Эрдэмт, эмч Ишбалжирын намтар цадиг
10-12-2015 15:06
Ишбалжир ( 1704-1788 ) 18-р зууны үед Монгол Түвд оронд нэрд гарсан дээд монголын номч эрдэмтэн юм. Тэрээр монгол анагаах ухааны гарамгай эрдэмтэн байсан төдийгүй монгол түвдийн түүх, шашны ухаан, уран зохиол, одон орон судлал, гүн ухааны талаар маш их хичээл зүтгэлтэй ажилласан нэрт түүхч, зохиолч хүн юм.
Тэрээр 1704 он буюу арван хоёрдугаар жарны хөх бичин жилийн билгийн улирлын 8-р сарын 15-ны луу цагт Хөх Нуурын Толь гацаанд төржээ. ( Хятад улс. Хөхнуур муж ). Түүнийг дөрвөн настайд нь 1707 онд Сүмбэ шавран
Лувсандамбийжалцаны хувилгаанаар тодруулсан байдаг байна. Тэрээр 1709 он хүртэл өөрийн эцэг болон сүмийн монгол лам цоохор гэлэнгээр түвд хэл бичиг заалгажээ. Ингээд түүнийг 9 настай байхад нь Хөх нуурын Гонглон хийдэд залсан байдаг. / БНХАУ Хөх-нуур мужийн Хүжүгийн монгол үндэстний өөртөө засах сяний нутагт байдаг Ю Нин-сы хийд/
1723 онд Түвдийн Брайбон хийдэд очиж 5 жил суралцсан бөгөөд 5-р дүрийн Банчин богд Ломсан-Ешээс гэслийн сахил авч, буддын шашны гүн ухаан болон бусад эрдэм ухааныг сурч судалжээ. Ишбалжир эрдэм номын мөрд хичээн шамдаж суралцсанаар, буддын шашны их бага таван ухаан, санскирт түвд монгол хэлэнд мэргэшиж, "Эрдэнэ бандида Сүмбэ хамба" цол хүртжээ. Тэрээр Түвдэд гэвш зурхай, эмч хэмээн алдаршлаа. Ингээд Сүмбэ хамба 1731 онд нутгийн зүг жолоо эвхэж, Хөх нуур, Гонглон хийддээ суурьшин суужээ. Гэвч төд удалгүй 1737 онд Манжийн хаан тэнгэр тэтгэгчийн зарлигаар Бээжинд дуудагдан, хаанд бараалхсан байна. Улмаар Бээжинд хоёр жил гаруй хугацаанд түвд ном судар дармалдан хэвлэх ажлыг хянах албыг хашжээ. Мөн энэ хугацаанд Найралт найрамдах сүмд сууж, Жанаг хамба цолоор өргөмжлөгджээ. Гэвч төд удалгүй Гонглон хийддээ буцаж, энэхүү хийддээ 32 жил Хамба ламаар суусан гэдэг.
Тэрээр 1752 онд Тавдугаар далай лам Агваанлувсанжамцын хувийн эмч Пүмбэчед шавь орсон гэдэг. Ингэснээр анагаах ухааны онол болон өвс, ургамал эмийг таних гарын авлагыг заалгаж, онол дадлагыг уялдуулан суралцаж анагаах ухаанд мэргэшин нэр алдар нь газар сайгүй цуурайтсан юм. Мөн энэ хугацаанд Утайд аялаж, ном авшиг соёрхох, ном туурвих, Хөх-хотын Устын зуу, Долон-нуур, Их-зуугийн чуулган, Алша, Ордос газруудаар явж, хурал ном, эмчилгээний ажил хийж байжээ.
1774 онд Зургадугаар дүрийн Банчин эрдэнэ Лувсанбалдантай анагаах ухаан, одон орны судлал, гадаад дотоод ухаанаар ном хаялцаж,олноо гайхагдсан аж. Ижбалжир 1777 онд өөрийн нэг насны бүтээл болох “Дуун баригчийн тэжээл” хэмээх зохиолоо бичив. Тэрээр 82 настайдаа “ Эм заслыг машид товчлон хураангуйлсан рашааны хурим ” гэх зохиолоо туурвижээ. Улмаар 1786 онд Ишбалжирын бүрэн зохиол нь бүгд хэвлэгдсэний их найр болж, монгол түвд зэрэг орны олон эрдэмтэн мэргэд Ишбалжирын ордонд хуран цугларч, магтаал ерөөл хайрлажээ.
Ишбалжир нь төрөлхийн цэцэн цэлмэг, сэргэлэн, авъяас билгээрээ олон түмэндээ гайхагдаж байсны дээр бага залуу насандаа Түвдийн бурхан шашны таван ухаан хөгжсөн сүм хийдэд шавилан суусан нь түүнийг эрдэм номд тэгш дүүрэн хүн болохын эхийг тавьсан гэлцдэг. Тухайн үед Түвдэд шарын шашин ихээхэн хөгжин мандаж байсан нь ч түүний эрдэм боловсролд нөлөөлсөн гэдэг. Тэрээр Энэтхэг, Түвдийн эртний анагаах ухаанд нэвтэрсэн бөгөөд үүний үр дүнд монгол оронд үргэлж шахуу дэгддэг өвчнийг эдгээх, эмнэх баялаг туршлага хуримтлуулж " Рашааны ундрал", "Рашааны цагаан шүүдэр", " Рашааны дусал", "Рашааны хурим", "Эмийн нэрс ба эмт бодисыг таних болор толь" зэрэг зохиожээ. Эдгээр ном зохиолууд нь Энэтхэг, Түвдийн анагаах ухааны онолыг Монголын эртний уламжлалт эм эмнэлэгтэй жишин нийцүүлж, Монгол орны байгаль, Монгол үндэстний бие махбодь, аж амьдралын онцлогт тохируулж чадсанаараа ихээхэн онцлогтой. Мөн тэрээр эдгээр номондоо Монгол анагаах ухааныг онолжуулан системчилжээ Тухайлбал Монгол оронд хүйтэн сэрүүнээс үүдэлтэй өвчин үлэмж дэлгэрдэг тул монголын эртний уламжлалт эм эмнэлэг нь хүйтэн чанартай өвчнийг анагаах талаар баялаг туршлагыг хуримтуулсан байдаг байна. Тэгвэл Ишбалжир энэхүү туршлагыг тулгуурлан монголын эртний уламжлалт эм эмнэлгийн хүйтний онолыг “Дөрвөн үндэс” дахь халуун өвчнийг анагаах онолтой уялдуулан бичсэн “Дөрвөн рашаан ” хэмээх зохиолдоо” Шороо мэт хүнд хүйтэн өвчин” гэж тусгай бүлгээр өгүүлж, хүйтэн халууны онолыг нийцүүлэн гаргажээ. Тэрээр бас “Рашааны ундрал ” даа “Гурван гэмийн дээр цус, шар ус, хорхой оролцоод үндсэн зургаан өвчин гэгч болмуй ” гэж үндсэн онолыг тодорхой дурдан гаргасан аж.
Сүүлд зохиосон “ Рашааны дусал ”, “ Рашааны хурим ” бүтээлдээ үндсэн зургаан өвчнийг анагаах тухай тусгай сэдвээр өгүүлж, онол үйлчилгээг нь системжүүлэн хөгжүүлсэн юм. Тэрээр эмчилгээний талаар “Тархи домнох ёсон”, “ Бэртэнг засах ”, “ Үе мултарсаныг оруулах ” зэрэг монголын эртний уламжлалт эмчилгээнүүдийг эмхтгэсэн байна. Мөн “Тарваганы хижгийг анагаах ” гэсэн тусгай бүлэгт түүний шалтгаан, нөхцөл, шинж, хор хөнөөл, халдварлах зам, сэргийлэх, эмчлэх аргыг тодорхой өгүүлсэн байдаг юм.. Ишбалжир нь орчин үеийн монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний бүтээл, нээлт урсгалын гол төлөөлөгч юм.
Ишбалжир далан нэгэн зохиол бүтээлийг Түвд хэлээр туурвиж, найман боть эмхтгэжээ.
Ишбалжирийн хөрөг
Ишбалжирт зориулан бүтээсэн чулуун хөшөө
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn