангиуд байгуулагдан, ойр хавьцаа явж ард иргэдээс хүнс тэжээлийг хураан авч байлаа. Энэ үед солонгосын нийслэл Кэгёны ойр тойронд монгол жанжин Подо, Чукку, Танго нарын цэрэг амжилттай тулалдаж байв.


Гуулин улсын цэргүүдтэй монголчуудын хийсэн дайны газрын зураг


   Энэ завсар монгол дайчид Кучжугийн эрэлхэг хамгаалагчдын эсрэгүүцлийг ямар ч аргаар хамаагүй дарахын тулд шинэ сэлбэг хүч татаж цайзыг дахин дайрах дайралтыг Саритай жанжин өөрөө биечлэн удирдсан байна. Монголчууд хотыг чулуу харвах оньсоор харваж мөн хана хэрмийг тусгай шат тавин давахыг оролдож байлаа. Гэвч цайзыг хамгаалагчид юу тааралдсанаараа нүүр нүдгүй балбан цохиж ширүүн эсэргүүцэв. Хотыг хамгаалагчид нэн зоримог байлдсан тул дайралтыг удирдсан монголын нэгэн цэргийн жанжин “Би багаасаа олон тулалдаанд оролцож явлаа . Гэвч ийм эрэлхэг баатарлагаар тэмцэгч хүмүүсийг үзсэнгүй” гэж Кучжугийн хамгаалагчдыг зүй ёсоор магтсан нь тэмдэглэгдэн үлджээ .
   Саритай жанжин өөрийн хүн хүчийг хямгадхын тулд хуурмаг боловч үнэмшиж  болохуйц захидлыг Солонгосын хаан бичсэн мэт болгож, цайзыг хамгаалагчдын толгойлогч Пак Со-д явуулжээ. Гэвч цайз эсэргүүцлээ зогсоосонгүй. Харин монголчуудын сүр хүчинд автсан Солонгосын эрх баригчид буу өгөх талаар санаа цухалзуулах болжээ. Ингээд 1232 оны нэгдүгээр сарт Кучжуд хааны ордны төлөөлөгчид ирж “Төр улс, цэрэг минь бууж өгөв. Та нар байлдахаа зогсоож буу өг гэж хотыг хамгаалагчидад хэлжээ”. Цайзын хамгаалагчид ч эхэндээ Солонгосын уудирдагчдын элч нарын үгийг сонсохгүй байсан боловч эцэстээ Монголчуудад бууж өгөхөөс өөр аргагүй болжээ. Цайзыг удаан хугацаагаар хамгаалж, удирдагчдынхаа өгсөн даалгаврыг үл тоосон хэргээр толгойлогчийг нь цаазлах болоход монгол түшмэл өмгөөлөн амийг нь аварчээ. Тодруулбал толгойлогчийг цаазын тавцанд аваачсан хойно Саритайн нэгэн түшмэл “ Хэдийгээр бидний өмнө энэ хүн ялт хэрэг үйлдсэн боловч та нарт үнэнч байсан бус уу. Иймд түүний амийг бүрэлгэж яахан болох билээ” гэсэнд цайзын зоригт толгойлогчийн амийг өршөөжээ. Үүгээр монголчууд дайсныхаа эр зоригийг ч гэсэн үнэлж чаддаг гэдгээ нотлон харуулсан байдаг .
   Хорчи Саритайн удирдсан монголын цэрэг ийнхүү анхны довтолгооноороо тус орны нилээд хэсгийг эзлэн авч улмаар хааны ордонд хүчтэй шахалт үзүүлэн Солонгосыг бүхэлд нь өөрийн харъяат улс болгож чадав. Өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн Саритай жанжин 1232 оны гуравдугаар сард өмнө нь эзлэн авсан 40 гаруй хот, мөн бусад чухал хотуудад суух 72 захирагчыг томилоод цэргээ авч  Солонгосын нутгаас гарчээ.
   1232 оны 7-р сард Солонгосын ван урваж, монголын захиран суусан 72 захирагчийг хороож, Кавандуд зугтаасан тул Өгөдэй хаан хоёрдахь удаагаа Солонгосыг дайлжээ. Монголын их цэргийг Саритай жанжин захиран довтлов. Саритай жанжин энэ аян дайны үеэр мэсэнд өртөж бие баржээ. (мөн нэгэн хувраг нууцаар хорлосон гэлцдэг ).
Ш. Насанбатын “ Монголчуудын түүхэнд алдаршсан 33 цуут жанжин” номоос ихэнх агуулгыг сийрүүлж, зарим хэсгийг бусад ном дэвтэр сүлжээнээс ашиглан найруулав .

 

 

 



 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100