Дундад улсаас тээсэн бодол
09-24-2015 10:52
Э.Эрдэнэцэцэг. Кино урлагийн дээд сургуулийг 2012 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд сэтгүүлчээр ажиллаж байсан.
Дундад улсаас тээсэн бодол
Уулсын цаанаас наран мандахтай зэрэгцэн би уг нь ажилдаа явдагсан. Харин өдгөө өндөр барилгын завсраар л цухуйхыг нь хүлээн зогсоно. Жаахан ч атугай барааг нь харчихад л Монголдоо гэрлийн хурдаар очоод ирсэн мэт санагдана. Эх оронд минь ч гэсэн энэ нар мандаж буй. Энэ л бодол эх нутаг, уул, ус, элгэн садан, гэр бүлээ санасан сэтгэлийг маань дэвтээнэ. Харин бүрхэг өдөр цаанаа л нэг уйтай. Тэнгэр бид хоёр ярилцсан мэт үе үе нулимс дуслуулна.
БНХАУ-ын нийслэл Бээжинд ирээд яг 24 хонов. Энд манайхаас эрт нар мандаж, түүн шигээ эрт жаргана. Үүнтэй холбоотой ч юм уу, эсвэл тэд угийн эртэч хүмүүс үү, үүр цүүрээр л амьдрал “буцална”. БНХАУ-д 2015 онд нийт 151, үүнээс Бээжингийн багшийн их сургуульд 56 монгол оюутан тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сурахаар болсны нэг нь би. 1.3 тэрбум хүнтэй улсад бид ердөө цэг төдий ч Монгол улс маань том гэх бодол сэтгэл дүүргэнэ. Таван жилийн хугацаанд энэ тэтгэлгээр тус улсад нийт 1000 оюутан сурах юм. Хөрш орныхоо, тэр тусмаа долоон хүн тутмын нэг нь ярьж байгаа хэлийг энэ цаг үед сурна гэдэг юу юунаас чухал.
Түүхийн хуудаснаа эхтэйгээр монгол, хятад хүний харилцаа төдийлэн сайн байсангүй. Бид муу бүхний жишээгээр тэднийг цоллодог. Гэтэл бидэнд тэднээс суралцах зүйл ямар их байгааг энд ирээд харлаа. Манайхан тэтгэвэрт гараад л хүний тооноос өөрийгөө хасаж, буцах цагаа ёс мэт хүлээдэг бол энд эсрэгээрээ. Хэдий нас дээр гарсан ч гэлээ амьдрахын төлөөх чин эрмэлзлэл тэдний үйл хөдлөл, нүднээс нь илт. Тэд нэг өдөр ч атугай амьдрахын төлөө тэмүүлнэ. Нас нь хэдийнэ 80 дөхсөн эмээ, өвөө нар хээв нэг дасгал хийн, бүжиглэж байх жишээтэй. Оюутнууд нь номын санг суух суудалгүй болтол нь хичээлээ хийнэ. Ийм улс хөгжихгүй, урагшлахгүй, үржихгүй байхын аргагүй мэт. Гэтэл гуравхан сая хүн амтай бид юу хийж байна вэ. Улс орны ирээдүйг өнгөрсөн, одоо цаг нь тодорхойлдог гэдэг. Тэгвэл ирээдүйг тодорхойлох өнөөдрөө бид эргэж хармаар санагдсан.
Найзууд маань намайг үдэхдээ тоглоом шоглоомоор “Хятад хүнтэй сууж болохгүй” гэж “Муухай хятад хүн” хэмээх ном өгсөн юм. Энэ номын зохиолч хятад хүний увайгүй занг илэн далангүй шүүмжилснээрээ алдартай. Хачирхалтай нь энэ номонд өгүүлсэн хятад хүний зан монголчуудын дунд ч амь бөхтэй оршсоор байна. Үг, үйлдэл нь зөрдөг, хэлсэн амандаа хүрдэггүй, ойворгон, сагсуу гэх мэт.
Монголчууд бид цөөхүүлээ. Тэгсэн хэрнээ эв нэгдэлгүй, нэгнээ гэсэн сэтгэлгүй. Хичээлээ ойлгохгүй Пакистан охинд нутаг нэгтнүүд нь хоёр өдөр давтлага өгсөн гэх. Харин манайхан дунд монголчуудтайгаа харьцахгүй гэж зугтах нэгэн байх. Ирснийхээ дараахан Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд гадаад паспортоо сунгуулахаар очив. Эх нутгаа санасан би гэртээ очиж байгаа мэт догдолсон. Хэрэг зоригоо бүтээсэн ч гэлээ сэтгэл гундуухан буцсан. Хаа газрын Элчин сайдын яамныхан хүү нь аав, ээжтэйгээ уулзсан, эх орондоо ирсэн мэт сэтгэгдэл төртөл үйлчлэх ёстой санагдсан.
Хэдий нутгаа санаж байгаа ч гэлээ надад болон бидэнд шантрах, эргэж буцах эрх байхгүй. Бидэнд итгэж, үнэлсэн эх орныхоо өмнө хариуцлага хүлээх ёстой. Ирээдүйд энд сурахаар ирэх олон олон оюутныг хэрхэн хүлээн авах нь бидний сурлага, хичээл зүтгэлээс шалтгаална. Иймдээ ч би эх орноо санасан сэтгэлээ өндөр барилгын завсраар тусах нарнаар тайтгаруулж сууна.
Гэрэл зургийг Бүрэнбаяр авав.
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn