CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

АНХНЫ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ “РОЙЛЛС-РОЙС”-ЫН ТҮҮХ

08-21-2015 19:23

 “Rolls-Royce” бол дэлхийн автомашины түүхийн амьд домог юм. Удаан жилийн автомашины үйлдвэрлэлийн түүхэнд энэ маркийн машины 20 гаруйхан загварыг үйлдвэрлэсэн нь бусад автомашины алдартай брэндүүд шинэ шинэ загварууд эрчимтэй хөгжиж байгаагаас гайхмаар ялгардаг юм. Түүнээс гадна “Rolls-Royce” чанарыг үгүйсгэн тооны хойноос хэзээ ч хөөцөлддөггүй. Хэв загвар нь юуны өмнө нэр төртэй нь уламжлагдан холбогдож ирсэн компани өнөөдрийг хүртэл загвар болгоноо төгс хийхийг хичээж иржээ. “Rolls-Royce” цөөхөн загвар үйлдвэрлэн гаргаж байгаа нь загвар болгон нь тухайн үеийнхээ домог болж урт хугацааны турш амжилттай зарагдсаар ирсэнд оршино. ХХ зуунд Британийн энэ автомашиныг алдартай бизнесмен, улс төрчид, дэлхийн шоу-бизнесийн одод унадаг байсан.


Энэ бүхэн хэрхэн эхлэв?

 
Бидний мэдэх өнөөдрийн “Rolls-Royce” брэнд, өөрийн үндэслэгчдийн асар их нөлөөн дор бүтээгджээ. Үнэхээр компанийн үйл ажиллагааны бүх үе шатыг Чарльз Стюард Роллс ба Фредерик Хэнри Ройс нар тавьсан юм. Тэд өөрсдийн бизнесийг эхлүүлэхдээ тохиолддог шиг бага насандаа найзууд ч байсангүй. Тэр ч бүү хэл тэд нийгмийн, арай ч эсрэг тэсрэг гэж хэлэхээргүй шал өөр давхрагын төлөөлөгчид ажээ. Тэдний эв нэгдэл ХХ зууны хамгийн тансаг автомашиныг амилуулсан байна. Фредерик Ройс 1863 оны 3-р сарын 27-нд төржээ. Тэр бага балчир насандаа ирээдүйд нэр хүндтэй баян хүн болно гэж мөрөөдөх сөхөөгүй өссөн. Тэрээр Линкольншир гүнлэгийн Алватор хотод төржээ. Түүний эцэг гурилын тээрэмчин байсан ч тун удалгүй үгүйрэн хоосорсон байна. Ядуу зүдүүгийн хар гайгаар Фредерик анх ажил олсноосоо хойш юу эсийг хийсэн гэх вэ? залуу Ройс сонин, захиа, цахилгаан тараахаас эхлээд төмөр замд хүртэл янз бүрийн ажил хийж явжээ. Эрт ажил хийж эхэлсэн Фредерикийн сурах мөрөөдлийг нурааж чадсангүй. Түүний ирээдүй бүхэл бүтнээрээ, түүний сурч мэдсэн мэдлэгээс хамаарна гэдгийг тэрээр сайн ойлгож байлаа. Тэгээд Ройс ажлын бус цагаар гадаад хэл, математик, цахилгаан техникийн үндсийг судалж эхлэв. Жаал хүүд яах аргагүй инженерийн өвөрмөц ухаан байлаа. Түүнээс гадна ийм ажил түүнд жинхэнэ сэтгэлийн таашаал өгч байсан гэдэг. Фредерикт урам зориг өгсөн анхны ажил нь, зохиогчийн нэрээр алдаршсан пулемёт хийсэн Хайрем Максимын компанид алба хашсан явдал байв. Ажил нь Ройст таалагдаж байсан ч түүний чин хүсэл нь өөрийн гэсэн компаниа байгуулах байсан тул ирээдүйн компаниа байгуулах гарааны хөрөнгөтэй болохын тулд анхны сараас л мөнгө хуримтлуулж эхэлжээ. Ийм компани ч хорвоод мэндэлсэн юм. Фредерик Манчестерт өөрийн найзтай хамтран “F.H. Royce & Co” нэртэй компаниа байгуулжээ. Ажил хэрэг нь аажмаар эрчээ авч эхлэв. Энэ түүхийн гол чухал агшин нь 1903 онд Ройс анхны автомашиныг худалдаж авсан явдал байлаа. Энэ бол Францын “Decauville” байв. Машин нь аймшгийн муу, техникийн олон асуудалтай байсан нь Фредерикийн уур унтууг хүргэж байлаа. Түүний оюун санаанд байгаа инженер эгдүүцэж байв. Тэгээд тэр өөрийн гэсэн автомашин зохион бүтээхээр тэр муу “Decauville”-ийг хол давсан өөрт бүрэн таалагдах машин хийхээр шийдэв. Фредерикт үнэхээр инженерийн суу билиг байсан юм байлгүй. Яг нэг жилийн дараа өөрийн анхны машиныг хийж үзүүллээ. Тэр машин нь үнэхээр Францын бүх машинаас толгой илүү байсан тул хэвлэлийнхний сайшаан шагшрахыг олонтаа үзэв. Ройсын бүтээл явах эд ангийн онцгой шинж чанар, найдвартай ажиллагааны өндөр зэрэгтэйгээс гадна 395 фунт стерлингээр үнэлэгдсэн нь боломжийн үнэ байв. Мэдээжийн хэрэг энэ нь тухайн үедээ их мөнгө байсан ч хэсэг хугацааны дараа “Rolls-Royce”-ийг худалдан авахад шаардагдах мөнгөний дэргэд бага мөнгө байлаа.

 
“Rolls-Royce”-ийг байгуулсан нь
Чарльз Роллсын хувь тавилан арай өөр байлаа. Тэр баян сурвалжит гэр бүлд төржээ. Чарльз гарал үүслээрээ Валли хүн. Тэр сайн боловсрол эзэмшсэн нь мэдээжийн хэрэг. Тэрээр Итоны болон Кэмбрижийн гээд хоёр дипломтой байлаа. Роллс суралцаж байх үеэсээ л инженерын ажлыг үнэн голоосоо сонирхож эхлэв. Түүний анхны автомашин нь “Peugeot Phaeton” байлаа. Чарльзыг бүр Кембрижд сурч байхад нь авч өгчээ. Лорд Ллангатток богино хугацаанд машинаа гарамгай эзэмшсэн байна. Тэгээд ч зогсохгүй янз бүрийн уралдаан тэмцээнд байнга оролцож дэлхийн хурдны дээд амжилтыг тогтоож байжээ. Ерөнхийдөө залуу хүн автомашинд хязгааргүй дур сонирхолтой байлаа. Тэр сургуулиа төгсөнгүүт, тээврийн хэрэгслийн арилжаа эрхэлсэн компани байгуулж, өөрийн амьдралаа чухам автомашинтай холбохоор шийдсэн нь гайхахаар зүйл биш аж. Түүний “CS Rolls & Co” компани анх 1902 онд байгуулагджээ. Гол үйл ажиллагаа нь автомашины худалдаа байв. Чарльз энэ салбарт тэр үеийн алдартай хүн Клод Жонсонг өөртөө татан ажиллуулж чадлаа. Удалгүй ажил үйлс нь цэцэглэж Роллсын компани Их Британийн автомашины гэрээт борлуулагчийн томоохон компанийн нэг болов. Чарльз Роллс зөвхөн машины худалдаа эрхэлж байсан ч өөрөө машин хийж тухайн салбарт нэр алдраа дуурсгах их мөрөөдлөө орхиж чадахгүй байлаа. “CS Rolls & Co” компани машины үйлдвэрлэлийг бүр эхнээс нь буюу тэгээс эхлэхийг хүсэхгүй байж. Харин ийм жижиг компани болох “F.H Royce & Co” Английн Манчестер хотод байсан юм. 1904 онд Фредерик Ройс, Чарльз Роллс хоёр танилцжээ. Тэд их амархан хэл амаа ололцов. Манчестер руу эргэлзсэн үл итгэсэн сэтгэгдэлтэй ирж байсан Роллс, хамтран ажиллах гэрээ хийчихсэн хотоос буцаж ирлээ. Удалгүй тэдний түншийн ажиллагаагаар төрсөн анхны автомашинууд гарч эхэлсэн. Тэдгээр машинууд нь шүүмжлэгчид ба хэвлэлийнхнээс эерэг сайн үнэлэлт авлаа. Оны эцсээр нэгдсэн “Roll-Royce” компанийн эх суурь тавигдлаа. Эхний автомашинууд нь маш сайн борлогдож байлаа. Ройс инженерийн үзэл бодлын үүднээс үнэхээр гайхамшигтай машинуудыг хийж, харин Роллс түүнийг нь борлуулж чаддаг байлаа. Тэрээр тухай үед худалдах машиныг орон даяар төвөггүйхэн тараачихуйц дистрибьютерын том сүлжээтэй байсан юм. Бас ч зөвхөн Их Британиар хязгаарлах санаа байсангүй. Тун удалгүй “Roll-Royce”-ууд Европт зарагдаж харин 1906 онд Нью-Йоркид “Roll-Royce”-ийг сурталчилж эхлэв. Америк тив Их Британийн зам тээврийн омголон хаадыг урам зориг дүүрэн угтлаа. Энд нэг чухал агшинг, тухайлбал үүсгэн байгуулагчид эрх мэдлээ хэрхэн хуваарилан ажиллаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. “Oracle” компанийг үндэслэгч Ларри Эллисон нэг удаа “Хүн нэг бол бүтээн байгуулагч, нэг бол хүчээ үнэлэгч (бие үнэлэгч) байдаг. Харин аль болох эрт өөрийнхөө хэн болохыг мэдэж, таныг өөр салбарт орлож чадах хамтран зүтгэгчээ олж авах нь чухал” гэж ярьсан нь бий. Энэ тохиолдолд Ройс нь бол бүтээн байгуулагч юм. Тэр маш чанартай автомашин зохион бүтээгч суут инженер. Харин Роллс түүнийг нь зүгээр л худалдаж чаддаг хүн. Тэд бие биенээ нөхөж чаддаг байсан нь компанийн нууцуудын нэг ч юм билүү. АНУ-д очсон нь компанийн хувьд нэн чухал үйл явдал болж амжилтаас гадна Чарльз Роллст шинэ баяр хөөр авчирлаа. Тэр АНУ-т ах дүү Райт нартай танилцан хоромхон зуур нислэгт дурлан сонирхож эхлэв. Авиаци Чарльзийн зүрх сэтгэлийг эзэмджээ. Чарльз маш хурдан нисэх урлагийг эзэмшин Ла-Маншийн хоолой дээгүүр нисч алдар нэрээ дуурсгав. Роллсын сонирхол богино хугацаанд бизнес болон хувирав. Компани нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоо ч гэсэн хийсээр байна. Амжилт олсоор л... Энэ чиглэлийн ажил нь өндөр үнэтэй машины эрэлт хэрэгцээ эрс муудсан дэлхийн II дайны хүнд хэцүү үеийг давж гарах боломжийг “Roll-Royce” компанид олгожээ. Харин 1910 онд компанийг уй гашуу нөмөрлөө. Чарльз Ройс аэропланаар нисч яваад 33 настайдаа осолдож нас барав. “Roll-Royce” бүхэлдээ Фредерик Ройсын өмч болон шилжив. Компанийн бүх асуудал, түүний өмнө тулгарлаа. Энэ үед “Roll-Royce” брэнд спортын талбарт амжилт гарган нэр алдар нь дуурсав. Уралдаан тэмцээн Европын зүрх сэтгэлийг эзэмдэж эхэллээ. “Roll-Royce”-ын машинууд тэр үеийн ач холбогдол бүхий том тэмцээнүүдэд оролцож Гран-При шагналын эзэн болж байлаа. Спортын талбарт олсон амжилтууд нь Фредерик Ройсыг хожим уужим сэтгэлт хөлөг баатар (Рыцарь) болгов. Харин 1933 онд тэр 70 насандаа нас нөгчлөө. Үүсгэн байгуулагчид нь үгүй болсон “Roll-Royce”-ын түүх үргэлжилсээр...


“Roll-Royce” компани юу болов?
Чарльз Ройс, Фредерик Роллс хоёр компаниа дэлхийд алдартай болгож түүний үндсэн зорилт хэв шинжийг тогтоож өгөв. Харин “Roll-Royce”-ын автомашинууд хангалуун хүмүүсийн хэрэглээ, зугаа цэнгэл төдий биш байлаа. Тэд эзэмшигчдийнхээ сонголтыг илэрхийлж, зэрэг зиндааг тодорхойлох эд хөрөнгө болов. Энэ бол сурвалжит язгууртнуудад зориулсан цэвэр англи машин байсан. “Roll-Royce”-ыг бизнес улс төр, шоу-бизнесийн ертөнцийн одууд маш ихээр үнэлсэн юм. Холливуудын одод өөрийн “Roll-Royce”-ийн дэргэд дэгжирхэн зогсож зургаа даруулдаг байлаа. Нэг ёсондоо түүгээрээ үнэ төлбөргүйгээр “Roll-Royce”-ыг бусдадаа сурталчилж өгдөг байсан юм. Хэрэв таны нийгмийн зиндаа түүнд тохирохгүй бол олж авахыг оролдохын ч хэрэггүй. “Roll-Royce”- энэ бүхнээс гадна бас нэг гайхамшигтай шинж чанар бий. Гар угсаргаа. Бүх эд ангиудыг бүрэн төгс хийсэн. “Чанарын стандарт” энэ үг “Roll-Royce”-ын машинуудын тодорхойлолтод яг тохирно. Өнөөдөр “Roll-Royce”-ын ажил үйлс өнгөрсөн үеийнх шиг сайнгүй байна. 1990 оны эцэс бол компанийг худалдах, үргэлжилсэн түүх туульсын эхлэл байсан бөгөөд 2003 гүйцэтгэгдэж дууслаа. Үр дүн компани “BMW”-ийн өмчид шилжив. Ингээд “Roll-Royce”-ын алтан үе эргэлт буцалтгүй бүр мөсөн өнгөрлөө. Борлуулалт ч урьдын адил өндөр биш болж, бүтээгдэхүүн ч нэрд гарахаа болив. Гэвч түүнийг мөхөл нь ирсэн гэж ойлгож болохгүй юм. Үгүй ээ. Түүний алтан үеийн он жилүүд ХХ зууны хамт ард хоцорсон ч ХХI зуун урд нь хүлээж байна.

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100