Нүүдэлчдийн хөгжмийн наадам дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх цаг ирнэ
07-10-2015 02:57
ӨМ-ын Хөлөнбуйрын тал нутагт зохиогдсон "Олон улсын нүүдэлчдийн хөгжмийн наадам" амжилттай өндөрлөлөө. Энэхүү наадмыг Хөлөнбуйрын уугуул монгол залуу Лидүн санаачлан зохион байгуулсан билээ. Түүний төрсөн нутгаа гэсэн халуун сэтгэл, үндэсний соёл, ардын хөгжмөө дэлхийд таниулах гэсэн хүсэл нь олны сэтгэлийг хөдөлгөсөн юм. Морин хуур, цоор, дөрвөн утаст хуур, уртын дуу, хөөмий зэрэг монгол үндэстний хөгжмийн зэмсэг, дуу урлаг хэн бүхэнд сэтгэлийн таашаал эдлүүллээ.
"Олон улсын нүүдэлчдийн хөгжмийн наадам"-ыг уламжлал болгон зохиох, Хөлөнбуйр нутагт дэлхийн олон орны сонгодог хөгжмийг хүргэхийн сацуу дэлхий дахинд монгол үндэстний хөгжмийг түгээх асуудал анхаарал татаж байна. Бид дэлхийн олон үндэстнүүдийн соёлыг зэрэг хөгжүүлж, дуу хөгжим, урлаг соёл, аялал жуулчлалыг уялдуулан, Монгол, Хэжэ, Эвэнк, Орчоон зэрэг Хятадын олон үндэстэн болон Монгол улс, Тажикстан, Казахстан, Киргиз, Орос, Иран зэрэг Зүүн Хойд Ази, Төв Ази, Ойрх Дорнодын бүс болон Европ Америкийн нүүдэл соёлоо хадгалсан үндэстнүүдийн сонгодог хөгжмийн бүтээлийг уламжлан хөгжүүлэх ёстой. Мөн цаашид хөгжмийн наадам эхлэхээс өмнө, өндөрлөснөөс хойш хэвлэл мэдээллээр, олон өнцгөөс, бүрэн хэмжээнд мэдээлж сурталчлах хэрэгтэй. Хөгжмийн наадам зохиохын зэрэгцээ үндэстний онцлогийг харуулсан олон сайхан дуу хөгжмийг шалгаруулан, морин хуур, цоор, уртын дуу, хөөмий зэрэг олон урлагийн хэлбэрийг дэлхий нийтийн сонорт хүргэх нь чухал. Эдгээрийг хийж чадвал, мөн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээл түрүүлж чадвал хөгжмийн наадмын зорилт биеллээ оллоо хэмээн ойлгож болно.
Хөлөнбуйрын олон улсын нүүдэлчдийн хөгжмийн наадам өндөрлөсөн ч энэ удаагаар дуусгавар болно гэж ойлгож болохгүй. Энэ жилийн хөгжмийн наадам дараа дараагийн наадмын эхлэл юм. Бид нүүдэлчдийн хөгжмийн наадмыг олон жил зохиож, Хөлөнбуйр нутаг, нүүдэлчдийн урлаг соёлыг дэлхийд таниулах болно. /Хятадын залуу зохиолч Жан И-И Хөлөнбуйрын Нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадмыг үзэж сонирхсон сэтгэгдлээ бичсэнийг Н.Пүрэвжав орчуулав