Хамгийн том даваа урд минь байна
09-23-2015 11:00
Бээжингийн багшийн их сургуулийн оюутан Т. Амаржаргалтай ярилцав.
-БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах энэ боломж хэрхэн олдсон бэ?
-Миний хувьд Монгол улсын их сургуулийг 2011 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Улмаар Монголын үндэсний олон нийтийн радиод сурвалжлагчаар ажиллаж байгаад энэ жилээс Бээжингийн багшийн их сургуульд элсэн суралцаж байна. Одоо бодоход тэтгэлэгт тэнцсэн маань их дурсамжтай санагдаж байна. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсаныг манай найз энэ оны гуравдугаар сард надад хэлсэн. Тэгээд хоёулаа бичиг баримтаа бүрдүүлээд, бүртгүүлсэн боловч хэн хэнд нь хариу ирээгүй. Тэр тэтгэлэгт тэнцээгүй байсан юм билээ. Тухайн үедээ сэтгэлээр унаад, Хятадад сурч чадахгүй нь дээ гэж бодоод явтал азаар дахиад тэтгэлэг зарлагдсан. Энэ бол бидний хувьд алдаж болохгүй боломж байсан. Тэгээд эхний шалгаруулалтад тэнцэж, ярилцлаганд орсон. Яагаад Хятадад суралцах хүсэлтэй байгаагаа, мөн ирээдүйн зорилгоо маш тодорхой ярьсан. Ингээд хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сард баяртай мэдээ хүлээн авч, Монгол Улс дахь БНХАУ-ын элчин сайдын яамаар дамжуулан Хятад руу бичиг баримтаа бүрдүүлж явуулсан. Энэ дашрамд, залуусдаа хэрвээ тэтгэлэг хөөцөлдөж байгаа бол битгий шантраарай гэж хэлмээр байна. Эхний удаа тэнцээгүй, бүтээгүй байж болох ч хэрэв чи хичээвэл боломж үргэлж чиний өмнө нээлттэй байгаа шүү.
-Бээжингийн багшийн их сургууль хэмээх энэ нэр хүндтэй сургуульд суралцах болсоноо яаж мэдсэн бэ?
-Хятад руу бичиг баримтаа явуулчихаад хүлээгээд л байлаа. Ямар ч хариу байдаггүй, таг чиг. Яасан юм болоо гэх айдастай бараг хоёр сар гаруй хүлээсэн. Энэ хугацаанд өдөр хоног маш удаан өнгөрсөн. Бараг л хоног тоолон хүлээсэн дээ /инээв/. Наймдугаар сарын 12-нд тэтгэлэгт урилга ирж, БСШУЯ, Монгол Улсын дахь БНХАУ-ын Элчин сайдын яамныхан албан ёсоор гардуулсан. Тэр үед л Бээжингийн багшийн их сургуульд суралцахаар болсноо мэдсэн. Манай сургуулийн хувьд 100 гаруй жилийн түүхтэй, БНХАУ-ын ууган их сургуулиудын нэг. Хорин мянган оюутантай. Дэлхийн 100-гаад орны 2000 мянга шахам оюутан энд бас суралцаж байна. Мөн манай сургууль чансаагаараа улсдаа тэргүүлдэг. Ялангуяа боловсролын чиглэлээр чансаагаараа нэгдүгээрт ордог. Энэ том хотын, ийм нэр хүндтэй сургуульд суралцах болсондоо баяртай байгаа.
-Чи БНХАУ-ын Засгийн газрын Тусгай тэтгэлэгээр суралцаж байна. Тэтгэлэг горилох хүсэлтэй залууст мэдээлэл өгөхгүй юү?
-БНХАУ-ын Засгийн газрын Тусгай тэтгэлэг бол маш том боломж. Тэтгэлгийн хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн таван жилийн хугацаанд 1000 монгол оюутан БНХАУ-д суралцана. Энэ тэтгэлэг жил бүр БНХАУ-ын Засгийн газрын үндсэн тэтгэлгийн дараа зарлагдах байх. Тийм ч учраас тэтгэлэг авах хүсэлтэй залуус хоёрдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын эхэн хүртэл Монгол Улсын БСШУЯ-ны цахим хуудсан дахь мэдээллийг тухай бүрт нь үзэж байх хэрэгтэй. Ер нь Боловсролын яамны цахим хуудсанд маш олон төрлийн тэтгэлгийн мэдээлэл гардаг.
-1000 монгол оюутны түрүүч нь БНХАУ-д суралцаад эхэллээ. Энэ тэтгэлгээр суралцаж байгаа болон цаашид сурахаар ирэх оюутнуудад хандаж юу гэж захимаар байна вэ?
-БНХАУ хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Үйлдвэрлэгч, бүтээгч улс орон гэж зүй ёсоор үнэлэгддэг. Дэлхийн таван хүн тутмын нэг нь хятад хэлээр ярьж байна. Тийм учраас энэ улсаас суралцах зүйл бидэнд их бий. Энд сурсан мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлж, иргэн хүнийхээ хувьд хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн Хятадад суралцсанаар дэлхийн олон орны оюутантай мөр зэрэгцэн сурч, амьдарна. Тиймээс эх орноо сурталчлах, үндэсний өв соёлоо гадаад оюутнуудад танилцуулах гэх мэт үүрэг бас бидэнд бий. Миний хувьд эх орныхоо төрийн далбаа, газрын зураг, үндэсний хувцас зэрэг зүйлсийг авчирсан.
-Чи ямар мэргэжлээр суралцах вэ. Ер нь тусгай тэтгэлэгт мэргэжлийн чиглэлийг хэрхэн тусгасан байна вэ?
-БНХАУ-д медиа урлаг маш хурдацтай хөгжиж байна. Ялангуяа кино урлагаараа дэлхийд тэргүүлэх болсон. Тиймээс миний хувьд хүсэл сонирхлоо дагаж, мөн мэргэжилтэйгээ уялдуулаад кино драмм, телевизийн урлаг гэсэн чиглэлээр магистрантурт суралцана. Гэхдээ энэ хичээлийн жилд би хэлний бэлтгэлдээ сурч, ирэх хавар нэг том шалгуур давах ёстой. Энэ нь HSK 5 шалгалт өгч, 195-аас дээш оноо авах юм. Ингэж байж магистрантурт сурах эрх үүснэ. Хэлний бэлтгэлд сурч байгаа бүх оюутан тэр шалгуурыг давж байж үргэлжлүүлэн сурна. Тиймээс бидний хувьд хичээх л үлдэж байна. Ерөнхийдөө энэ жилийн тусгай тэтгэлгээр магистрантурт боловсрол судлал, урлаг судлал, барилга, газрын тос, уул уурхайн чиглэлээр голдуу сургаж байгаа.
-БНХАУ-ын Засгийн газар тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудад санхүүгийн ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-БНХАУ-ын Засгийн газраас бүрэн тэтгэлэг олгож байгаа. Энд сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, байрны зардал, амьжиргааны тэтгэлэг орно. Энэ бол бидний хувьд маш том дэмжлэг. Бакалаврын оюутнуудад сар бүр 2500, магистрынханд 3000, докторынхонд 3500 юанийн амьжиргааны тэтгэлэг өгч байгаа.
-Хичээл хийх нөхцөл боломж хэр бүрдсэн бэ. Дотуур байр чинь таалагдаж байна уу?
-Дотуур байр таалагдаж байгаа. Өрөөндөө хоёулаа байдаг. Телевизор, номын тавиур, хөргөгч, ор, ширээ сандал гээд бүгд бий. Ном, сурах бичиг ч хангалттай байна. Мөн биеийн тамирын талбай, фитнесс, оюутны хотхон, цэцэрлэгжүүлэлт гээд бүх зүйл нь таалагдаж байгаа. Номын сангийн барилга нь маш том, бас нам гүм. Бараг ялаа нисэх чимээ ч сонсогдмоор. Сурах бүх нөхцөл бололцоо бүрдсэн. Тийм болохоор сайн сурах л хэрэгтэй. Энэ бүхнийг хараад Монголд минь ийм сайхан орчин нөхцөлтэй оюутны хотхон байдаг ч болоосой гэсэн цагаахан атаархал төрсөн. Мөн номын санд хятад оюутнууд маш хичээнгүй хичээлээ давтаж байгаа харагддаг. Яг л тэдэн шиг л уйгагүй хичээлээ хийнэ дээ /инээв/.
Д. Чинзориг
Гэрэл зургийг Бүрэнбаяр авав.
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn