CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Цай Вэньруй хандивын вакцины талаар Монгол Улсын гол хэвлэлүүдэд ярилцлага өглөө

02-26-2021 14:15


БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх армийн тусламжаар илгээсэн коронавирусын 300 мянган тун вакцин тээвэрлэсэн Монгол Улсын агаарын тээврийн тусгай үүргийн онгоц 2-р сарын 22-ны өдрийн орой Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй Монголын хэвлэл мэдээллийнхэнд БНХАУ-аас Монгол Улсад өгч буй вакцины тусламж, цар тахалтай тэмцэх чиглэлээрх хоёр орны хамтын ажиллагааны тухай танилцууллаа.  

-БНХАУ-аас Монгол Улсад хандивласан коронавирусын вакцин 2-р сарын 22-ны өдрийн шөнө Улаанбаатар хотод ирж, Монголын талд албан ёсоор хүлээлгэн өглөө. Нөхцөл байдлын талаар та танилцуулна уу?   

-Цар тахал дэгдсэнээс хойш хоёр улс энэ өвчинтэй тэмцэхээр хамтран ажиллаж, холбогдох яамд, байгууллага вакцины асуудал болон бусад салбарт нягт харилцаа холбоотой байлаа. Хятад улсын вакцин гаргаж авах судалгаа амжилттай болж хэрэглээнд нэвтрүүлсний дараа тусламжийн вакцин эхний ээлжинд өгөх орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан юм. БНХАУ-аас Монгол Улсад хандивласан коронавирусын вакцин тээвэрлэсэн агаарын тээврийн тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотод саадгүй газардаж, вакциныг амжилттай тээвэрлэн ирсэн. Талууд онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулж, миний бие Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамт уг үйл ажиллагаанд оролцсон. 

-Монгол Улс бол Хятад улсын тусламжийн вакцин хүлээн авч буй орнуудын нэг гэдгийг та сая дурдлаа. Энэ нь Хятадын тал Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг ихээхэн дэмжин тусалж буйг бүрэн илтгэж байна. Цар тахлын эсрэг хоёр улсын өрнүүлсэн хамтын ажиллагаанаас та товч танилцуулна уу?   

-Хятад, Монгол хоёр улс хаяа залгасан найрсаг хөршүүд. Хоёр улсын ард түмэн уламжлалт бат бэх найрамдалтай. Цар тахлын үед хоёр улс харилцан тусалж, нэг нэгнээ дэмжин, үүгээрээ хөрш орнууд хамтран цар тахалтай тэмцсэн түүхэн хуудсыг хамтдаа бичиглэлээ. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг бүрэн дүүрэн харуулж байна.

Цар тахал дэгдсэний дараа Монголын ард түмэн Хятадын цар тахлын эсрэг тэмцлийг идэвхитэй дэмжин, 30 мянган толгой хонь хандивласан нь Хятадын ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Хятад улс лийрийн хариуд тоор барьж, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын туршлага, мэдээллээ шуурхай хуваалцсан төдийгүй, олон удаагийн буцалтгүй тусламжаар Монголын талд дэмжлэг олгосон.    

Хоёр улсын холбогдох яамд, байгууллагууд цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж, эрүүл мэндийн нэгдлийг бий болголоо. Хятад, Монгол хоёр улсын хуурай газрын хил урт хэдий ч бид хил дамнасан халдварын тохиолдолгүй байх зорилтоо амжилттай биелүүлэн хоёр улсын ард түмний эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалсаар байна.  

Талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил үйлдвэрлэлийг сэргээх, цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулахаар хичээн ажилласан. Бид “Ногоон гарц”-ыг шуурхай нээснээр хоёр орны худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдээ тогтвортой үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа ба хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй гэдгийг харуулсан. Хоёр улсын харилцаа цар тахлын сорилтыг давснаар илүү амжилттай хөгжих болно гэдэгт итгэж байна. 

-Өдгөө дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлтийн асуудал маш хүнд байна. Хятад улс Монголд вакцин хандивласныг та юу гэж үзэж байна?

-Хятад улс Ши Жиньпин даргын олон улсад хандан мэдэгдсэн “Хятад улсын COVID-19-ийн эсрэг вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакциныг хүртээмжтэй, үнийн хувьд боломжтой байлгахын төлөө хувь нэмрээ оруулна” гэсэн амлалтаа тууштай хэрэгжүүлж байна. Хятадын судлан гарган авсан коронавирусын вакцин хэрэглээнд нэвтэрмэгц хамгийн түрүүнд хөгжиж буй орнуудад хандивлаж байгаа. Монгол Улс бол Хятадын тусламжийн вакциныг хүлээн авсан эхний орнуудын нэг. Энэхүү вакцин бол Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын нэг, мөн Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бий болгоход оруулж буй бодит хичээл зүтгэлийн илэрхийлэл юм. 

Хятад, Монгол хоёр улс нь цар тахлын эсрэг хамтран тэмцэж, чин сэтгэлээрээ харилцан тусалдаг найрсаг түншүүд. Хятад улсын хандивласан 300 мянган тун вакцин нь Монголын ард түмнийг гэх Хятадын ард түмний нөхөрсөг сэтгэлийг тээж байгаа. Мөн Хятад улс Монголын талын цар тахлын эсрэг тэмцэлд үзүүлж буй бодит дэмжлэг юм.  Таны хэлсэнчлэн, одоо дэлхий нийтэд коронавирусын вакцины үйлдвэрлэл дутмаг, эрэлт, нийлүүлэлт бэрхшээлтэй байна. Хятад улс дотооддоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэлгүй Монгол Улсад 300 мянган тун вакциныг буцалтгүй тусламж болгон илгээж байгаа нь хоёр улс цар тахлын дарамтыг давж чадахуйц нөхөрлөлтэй, жинхэнэ найзууд гэдгийг дахин баталж байна. 

Эдгээр тусламжийн вакцин хоёр улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж цар тахлыг хамтдаа ялахад шинэ эрч хүч өгч байна. Мөн ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн Монголын талын хичээл зүтгэлд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. 

-Хятад улс Монгол Улсаас гадна өөр ямар орнуудад тусламжийн вакцин өгсөн бэ?     

-Вируст хил хязгаар гэж байхгүй. Хүн төрөлхтөн нийтлэг нэг хувь заяатай. Нэгдмэл байж, хамтран ажиллах нь цар тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг ямагт баримталж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд идэвхитэй оролцож, хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс хөгжиж буй 53 оронд вакцины тусламж үзүүлээд байна. Мөн 22 оронд вакцинаа экспортолсон. Хятадын тал ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр вакцин голчлон хөгжиж буй орнууд хэрэглэхэд зориулагдсан. Хятадын тал холбогдох улс орнуудтай үргэлжлүүлэн олон хэлбэрээр хамтран ажиллаж, эрэлт хэрэгцээний дагуу чадах хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлэн, цар тахлыг аль болох даруй ялахын төлөөх үйлсэд илүү их хувь нэмэр оруулах болно.

-Вакцин цар тахалтай тэмцэх чухал зэвсэг болохын хувьд түүний аюулгүй, үр дүнтэй байдал хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар та танилцуулна уу?  

-Хятад улсын Засгийн газар коронавирусын вакцины аюулгүй байдал, үр дүнг ямагт нэгдүгээрт тавьж байгаа. Тиймээс Хятадын вакцин судалгаа, үйлдвэрийн компаниуд шинжлэх ухааны хэв журам, хууль тогтоомж, хяналт шаардлагыг ямагт чандлан мөрдөж, вакцины судалгаа, үйлдвэрлэлээ хуулийн дагуу эрхэлж, олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг явуулж ирсэн.

Та бүхэнд зарим статистикаас дурдвал, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамнаас "Синофарм" группийн биотехнологийн вакцинд хийсэн шинжилгээний дүгнэлтээр, уг вакцин 86%-ийн үр дүнтэй, саармагжуулсан ийлдэсний эсрэг биетийн сероконверийн түвшин 99%, дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100% сэргийлэх үр дүнтэй гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар маш олон улс Хятадын коронавирусын вакциныг ашиглаж байна. Нэгэн дурдууштай зүйл бол Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип  Эрдоган, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Перугийн Ерөнхийлөгч  Франсиско Сагасти зэрэг олон орны төрийн тэргүүн Хятадад үйлдвэрлэсэн коронавирусын вакцин хийлгэсэн. Энэ нь Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнг бүрэн баталгаажуулж байна.

ДЭМБ-ээс Хятадын вакциныг яаралтай нөхцөлд хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олгох шалгалт ид явагдаж байна. Хятадын вакциныг илүү олон улс оронд өргөн хэрэглэж, хүн төрөлхтний цар тахлын эсрэг тэмцэлд илүү том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр