CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

ЦАГААЧ ЭР ТЭРБУМТАН БОЛСОН ТҮҮХ

08-12-2015 19:17

 Шахид Хан инженерийн мэргэжил эзэмшихээр АНУ-д ирээд тус оронд үлдэж автомашин сэлбэг үйлдвэрлэлийн томоохон компанийг байгуулсан юм. Пaкистанаас ирсэн Шахид Хан хүнд хүчир хөдөлмөр хэрсүү ухааныхаа ачаар автомашины сэлбэг үйлдвэрлэдэг хоосорсон үйлдвэрийн суурин дээр 3.4 тэрбум ам.долларын орлого бүхий аж үйлдвэрийн том цогцолбор байгуулж чаджээ. Тэр саявтархан Америк хөл бөмбөгийн холбооны (NFL) муухан багийг агуу их мөрөөдөлдөө хөтлөгдөн худалдан авчээ.
Хан бид хоёр Иллинойс мужийн Дэнвилл орох хөдөөгийн тоостой замаар явж байлаа. Тэр надад Америкийн аж үйлдвэрийн уналтын талаар ярьж явав. “Энд “Allith-Prouty” үйлдвэр ажиллаж байгаад хаагдсан юм. 1400 гаруй хүн ажилгүй болсон доо” гэж Хан зүүн гар талд өнгөрөх хаалга цонхыг нь хадсан байшинг зааж хэлэв. Хажуугийн гагнуурын үйлдвэрт 300 хүн ажиллаж байсан юм. “тэр ч бас хаагдсан” гэж Шахид Хан мөрөө хавчив. Бас ачих буулгах машины “Hyster” үйлдвэр хаагдаж 7000 хүн ажилгүй болсон.
Биднийг цаашлах тусам эргэн тойрон тоногдсон агуулaхууд бульдозероор турж овоолсон, өнгөрсөн үеийн итгэл найдварууд л үлдэж. Тэнд ч 800 ажлын байр эзгүйдэж, энд ч 1200. Бид аж үйлдвэрийн “алтан үеийн” нуранги дундуур зугаацаж яваа жуулчид шиг санагдав. Хан гунигтайхан инээмсэглэж, толгой сэгсрээд “Бидний эргэн тойронд алдагдаж алга болсон 30 мянган ажлын байр байна” гэв.
62 настай Ханы гадаад төрх их содон хөхөлбөр туяатай тас хар үс, имэрч эргүүлсэн сахал нь нэн сүртэй. Түүний гялалзсан цагаан “Grand Cherokee” жийп хүрээлэн байгаа эвдрэл сүйрэлтэй гайхмаар эрс тэс харагдана. Сүүлийн 40 жилд Дэнвилл болон үйлдвэрийн бусад хотууд хоосорч, Хан л эрчимтэй баяжсан аж. “Flex-N-Gate” бол Хойд Америкт авто сэлбэг үйлдвэрлэдэг томоохон компаниудын нэг юм. Түүний цор ганц эзэн ерөнхий захирал болох Шахид Хан бүх юмыг тэгээс эхэлж, эмхлэн босгосон юм. Одоо “Flex-N-Gate” дэлхий даяар тархсан 52 үйлдвэр, 13 мянган ажилчин албан хаагчтай. 2011 онд түүний худалдааны эргэлт 3.4 тэрбум ам.долларт хүрч, алдарт “Форбэс” сэтгүүл Ханы хөрөнгийг 2.5 тэрбум гэж тогтоон баян Америкчуудын 179-рт байранд оруулж байжээ.
Ямар ч байсан энэ бол асар их амжилт, Пакистан гаралтай гэр бүлийн хувьд ердөө гайхамшиг. Ханы хувь тавилан бол сүүлийн 150 жил дэлхийн бүх хүмүүст урам зориг өгч байгаа “Америк мөрөөдлийн” хэрэгжилтийн нийтлэг жишээ юм. Энэ бол бас авъяаслаг, ажлаа олсон цагаачид нутгийн хүмүүсийн ажлыг булааж байгаа төдийгүй, ажлын байр бий болгож буйн тод жишээ. Хан Америкт анх Иллинойсын их сургуульд инженерийн мэргэжил эзэмшихээр иржээ. Түүнд барилгын бяцхан пүүсийн эзэн эцгийнх нь хэмнэж илүүчилсэн 500 доллар л байлаа. 16 настай Хан нисч ирэхэд нийтийн байр нь нээгдээгүй байсан тул залуучуудын сайн дурын Христийн байгууллагын байранд хоногложээ. Оройн хоол, жижиг өрөө түүний 3 долларыг авчхав. Энэ нь Пакистантай харьцуулахад тэнгэрт хадсан үнэ байлаа.
Гэвч маргааш  өглөө нь босч гал тогоогоор сэлгүүцэж яваад Америкийн гайхамшгийг үзэв. Тэр ганц хоёр цаг сав суулга угаагаад, өчигдрийнхөө зардлыг нөхөж болохыг ойлгов. “Би бүр мангуурч орхисон. Цагийн ажлын хөлс гэж надад 1.2 ам.доллар өгсөн нь Пакистаны хүн амын 99%-ийн авдаг цалингаас их мөнгө шүү дээ. Энд би анх удаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрсэн” гэж Шахид Хан ярьдаг юм.
Хан хичээлдээ шамдан суралцаж 21 нас хүрэхээсээ нэг сарын өмнө их сургуулиа бакалаврын дипломтой төгсөж, сэлбэг үйлдвэрлэдэг “Flex-N-Gate” компанийн техникийн асуудал эрхэлсэн захирал болов. Компани тэр үед машины гупер (буфер)-ын 15 эд ангийг гагнан, үр бүтээл муутай аргаар хийдэг байлаа.

“Энэ тухай хааяа дурсахдаа би тэд ямар чөтгөрөө хийж байсан юм бол гэж өөрөөсөө асуудаг” юм гэж Хан ярьдаг байв. Хан долоон жилийн турш, өөрийн инженерийн дадлага туршлагаа үйлдвэрийн угсралтын явцыг хялбаршуулахад зориулсан санал санаачлагийг хэн ч сонирхдоггүй байлаа. Аливаа зүйлийг үнэхээр өөрчилье гэвэл машин үйлдвэрлэгчидтэй тулж ажиллах хэрэгтэй гэдгийг Хан ойлгосон байна. Тэр ажиллаж эхлээд гайхамшигтай үр дүнд хүрлээ.
Түүний санаачилсан гупер л гэхэд 15 биш ганц хэсгээс хийгдэж, үр дүнд нь пикап машины хойд хэсэг их хөнгөрсөн юм. Энэ нь шатахуун зарцуулалтад нааштай нөлөөлжээ. 1978 онд Хан багахан зээл авч “Bamper Works” нэртэй хувийн үйлдвэрээ нээлээ. Хэрэглэгч түншүүд ч тэр дороо олдов. Женерал Моторс компани Японоос “Isuzu” загварын пикап импортоор оруулдаг бөгөөд тэдгээр машинууд нь жингээрээ шаардлага хангадаггүй байв. Харин Ханы хийсэн гупер аль алинд нь зохилоо.
Гэвч азтай мөч удаан үргэлжилсэнгүй. Ханыг “Flex-N-Gate” компаниас явсны дараа компани түүнийг худалдааны нууцыг хулгайлсан гэж шүүхэд өгчээ. Хан хөрөнгө мөнгөний хомсдлоос болж хамгийн хямд өмгөөлөгч авсан ба төгссөн сургуулийнхаа номын санд сууж, өмгөөлөн хамгаалах чиг шугамаа төлөвлөж байлаа. Хан шүүх ажиллагааг удаа дараа ялсаар 1980 анд Иллинойсын дээд шүүх “Flex-N-Gate”-ийн хоёр дахь давж заалдсан өргөдлийг хэрэгсэхгүй болгожээ. Хан өөрийн ажил олгогчоо худалдаж авлаа. Яг энэ үед Женерал Моторс Ханы бизнесийг сонирхож эхлэв. Сайхан нь гэвэл тэдэнд шинэ гуперын дизайн таалагдаж, хэд хэдэн загварын захиалга өгөхөөр болсон байна. Муу мэдээ нь гэвэл “Flex-N-Gate” хувьд энэ нь хүчрэхээр ажил биш байлаа. Иймд “GM” дээрх ажлыг арай илүү хүчтэй үйлдвэрлэгчид өгөхөөр шийдсэн аж. Харин Хан “Тэд зөв шийдвэр гаргасан. Бидэнд өдөрт 200-аас 40 мянган ширхэг эд анги үйлдвэрлэх хүчин чадал, бизнесийн чадамж байгаагүй юм” гэжээ.
Гэхдээ тэр энэ тохиолдлоос ашиг гаргахыг хичээсэн. Ханы мэдэж байгаагаар Женерал Моторс нь Японы Исузутай ойрын холбоотой бөгөөд АНУ-д бага хэмжээтэй автомашин экспортлохоор завдаж байсан үе юм. Тэр Женерал Моторсыг түүнд туслахыг гуйхад тэд “Май Японд байдаг залуугийн нэр утас! Зүтгээд үз!” гэжээ. Хан Япон оюутныг орчуулагчаар авч аажмаар “ISUZU”-ийн дарга нарын итгэлийг авч эхлэв. Тэр Японы үйлдвэрлэгчид АНУ-ыг хараалсан эгзэгтэй мөчийг сонгож авчээ. Япончуудад бэлтгэн нийлүүлэгчид хэрэгтэй байлаа.
Харин Ханы компани тэдэнтэй хамт хөгжих боломж олов. Удалгүй “Flex-N-Gate” эхлээд “Mazda”-тай хамтарч ажиллав. Дараа нь Хан ариун гэгээн “Toyota”-той холбогдож чадлаа. 1989 он гэхэд түүний компани “Toyota”-д гупер нийлүүлдэг цорын ганц компани болжээ. 2001 онд “Flex-N-Gate” компанийн бүтээгдэхүүний борлуулалт нэр тэрбум ам.доллараас давлаа. Мэдээжийн хэрэг бүх юм алдаагүй тэгш сайхан байсангүй. Хан хожим нь татварын дутуу төлөлтөд 85 сая ам.долларыг төлөв. Өнгөрсөн онд АНУ-ын нутаг дээр зарагдсан пикап автомашины гуравны хоёр нь буюу 12.8 мянган нь “Flex-N-Gate” компанийн үйлдвэрлэсэн эд ангиар иж бүрдүүлсэн байв.
Хан хөрөнгө өсөх тусам “NFL”-ийн багуудын чансааг судалж нэг багтай болох санаа агуулж байв. Хан их сургуульд байхын л регбигийн улаан фен байсан юм. Тэр 2010 онд регбигийн “St. Louis Rams” багийн хувьцааны 60%-ийг худалдаж авсан. Гэвч багийн хувьцааны хяналтын багц болон бусад хувьцааг тэрбумтан Стэн Кромкэд алджээ. Эцэст нь тэр бүрэн эрхээ эдлэн Хантай хэлэлцээ хийн Ханд байсан хувьцааг хоосолж орхив.
Гэсэн ч хувь тавилан түүнс хоёр дахь боломж олгов. “Jacksonville Jaguars” багийн эзэн Уэйн Вивер багаа зарах гэж байгаагаа Ханд мэдэгджээ. Вивер бол “Nine West” гутлын сүлжээ дэлгүүрийг үндэслэгчдийн нэг авьяаслаг бизнесмэн авч Жексонвиллийн асуудалтай орооцолдож залхсан байна. Энэ бол хамгийн сүүлийн 32-р дугаарт бичигддэг баг бөгөөд “ESPN” спортын сувгийн санал асуулгаар “NFL”-ийн хөгжөөн дэмжигчдийн 0.4% нь тус багийг дэмждэг гэж хариулжээ. “NFL”-ийн шинжээч Эндрю Брентын бодлоор “Jacksonville Jaguars” хямралын байдлаас гарахад хол байгаа гэнэ. Харин Хан бүх юм амаргүй, миний амьдрал ч энгийн хялбар байгаагүй гэж үздэг урьдын адил эерэг бодолтой байгаа. “Хүн ямар ч амжилтад хүрч болно. Зөвхөн маш их хөдөлмөрлөж, өөрийн хувь заяаг өөрөө бүтээж залж, чаддаг бас бага зэрэг азтай байх хэрэгтэй” гэсэн үзэл бодолтой явдаг нэгэн аж. Юм бүхэн түүнийхээр болдог. Энэ удаа ч эндүүрээгүй гэж найдах л үлдлээ.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100