CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн Монгол наадам боллоо

10-19-2015 11:21

 

   Тэртээ 1981 онд анх зохион байгуулагдаж байсан Бээжингийн Монгол наадам энэ сарын 17-ны өдөр ёслол төгөлдөр тэгш дүүрэн сайхан боллоо. Төвийн үндэстний их сургуулийн спортын талбайд болсон тус наадам хүүхэд багачуудын хөхүүн дуу, хөгжим, бүжиг морин хуурын их эгшиг дор нээлтээ хийж, газар газраас ирсэн Монголчууд хүчит бөхийн барилдаан сонирхож, сурын уухай дор сайхан наадав. Мөн сагс, хөлбөмбөг гэхчилэн багийн спортын тэмцээн уралдаан болж, Монгол хувцас загварын тоглолт болсон.

  


   Наадмын нээлтийн үеэр алдарт хуурч Ч.Булаг гуайн “Түмэн агтын төвөргөөн” Бээжин хотод ажиллаж, амьдарч сурч буй Өвөр Монгол, Торгууд, дээд Монгол, Халх Монголчуудын сэтгэлийн хөгийг хөглөсөн юм.

    Бээжингийн Монгол наадмыг анх 1977 оны Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэл утга зохиолын ангийн оюутнууд санаачилж, Төвийн Үндэстний их сургууль, Үндэстний хэвлэлийн хороо, Үндэстний хөгжим бүжгийн бүлгэм, Үндэстний хэвлэлийн үйлдвэр, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний судлах төв, Бээжингийн их сургууль зэрэг байгууллага Монгол үндэстнүүд хамтран 1981 оны 5-р  сарын 17-ны өдөр Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн спортын талбайд зохион байгуулж байжээ. Эдүгээ 35 дахь  жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам монгол ёс, соёлоо уламжлан хөгжүүлэхийг үндсэн зорилгоо болгосон байдаг. Мөн Бээжин дэхи зуун мянга гаруй Монгол үндэстнүүдийн соёлын амьдрал төдийгүй Хятад улсын бусад олон хотод аж төрж буй Монгол үндэстнүүдэд үлгэр дууриал үзүүлж байдаг онцлог наадам билээ.  
   Бээжингийн Монгол наадмаас хийсэн фото сурвалжлагыг танд хүргэж байна.     

 

Төв телевизийн Монгол сайтын сурвалжлагч Өвартал, Царс зураглан мэдээлэв.

 

 

 

 

Editor:Н.Царс | Fuente:
mn.cntv.cn
Видео мэдээ