ШИМБОРСКА УНШЛАГА БУЮУ P&P
07-09-2015 23:11
Энэ өглөө Польшийн бүсгүй яруу найрагч Вислава Шимборска (1923-2012) –г уншлаа. Шүлэг уран бүтээлийг нь гэхээсээ илүү түүний фото зургуудаас харцыг нь, инээмсэглэлийг нь уншиж, амьдралын түүхийг нь хуучлав, заншил ёсоороо.
P1 буюу “фото”
Уудам орон зайтай, цаанаа л нэг тийм сайхан санагдана, түүний гэрэл зургууд. “Тэд” надад хэлсэн юм, эмэгтэй хүн үхэн үхтлээ эмэгтэй чигээрээ л байдаг гэж. Амьдралынхаа хамгийн сүүлчийн гэрэл зурагт ч тэр үлдээжээ, хачин их эмэгтэйлэг харц, дулаан намуухан инээмсэглэлээ. Би дурлаж байна, гартаа тамхитай зургуудад нь. Хамтдаа тамхи асааж, хорвоогийн элдэв сониныг хамж шимэн хөөрөлдөх шиг, компьютерийнхээ өмнө сууна. Сайхаан, сайхан. Би бүр догдлохдоо, галын өрөөнөөсөө ам хөдөлгөх юм олоод компьютерийнхээ өмнө буцаж ирэхдээ ч, түүний тамхины утааг уушгилсаар л байв, сэтгэл дотроо. Тамхи бол муу зуршил, надаас зөвхөн сайныг минь сороорой охин минь гэж баахан зэмлэх шиг, түүний харц. Зургийнх нь доор нэгэн өгүүлбэр бичээстэй байх, тамхи түүнийг хөнөөжээ, наян найман насанд нь гэж. Гэвч, тэнгэрийн мөнгөн заадаст зорчих цаг минь болсон болоод л тэр шүү дээ гэж машид эелдгээр инээмсэглэв, эцэст нь цэл залуухан Шимборска.
Р2 буюу “шүлэг”
Түүний шүлгийг уншихаасаа өмнө Баабарын бичсэн Польшийн уран зохиолын тухай жижигхэн нийтлэлийг багахан уншлаа. Хуучин нийгмийн үед Польшд сурч байсан тэрээр 2009 онд Шимборскатай биеэр уулзаж байсан тухайгаа дурсан бичжээ. Шимборска 1957 онд бичсэн “Calling Out to Yeti” буюу “Алмааст бичсэн захидал” бүтээлээрээ 1996 онд Нобелийн шагнал авсан бөгөөд түүний шүлгүүд гэнэн хөөрхөн дүрслэлтэй мөртлөө асар гүн ухаанлаг байдаг нь гайхалтай гэж Баабар уншигчийн хувьд үнэлсэн байна лээ. Одоо шүлгээс нь уншина аа. Польш хэл мэдэхгүй учраас гадарлах хэдэн хэлээ харгуулаад уншъя, бас хуваалцъя гэсэн гэнэн бодол байна, надад.
Гэртээ харьж явна
Тэр гэртээ ирлээ, үг дуугүй
Тааламжгүй зүйл тохиолдсон нь ив илхэн
Хувцсаа тайлалгүй орондоо орлоо
Хөнжлөөрөө толгойгоо бүтээв
Хоёр өвдгөө атируулан хумив
Тэр дөчөөд настай, гэвч энэ мөчид биш
Тэр амьд байсаар авч
Долоон давхар арьсны цаанах
Өөрийг нь хамгаалдаг харанхуй
Эхийнхээ умайд эргээд оршиж буй мэт
Маргааш тэр лекц уншина
Оддын аймаг, сансрын уудам дахь тэнцвэрийн тухай
Харин одоо тэр унтаж байна
Энэ шүлгээс гадна “Товч намтар бичих” , “Гитлерийн анхны фото” , “Би дэндүү ойрхон байна” зэрэг шүлгүүдийг нь бас уншлаа. Сонин содон, жинхэнэ солиотой гоё мэдрэмжтэй эмээ. Монгол хэлээр бүтээлүүд нь их орчуулагдаагүй бололтой. Хэн нэгэн сайн санаат эрхэм хэзээ нэгэн өдөр эх хэлээс нь орчуулж “миний” ард түмний сэтгэлийг цэнгүүлээсэй гэж үнэн голоосоо хүснэ...
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cntv.cn