CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Зургаар өгүүлэхүй

Монгол улсын үндэсний баяр наадам маргааш эхлэнэ

07-10-2015 16:42

 Монгол улсын үндэсний баяр наадам маргааш эхлэнэ.
 Нар хур тэгширсэн зунаар найраг, эгшиг хосолсон Монгол наадам маргааш эхэлнэ. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шинэлэг байдаг аа гэж тэд ярилцдаг.
Монгол улсын үндэсний их баяр наадам нь олон зууны тэртээгээс уламжлалтай. Дэлхийд ганц дэлгэр энэ наадмыг үзэж сонирхох гэж маш олон жуулчид Монгол улсыг зорьдог.

 

 Монгол хүүхдүүд гурван настайгаасаа морь унаж эхэлдэг бөгөөд тэр цагаасаа эхлэн хурдан морины зоон дээр дэрвэлзэж өсдөг. Тэгвэл Монгол эрийн гурван наадмын хамгийн сонирхолтой энэхүү хурдан морины уралдаанд даага, шүдлэн, хязаалан,соёолон,их нас, азарга гэсэн зургаан насны морьд төрийн түмэн эх болохын төлөө уралдан хурдалдаг юм. Бас баяр наадмын үеэр цэвэр цусны бус эрлийз морьдын уралдаан болдог юм.

  Мөн хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдаж, үзүүр түрүү аварга арслангууд тодордог. Монгол эр хүн бүр бөх болохыг мөрөөддөг ч төрийн наадамд зодоглож есөн хөлт цагаан тугаа тойрно гэдэг нь хэн бүхэнд тохиодог хувь тавилан бас биш юм.

 Монгол түмний эрийн гурван наадмын нэг нь сурын харваа юм. Сур харвах, намнах үйл нь балар эрт цагт, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн гэдэг. Анх хавчаахай нум гэдэг байжээ. Нум сум нь анх зэр зэвсэг ан агнуурын зориулалтаар гарч, эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжсөн түүхтэй юм. Мөн Хүннү гүрний үед монгол цэргийн дотор бөмбөг намнах тэмцээн болдог байжээ. Тус тоглоом нь 40 болон 20 нумын зайтай газар морьтой буюу эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шонг жагсаан босгож, гурван бөөрөнхий сур /бөмбөг/ өлгөж, морины давхиут дунд богино модон сумаар харвадаг горимтой байсан аж. Энэ мэтчилэн нум сумын талаар олон арван баримт байдаг бөгөөд монголчууд ан авд гарамгай байдаг учир нь эрхийн цэц мэргэн нум сумтай холбоотой юм. Ийнхүү анх ангийн зориулалттай үүссэн нум сум нь эцэстээ спортын төрөл болон хөгжжээ. Сур харваа нь дотороо халх, буриад, урианхай, гэсэн гурван  төрөлтэй.

 Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
 Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
 Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
 Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам ийнхүү маргааш эхлэх гэж байна.

Editor:Н.Царс | Fuente:
mongol.cntv.cn
Видео мэдээ